ОХУ-ЫН ХЭВЛЭЛД: Монголчууд шатахуунаа БНХАУ-аас авахаар төлөвлөж байна
Эх сурвалж:ZUV.MN
ОХУ-ын олон хэвлэлд өчигдрөөс Монгол Улс шатахууны зах зээлийн нөхцөл байдал тааруу байгаа учраас ОХУ-аас гадна нэмэлт эх үүсвэр олохоор ажиллаж байгаа талаар бичих болжээ. Мэдээллүүд нь дотроо Монгол Улс БНХАУ-аас нэмэлтээр хэрэгцээгээ хангах асуудлыг авч үзэж байгаа талаар тусгасан байна.
Eadaily.com: Монгол Улс ОХУ-ын шатахууныг орлуулахаар хайж байна
ОХУ-ын шатахууны зах зээл дээрх таагүй нөхцөл байдлын улмаас Монгол Улс нефтийн бүтээгдэхүүн импортлох өөр хувилбаруудыг хайж байна. Хамгийн боломжит хувилбар нь Хятад.
“ОХУ шатахууны нийлүүлэлтээ тасалдалгүй үргэлжлүүлнэ гэж амласан. Гэхдээ Хятадын тал байнгын худалдан авалтын хэлэлцээр хийх санал тавьсан. Ингэснээр тэд хангалттай хэмжээгээр нийлүүлэх боломжтой” гэж Монгол Улсын Аж үйлдвэр, байгалийн нөөцийн сайд Гонгорын Дамдинням мэдэгдлээ гэж Интерфакс Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэв.
Сайдын хэлснээр, ойрын хугацаанд хуралдах Засгийн газрын хуралдаанаар тодорхой алхмуудыг хэлэлцэх гэнэ.
Аsiarussia.ru: Монгол Улс ОХУ-аас автобензин, дизель түлшний 30 хоногийн нөөц бүрдүүлжээ
ОХУ-ын автобензин, дизель түлшийг Монголд нийлүүлэх ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 30 хоногийн нөөцтэй. Энэ талаар Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням “Одоогоор Монгол Улс автобензин, дизелийн түлшний 30 хоногийн нөөцтэй байгаа. ОХУ-аас нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна. Бусад улсаас импортлох гэх мэт аливаа хувилбарт бэлэн байдлыг хангахаар ажиллаж байна. Иймд иргэдийг тайван байхыг хүсч байна” гэж олон нийтэд мэдэгдлээ.