ЗАРИМ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ ТОДОРХОЙ ХУГАЦААГААР ХАСЛАА
Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өнөөдөр /2023.05.30/ боллоо. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
- МҮБХ-ны дүрэмд заасны дагуу тэргүүлэгчдийн хуралдааны ирцийг Хяналтын зөвлөл хянан үзэж, зарим тэргүүлэгчдийг дараагийн хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцохгүй байвал чөлөөлөх,
- 2023 оны дөрөвдүгээр сарын наймны өдрийн барилдаанд учраа бөхөө нидэрсэн болон тухайн барилдааны жаяг дэгийн багийн гишүүдийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлээгүй, улсын харцага Ш.Уламбаярт МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5 дахь хэсгийг үндэслэн барилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх,
- 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн барилдаанд өөрийн барилдаанаа орхин, хажуугийн барилдааны үр дүнд нөлөөлөх, ёс зүйгүй үйлдлийг санаатайгаар хийсэн Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн заан Т.Батсүрэнгийн барилдах эрхийг МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6 дахь хэсгийг үндэслэн нэг жилийн хугацаагаар хасах,
- 2023 оны тавдугаар сарын 20-ны өдрийн барилдаанд учраа бөхөө мөргөсөн Төв аймгийн Баянцагаан сумын заан М.Баасанг гэм буруугаа ухамсарлаж, тухайн барилдааны үеэр үзэгч олноос уучлал хүссэн байдал зэргийг харгалзан үзэж МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5 дахь хэсгийг үндэслэн барилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх,
- 2023 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн барилдаанд учраа бөхөө цохьсон Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, аймгийн начин Д.Урианхайгийн барилдах эрхийг МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6 дахь хэсгийг үндэслэн нэг жилийн хугацаагаар хасах,
- 2023 оны тавдугаар сарын 21-ний өдрийн барилдаанд учраа бөхөө цохьсон Ховд аймгийн Үенч сумын харьяат, сумын заан Б.Мөнх-Эрдэнийн барилдах эрхийг МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6, 7.6.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн хоёр жилийн хугацаагаар хасах,
- 2023 оны тавдугаар сарын 27-ны өдрийн барилдаанд жаяг дэгийн багийн гишүүдийг хэл амаар гутаан доромжилж, ёс зүйгүй үйлдэл гаргасан Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн арслан Т.Сүрэнжавыг МҮБХ-ны “Барилдаанд өмсгөл шалгагч”-аар ажиллах эрхийг түдгэлзүүлж, МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6 дахь хэсгийг үндэслэн барилдах эрхийг 1,5 жилийн хугацаагаар хасах шийдвэрүүдийг гаргав.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО