Д.Даваа: Газын хоолой төслийн төлөвлөлтийг хийж дуусгасан. Барилга, бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болсон

1menlv_300A5701_x974

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 19 улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татаж тэдний оронд шинээр томилох 21 Элчин сайдын талаар зөвшилцөх саналаа УИХ-ын даргад Даваа гарагт /2025.12.15/ хүргүүлсэн.

Элчин сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэх үеэр Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Элчин сайдаар Д.Даваа шатахуун, газын хоолой төсөлтэй холбоотой асуултад хариулт өгөв.

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Элчин сайдад горилогч Д.Даваа: Би ОХУ-д элчин сайдаар ажиллаж байгаад 2021 оны сүүлээр татагдаж ирсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газын хоолой төслийг урагшлуулаад ажил хэрэг болгоход онцгойлон анхаарч ажиллаач гээд үүрэг даалгавар өгч байсан.

Би гурван жилийн хугацаанд “Эрдэнэс газ” ХХК-ийн төслийн удирдагчаар ажиллаж байгаа. Энэ хугацаанд газын хоолой төслийн төлөвлөлтийг хийж дуусгасан. Товчхондоо барилга, бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болсон. Зураг төсвийг нь хийгээд экспедицээр батлуулаад газын хоолой явж өнгөрөх газрыг нь төрийн тусгай хэрэгцээнд авсан.

Газын хоолой хэрэгжих болсон бодитой шийдвэр нь 2025 оны есдүгээр сарын 2-нд гарсан. Есдүгээр сарын 2-нд ОХУ-ын Газпром компани БНХАУ-ын CNPC групп хоёр нь хууль эрх зүйн хариуцлага хүлээх бичиг баримтад гарын үсэг зурсан.

Энэ бичиг баримтад 2031 оны нэгдүгээр сарын 1-нд Монголын урд хил дээр газ хүлээлцэнэ, 30 жилээр гэрээ хийнэ, жилийн дотор худалдах худалдан авах гэрээгээ үзэглэнэ гэх мэтээр заасан байсан.

Иймээс энэ төсөл маань ойрын үед улам идэвхжиж барилга бүтээн байгуулалтын ажил эхлэх боломж нь бүрдэж байгаа. Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Элчин сайдаар томилогдвол энэ төслийг урагшлуулахад идэвх чармайлт гаргаж, шургуу ажиллана.

Бензин шатахууны ажлыг нэлээд судалж үзсэн. Намайг Элчин сайд байх үед манай улсын хэрэглэж байсан хэрэглээ жил бүр өсөж байна. Харин захиалга нь хуучнаараа явж байгаа. Уул уурхайн олборлолт, тээвэрлэлт, аж ахуйн ажлуудтай холбогдуулаад шатахуун, шатах тослох материалын хэмжээ сараар өссөн.

Элчин сайдын ажлаа өгсний дараах дөрвөн жилийн хугацаанд бараг бүх Засгийн газар хоорондын хэлэлцээрт орж байсан. ОХУ-ын зүгээс ямар ч байсан бензин шатахууныг таслахгүй, танай захиалгын дагуу өгнө. Харин хадгалах нөөц савны асуудлаа шийдээч ээ гэж удаа дараа хэлж байсан.

Саяхан УИХ дээр савны асуудал яригдаад явж байна, тодорхой хэмжээний нөөцтэй болчихвол тасалдал байхгүй болно.

видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/1390481882468920

Эх Сурвалж:ikon.mn

About Author