БОАЖЯ: Тарьц суулгацын нөөц улсын хэмжээнд 56.2 сая, үрийнх 12.2 тонн байна
БОАЖЯ-ны ойн газраас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон ойн хөнөөлт хортон шавжтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Дөрөвдүгээр сараас хойш бүх нийтээрээ мод тарих аян орон даяар өрнөж байгаа юм. Аяны явцад нийслэлийн найман байршилд нийт 198,000 гаруй мод, бут, сөөгийг шинээр тарьжээ. Харин улсын хэмжээнд 2.6 сая модыг шинээр тарьсан байна.
Өнөөдрийн байдлаар тарьц суулгацын нөөц улсын хэмжээнд 56.2 сая байгаа бол үрийн нөөц 12.2 тонн байгаа гэсэн дүн мэдээ гарчээ.
Түүнчлэн өнгөрсөн онд ойн хөнөөлт хортон шавжийн голомттой талбай 729 мянган га байжээ. Үүн дээр үндэслэн 2023 онд ойн хортон хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 185 мянган га талбайд хэрэгжүүлэхээр болсон байна.