С.Баярцогт: Би “Дубайн гэрээ”-г байгуулахын эсрэг байсан, Улаанбаатарт бол зуруулахгүй байх байлаа
Эх сурвалж: ZUV.MN
“Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” түр хорооны сонсгол /Оюутолгойн сонсгол/ Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ, зээлийн хүүгийн асуудлаар үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан гэрчүүдээс Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ, түүнээс үүдэлтэй зардлын хэтрэлт, зээлийн санхүүжилтийн талаар асуулт асуулаа.
Дубайн гэрээг зурах үед ЗГХЭГ-ын дарга байсан С.Баярцогт “Хөрөнгө оруулагч талаас олон санал тавьж байсан. Тэр үед Н.Алтанхуяг Ерөнхий сайд надаас асууж байсан юм. “Энийг зурж болох юм уу, ямар үр дагавартай юм бэ гэж. Би тэгэхэд нь “Наадах чинь ХНГ дээр шууд нэмэлт хийж байгаа. Эдийн засгийн том үр дагавартай. Зурж болохгүй шүү” гэж хэлсэн. Н.Алтанхуяг сайд зураагүй.
Ч.Сайханбилэгийн засгийн газар гарч ирээд 2015 онд харин энэ гэрээг хийсэн. Мөнгөн урсгал зайлшгүй шаардлагтай байхад их хэмжээний зээл авах нь ногдол ашиг авах хугацаа хойшилно. Тэр үед Н.Тэмүүлэн гишүүн… бид хэд “Алтернатив төлөвлөгөө” гэж санал болгож байсан. Бид хэд хоородоо ярьдаг байсан. Хэрвээ Улаанбаатарт зурах байсан бол зуруулахгүй байсан гэж.
Тэгэхэд хоёр гэрээ байгуулсан. Гэрээ, нэмэлт гэрээ. Нэмэлт гэрээ нь гуравхан заалттай. Нэмэлт гэрээгээ дагуулаад “Оюутолгой” ХХК, “Рио тинто”-гийн менежментийн гэрээ гэж том гэрээ байгуулсан. Энэ гэрээн дотор л “Чөтгөр нь детальдаа байдаг” гэж тэр юмнууд суучихсан юм” гэлээ.
ХШТХ-ны дарга О.Батнайрамдал түүний хариултыг сонсоод “Та гэрээ байгуулах үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж, гал тогоог нь бариад сууж байсан биз дээ. Тэгээд юун “Манай баг эсэргүүцэж байсан” гэж яриад байгаа юм бэ. Танай Засгийн газар байгуулсан шүү дээ. Эсвэл нэг Засгийн газар биш, хоорондоо таардаггүй хоёр баг байсан юм уу” хэмээн бухимдав.