Сургуулийн урсгал засварыг эрт эхлүүлдэг болоход эцэг эхчүүдийн шахалт, шаардлага хэрэгтэй байна

0

Сургууль, цэцэрлэгийн засварт ашигладаг хямд будаг нь маш хортой байдгаас үүдэж хүүхдийн  эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлдөг. Тийм учраас засварын ажлыг аль болох эрт буюу хүүхдүүдийг амраад явсан даруйд эхлүүлэх хэрэгтэй байна гэдгийг мэргэжилтнүүд эртнээс хэлсээр байгаа юм. 

Тэгвэл зуны амралт эхлэхэд хэдхэн хоног үлдээд байгаа энэ үед сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажил хэзээ эхлэх гэж байгаа болон олон жил яригдсан энэ асуудлыг тойрсон ямар ажлууд өрнөж, хэрхэн шийдэгдэж буйг хүргэе. 


Барилгын материалын эрүүл, аюулгүйн үзүүлэлтийг хэмжих ЛАБОРАТОРИ байхгүй учир хилээр чанаргүй будаг орж ирж байна 

Манай улс 2018 онд барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн зөвшөөрөх дээд хэмжээг тогтоосон байдаг. Түүнчлэн Барилгын тухай хуульдаа хилээр орж ирж байгаа барилгын материалуудыг лабораторийн батламжтай байх гэж заажээ.

Гэсэн хэдий ч үүнийг нь хэмжих улсын лаборатори байхгүйгээс чанарын шаардлага хангаагүй барилгын материалууд хилээр хяналтгүй орж ирдэг байна. 

Энэ талаар Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо “Замын-Үүдэд барилгын сорил шинжилгээний лаборатори баригдаж байна. Энэ онд баригдаж дуусна. Алтанбулаг боомтод бас ийм лаборатори байхгүй. Барилгын материалын 90 орчим хувь нь тухайн хоёр боомтоор орж ирж байгаа учраас уг хоёр боомтод лаборатори байгуулна” хэмээн УИХ-ын чуулганы үеэр хэлж байсан юм. 

Тэгвэл тус лабораторийн ажлын явц 50 хувьтай явж байгаа бөгөөд энэ ондоо багтаж барилгын ажил нь дуусна. Харин доторх тоног төхөөрөмжийн төсвийг зохицуулахаар ажиллаж байгаа гэдгийг БХБЯ-ны барилгын материал үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Батзориг хэллээ. 

Бид энэ ондоо багтаж хилээр орж ирж буй барилгын материалын эрүүл, аюулгүйн үзүүлэлтийг хэмждэг лабораторийн барилгатай болох хэдий ч доторх тоног төхөөрөмж болон ажиллах боловсон хүчний асуудал нь одоогоор тодорхойгүй байна. Тус лаборатори ашиглалтад орсноор чанарын шаардлага хангаагүй, хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй хүний эрүүл мэндэд хортой барилгын материалууд орж ирэхгүй болох юм. 

Удаан хугацаагаар дэгдэмхий органик бохирдуулагчаар амьсгалах нь ямар АЮУЛТАЙ вэ? 

Сургууль, цэцэрлэгийн засварын ажилд ашигладаг будгаас ялгардаг формальдегид нь олон улсын хорт хавдрын судалгааны агентлагаас гаргасан хорт хавдар үүсгэгчдийн нэгдүгээр ангилалд ордог аюултай хорт бодис юм.

Удаан хугацааны туршид уг бодисоор амьсгалах буюу өртсөнөөр цусны хорт хавдар, хамар залгиурын хавдраар өвчлөх эрсдэлтэй болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тайланд дурдсан байдаг байна. 

Монгол Улсын хавдрын өвчлөл, нас баралтын тайлангийн 2021 оны дүгнэлтээр тус онд 0-19 насны хүүхдийн 115 хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдсэнээс 37 хувь нь Лейкеми буюу цусны хорт хавдраар өвчилсөн байна. 

https://flo.uri.sh/visualisation/13559779/embed?auto=1


Дотоод агаарын чанарын СТАНДАРТЫН маргаан

Манай улсад дотоод орчны агаарын чанарын стандартыг анх 2007 онд эрүүл мэндийн салбарынхан баталж байжээ. 

Харин одоо мөрдөгдөж буй стандартыг Агаарын тухай хуулиар байгаль орчны салбарынхан баталсан бөгөөд уг стандартыг мэргэжилтнүүд учир дутагдалтай, хүний эрүүл мэндэд учруулж болох сөрөг нөлөөтэй зүйлсийг тусгаагүй гэж үздэг байна. 

Тодруулбал, 2007 оны стандарт нь дотоод болон гадаад орчиндоо хамт үйлчилнэ гэсэн заалттай байсан бол 2016 оны стандартад “дотоод орчин” гэсэн үгийг авч хаясан бөгөөд түүнээс хойш манай улс дотоод орчны агаарын чанарын стандартгүй болжээ. 

Стандарт байхгүй учраас анги танхимд засвар хийснээс үүдсэн хавдар төрүүлэгч хортой бодисын чанарын эрсдэл нь буурсан байна уу, үгүй юу гэдгийг ямар хэмжүүрээр хэмжих нь тодорхойгүй байна. Улмаар эцэг эхчүүд хүүхдийнхээ сурч буй орчинд шаардлага тавьж чадахгүй нөхцөлд хүрч байгаа юм. 

Удахгүй батлагдаж, мөрдөгдөх журам болон стандартууд:

  1. Барилга хот байгуулалтын яамнаас сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгад будгаар засвар хийхдээ хэдий хугацаанд, ямар үед хийх талаарх журмыг боловсруулж байгаа.
  2. Энэ оны гуравдугаар сард шинээр батлагдсан хотын 14 стандартад сургууль, цэцэрлэгийн барилгад ашиглаж буй будгийн эрүүл ахуйн шаардлагыг тусгасан бөгөөд энэ нь аравдугаар сараас эхлэн мөрдөгдөнө.

СУДАЛГАА юу харуулав? 

Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаануудаар будагт агуулагддаг бензол, формальдегиди зэрэг бодисууд нь сургууль, цэцэрлэгийн орчинд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээсээ хэтэрсэн үзүүлэлттэй байна. 

Түүнчлэн өнгөлгөөний будгийн дотоод орчны агаарын чанарт үзүүлэх нөлөөг судалсан 2021 оны судалгаанд дэгдэмхий органик бодис болох бензолын хэмжээгээр усан суурьтай будгаас бусад бүх будаг шаардлагыг хангахгүй зэрэг дүгнэлтүүд гарч байжээ. 

Харин энэ жил холбогдох яамд зах зээлд хэрэглэгдэж буй 14 нэр төрлийн будаг хэд хоногийн дараа аюултай байдал нь арилж байгаа талаар судалж байгаа бөгөөд одоогоор лабораторийн шатандаа явж байгаа ба хараахан шалгаж дуусаагүй байна гэсэн мэдээллийг БХБЯ-аас өгсөн юм. Тус судалгааны үр дүнд тодорхой хугацаа буюу 30 хоногийн дотор будгийн аюултай байдал нь арилахгүй бол хүлээн зөвшөөрөхгүй, арилж байвал зөвшөөрч наймдугаар сард урсгал засварын ажлыг дуусгаж байхаар төлөвлөөд буй аж. 

Сургууль, цэцэрлэгүүд засварын ажлаа ХЭЗЭЭ эхлүүлэх вэ?

Үнэр нь удаан арилдаг, хямд будгаар будсан ч сургуулийн засварыг аль болох эрт, хүүхдүүдийг амраад явсан даруйд эхлүүлбэл хичээл эхлэх үед будгаас ялгардаг хортой бодисын хувь хэмжээ багассан байна гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг. 

Дээр дурдсанчлан олон жил яригдаж улиг болох шахсан уг асуудлыг тойрсон ажлууд өрнөж, холбогдох албан тушаалтнууд нь анхаарч эхэлж байгаа ч энэ жилийн тухайд мөн л өмнөх жилүүдийн адилаар сургуулийн засварын ажил оройтох нь ээ. 

