25 хүний 300 гаруй сая төгрөгийн койн залилсан этгээд долоон жилийн ял авчээ
Нийслэлийн цагдаагийн газраас койнтой холбоотой гэмт хэргийн талаар мэдээлэл өгөв. Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах хэлтсийн дарга Э.Сэргэлэнбаатар “Виртуал хөрөнгөтэй холбоотой бүртгэгдсэн гэмт хэргийн тоо сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 468 хэрэг бүртгэгдсэн. Тодорхой өгүүлбэл, койноо алдсан юм уу эсвэл нууц үгээ алдаад койноо алдсан бүх холбоотой хэрэг аваад үзсэн. Хамгийн сүүлд энэ сарын байдлаар найман хэрэг бүртгэгдсэн. Эдгээрээс хөрөнгө босгосон гэсэн дөрвөн хэрэг бүртгэгдээд байна. Нийт хэд нь гараад хэд нь бүртгэгдээгүй, хэдэн төгрөг төвлөрүүлсэн гэх мэдээлэл цахим орчинд маш их байна. Нарийн мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооноос авах нь зүйтэй. Өнөөдөр гэхэд өмнө нь 25 иргэнийг залилаад 300 гаруй сая төгрөг авсан иргэн Б нь ХУД-ийн шүүхийн шийдвэрээр долоон жилийн ял авлаа. Мөн өнгөрсөн жил Монгол Улсын иргэд крипто валютынхаа нууц үгээ алдан хөрөнгөө гадагшаа алдсаныг нь Монгол руу буцаан татаж авсан ба тухайн хэргийг үйлдсэн гэмт этгээдэд гурван жилийн ял оноосон” гэв.