ХӨВСГӨЛ: Цойцон нуур сэргэж усны шувууд иржээ
Хөвсгөл аймагт “Дархадын хотгорын цөлжилтийг багасгах, Рэнчинлхүмбэ сумын Цойцон нуурыг нөхөн сэргээх” төсөл амжилттай хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд Цойцон нуур устай болж усны шувууд ирсэн байна.
Хөвсгөл нуурын цэнгэг усны эх үүсвэрийг бүрдүүлдэг Дархадын хотгорт 300 орчим гол, нуур байсан боловч цөлжилтийн улмаас 200 орчим нь ширгэсэн гэж үздэг. 1960-аад оны сүүлээр их хэмжээний үер болж Дархадын хотгорт байх Цойцон нуурыг тэжээдэг голын голдирол өөрчлөгдсөнөөс шалтгаалан нуур ширгэсэн байна.
Оросын эрдэмтэд Цойцон нуур эргэн сэргэх 70 хувийн боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, манай улсын эрдэмтэд ч нуурыг сэргээх бүрэн боломжтой гэж үзсэн учраас БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тус нуурыг сэргээхэд шаардлагатай 800 сая төгрөгийг 2021 оны улсын төсөвт тусгуулж гүйцэтгэгчээр “Престиж инженеринг” ХХК шалгарч ажлаа эхлүүлсэн байна. Өнгөрсөн зун ажлынхаа 90 гаруй хувийг амжилттай гүйцэтгэж, өнгөрсөн 8 дугаар сараас Цойцон нуурын ай сав усаар тэжээгдэж сэргэж эхэлжээ.
Энэ хавар Цойцон нуурт ус дүүрч усны шувууд ирсэнд нутгийн олон иргэн талархаж байна.
Төсөл амжилттай хэрэгжиж Цойцон нуур сэргэснээр Хөвсгөл далайг тэжээн тэтгэх хамгийн том эх үүсвэр болсон Дархадын хотгорын газрын гүний цэвэр усны нөөц, цэвдэгшил, нуур орчмын байгаль экологи дахин сэргэх боломж бүрдэж байгаа ажээ.