Сургууль, цэцэрлэгийн засварын ажлын төсвийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.18 заасны дагуу тухайн орон нутгийн нэгж буюу аймаг, нийслэл, сум, дүүрэг нь хариуцах ёстой байдаг аж. Манай улсад төрийн өмчийн нийт 289 цэцэрлэг, 158 сургууль байдаг ба урсгал засварын төсөв нь нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дагуу хэдэн хүүхэд суралцаж байгаагаас хамаараад өөр өөр батлагддаг байна

Тэгвэл нийслэлийн өмчийн дөрвөн сургуулийг төлөөлөл болгож засварын ажлаа эхлүүлсэн талаар тодруулахад:

“Төсөв орж ирээгүй”, “Хэдэн сард орж ирэх нь тодорхойгүй байна”, “Мөнгө нь эрт ороод ирчихвэл одоо эхлүүлчихмээр байна, Үгүй бол наймдугаар сард ажилчид орж ирэхээр хийх төлөвлөгөөтэй байна” зэрэг хариунуудыг хэлж байлаа. Түүнчлэн зарим сургуулиуд энэ жилийнхээ онцлогоос шалтгаалж зөвхөн их засварын мөнгө авч байгаа урсгал засвар хийхгүй гэж байсан юм. 

“Энэ асуудлыг эцэг, эхчүүд л ХЯНАЖ, ШААРДАХ хэрэгтэй” 

Сургуулийн засварын ажилтай холбоотой мэргэжилтнүүд ямар байр суурьтай байгаа талаар Орчны эрүүл мэнд судлаач Л.Дэлгэрзулаас тодруулахад, “Агаар дээр дэгдсэн хортой бодис хүүхдийн эрүүл мэндэд яаж нөлөөлж байгааг судлах гэхээр түүнийг хэмжих стандарт манай улсад алга. Гэтэл дэлхийн эрүүл мэндийн байгууллага дээр бүх зөвлөмж хэмжээ нь байгаа. “Сурган хүмүүжүүлэх газрын эрүүл ахуйн шаардлага” дээр хүртэл агаарын талаар нэг ч өгүүлбэр байдаггүй.

Түүнчлэн сургуулийн урсгал засварт төсөвлөгдсөн мөнгө нь дээр шат шатандаа “цавчаа” хийдэг үү, үгүй юу? хэрвээ тийм бол яг аль хэсэг дээр нь хийгээд байна зэрэг асуудлыг ярилцахаар Авлигатай тэмцэх газар болон эцэг эхийн зөвлөлүүд бусад боловсролын чиглэлийн талуудтай уулзалт хийхээр болсон. Энэ асуудлыг эцэг эхчүүд л хянаж, шаардах хэрэгтэй” гэсэн юм. 

Эцсийн дүндээ засварын ажлыг эрт эхлүүлэх тусам аюул багатай. Тиймээс эцэг эхчүүд өөрийн хүүхдийн сурч буй сургууль, цэцэрлэгийн засварын ажил хэзээ эхлэх гэж байгаа талаар мэдээ мэдээлэлтэй байж, хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө шаардлага тавих хэрэгтэй байна. Хэн ч шахаж шаардахгүй бол энэ асуудал ахиад олон жил улиг болон яригдсаар л байх болно. 

Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр наймдугаар сар буюу сургууль, цэцэрлэгийн засварын ажил дууссан байхад 69 хоногийн хугацаа үлдээд байна. Тэгвэл танай хүүхдийн сургуулийн засварын ажил хэзээ эхлэх гэж байгаа талаар та мэдээлэлтэй байгаа юу? Хүүхэд тань ирэх хичээлийн жилд ахиад л будаг нь ханхалсан анги танхимд хичээллэх гэж байгаа юм биш биз…?

https://flo.uri.sh/visualisation/13559957/embed?auto=1

Бид энэ асуудал цаашид хэрхэн шийдэгдэж буй талаар үргэлжлүүлэн хүргэсээр байх болно. Дараагийн хөндөх сэдэв сургуулийн урсгал засварт анхнаасаа хүрэлцэхгүй бага хэмжээний мөнгө төсөвлөгдөөд байна уу? эсвэл шат шатандаа “цавчаа” хийгдэж байна уу? гэх асуудал байх нь. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *