“Ч.Энхбат прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн”
Хөгжлийн банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 36 дахь өдрөө үргэлжилж байна.
16 : 13
2023-6-6
“МЯГМАРЖАВ ЗЭЭЛ САНХҮҮЖИЛТ ГАРГАХ САНАЛ ГАРГАЖ, ШИЙДВЭРЛЭХЭД ОРОЛЦДОГГҮЙ”
Шүүгдэгч Мягмаржавын өмгөөлөгч Манлай:
-Миний үйлчлүүлэгчийг гурван зээл буюу “Газ импорт”, “Модун”, “Сэлэнгийн герефорд” ХХК-тай холбоотой төсөлд бусдад давуу байдал олгосон гэж Эрүүгийн хэргийн тусгай ангийн 22.1.2 зааснаар буруутгаж буй. Тэгэхээр шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Мягмаржав, өмгөөлөгчийн хувьд цагаатгах байр суурьнаас оролцож байна. Тэрбээр 2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны дөрөвдүгээр сарыг дуустал Төслийн санхүүжилт зээлийн газрын Санхүүжилт, зээлийн тайлагналын хэлстийн захирлаар ажилласан. Давуу байдал бий болгон гэдэг нь Эрүүгийн хуулийн 22.1.2 заасан үндсэн шинжүүдийн нэг, чиг үүргийн хувьд зээл санхүүжилт гаргах санал гаргаж, шийдвэрлэхэд оролцдоггүй. Нотлох баримтыг судлахдаа тодорхойлж, батлагдсан.
15 : 56
2023-6-6
“АРИУНБОЛД, ЧОЙЖИЛЖАЛБУУ НАРЫН ХООРОНДОХ АРИЛЖАА НАЙМААНЫ АСУУДАЛ ҮҮССЭН”
Шүүгдэгч Б.Чойжилжалбуугийн өмгөөлөгч Л.Данзанноров:
-Шүүхийн зүгээс талуудад эрх тэгш мэтгэлцэх боломжийг хангалттай олголоо. Шүүгдэгч нарын мэдүүлгийг сайн сонсч мэдлээ. Мэргэжилтнүүд бүх талаас ойлгомжтой мэдүүлгийг өгсөн. Манай үйлчлүүлэгчийг гурван зүйлчлэлээр буруутгаж буй. Нэг зүйлчлэлд ямар ч маргаангүй. Харин Актив пассив хөрөнгийн удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа энэ зээл олголт, зарцуулалт, эргэн төлөлтөд энэ газрын чиг үүрэг хамааралгүй гэдгийг бүх хүмүүс сонссон. Олгох гэж байгаа зээлийн хөрөнгийг бүрдүүлж, зардлыг нь тодорхойлж өгдөг газар. Тэгэхээр доод тушаалын мэргэжилтнүүдийг дарамталдаг асуудал манай үйлчлүүлэгчид байхгүй. Тэр тусмаа Д.Цогтбаатарын хувьд өөрийнх нь хамаарал бүхий албан тушаалтан байгаагүйг онцлоё. Удирдлагууд гэдэг том хүрээгээр ярьж байгаа учраас ялгах хэрэгтэй.
Энэ хэргийн хувьд маргаангүй гэдэг нь шинэ Эрүүгийн хуулиар авч үзэж, ял хариуцлага үүсэхгүй юм. “Монгол мах экспо” ХХК, “Монгол эм импекс” ХХК-тай холбоотой зээлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.2.4 зааснаар яллах дүгнэлт үйлдэж, 59 нотлох баримтыг яллах дүгнэлтийн ард жагсаасан. Эдгээр баримтуудад сэдэл санааг нотлох нэг ч баримт байхгүйг хэлье. Бас шинжлэн судалсан баримтуудыг дараагийн шатуудад хэлье. Ариунболд, Чойжилжалбуу гэдэг хоёр хүний хооронд хийсэн арилжаа наймаанаас үүссэн, иргэний эрх зүйн харилцаатай асуудлаас улбаатай. Энэ компанийн зээл нөхцөл шаардлагыг хангаагүй байхад дэмжсэн гэдэг бол 22.2.4 биш 22.1.2 зүйлчлэх ёстой байсан юм болов уу. Энийг авлига хээл хахуулийн асуудал гэж үзэх нь өрөөсгөл. Цаг хугацааны хувьд 2016 оны тавдугаар сарын 13-нд нэг дугаартай гэрээгээр эхэлсэн. Энэ зээл гарахаас 1-2 жилийн өмнө үүссэн асуудал. Байрны хувьд өөрийн баз хүргэн Цахиур гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн гэдэг. Чойжилжалбуугийн хэрэгжүүлж байсан төслийг “Дельта” констракшн хэрэгжүүлж байсан. Захирал нь Цахиур. Төсөл хэрэгжүүлж байгаа хүн дээр хэрэгжүүлсэн. Хоёрт, “Марс гранд” ХХК өөрөө татварын их хэмжээний өртэй байсан учраас банкнаас зээл хүсвэл хэрэгжихгүй учраас Цахиурын нэр дээр шилжсэн байсан гэдэг үндэслэл бий. Цахиур энэ байрыг хэнээс ч нуугаагүй. Түүний эхнэр Ганчимэг 2016 оноос тасралтгүй ХОМ-ээ өгч байсан. Эргэлзээгүй нотлох баримтад тулгуурлаж, тодруулж, шалгах ёстой. Хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү. Санал дүгнэлтээ бичгээр өгнө.
15 : 40
2023-6-6
“Б.БУДХҮҮГ АЖИЛЛАХААС ӨМНӨ ЗЭЭЛИЙН ШААРДЛАГЫГ ДАРАА ХАНГУУЛДАГ БАЙСАН”
Шүүгдэгч Б.Будхүүгийн өмгөөлөгч Мянган:
-Хөгжлийн банкны Хууль зүйн хэлтсийн захирлаар ажиллаж байсан Б.Будхүүгийн хувьд 14 компанийн 15 төсөлд зээл олгох үйл ажиллагаанд гэм буруутай гэж үзэж яллаж буй. Нэгбүрчлэн ярих боломжгүй учраас эдгээр зээлд гурван багц асуудлаар буруутгаж байгаа. Нэгд, “Инжер газ импор”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс” ,”Пирамед орд”, “Мондулаан”, “Модун”, “Бэрэн” зэрэг компаниудын зээлийн асуудалд холбогдуулан зээлийн бодлогын шаардлагыг хангаагүй байхад шаардлагуудыг дараа хангуулах нөхцөл зааж, Зээлийн удирдлагын хуралд оролцуулж, гишүүдтэй үйлдлээрээ санаатай нэгдэж, дэмжсэн санал өгсөн. Улмаар гүйцэтгэх захиралд ТУЗ-өөс тухайн асуудлыг хэлэлцэж, зээл авах шийдвэр гарч, зээлийн гэрээ байгуулж, олгосон. Тус компаниудад давуу байдал бий болгож, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулахад гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж буруутгаж буй.
Энэ асуудалд үйлчлүүлэгчийнхээ гэм буруугүйг нотолно. Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад Зээлийн хорооны гишүүн болохоос өмнө Зээлийн хороогоор хэлэлцсэн, “Монгол драй милк”, “Ган хүдэр орд”, “НВЦ”, “Баруун баянтранс”, “Болор шүр” зэрэг компаниуд холбогдох Зээлийн хорооны дүгнэлтэд дээр дурдсаны адил хууль бодлогын шаардлагыг дараа хангуулах нөхцөл заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны Зээлийн хорооны дүгнэлт түүнийг үндэслэн гаргасан гүйцэтгэх захирлын тушаал, ТУЗ-ийн шийдвэрт нөхцөл шаардлагыг дараа хангуулах байдлаар Б.Будхүүг гишүүн болохоос өмнө шийдвэрлэж, тогтсон байсан байна. Тиймээс Б.Будхүү мэдүүлэгт дурдсан.
Зээлийн хорооны гишүүний хувьд дэмжсэн санал өгсөн. Нэгд, 2017 оны долдугаар сарын 23-нд гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан Зээлийн хорооны журмын 3.2 зааснаар зээлийн гүйлгээ хийх өмнөх хяналт хэсэгт зээлийн ажилтан, зохих шаардлага бүрдсэн эсэхийг шалгаж, зээлийн гүйлгээ хийхийн өмнөх шалгах хуудсыг бөглөж, эрх бүхий албан тушаалтнаар хянуулна гэсэн байдаг. Мөн 7.2.8 хуульчийн дүгнэлтээр гаргасан шаардлагыг биелүүлэхээс өмнө зээл олгохыг хориглоно гэж заасан. ТУЗ-ийн 37 тогтоолоор санхүүжилт олгох шийдвэрт санхүүжилт хэсэгчлэн олгох, шаардлагатай бол төсөл хэрэгжүүлэгчээр хангуулах нөхцөлийг бусад нөхцөлөөр оруулах гэж заасан. Урьд бичиж хянаж байсан хууль зүйн дүгнэлттэй холбоогүй байна. Түүний дүгнэлтээс эс хамаарсан байдлаар зээл олгож байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
15 : 30
2023-6-6
“Д.ЦОГТБААТАРЫГ АЖЛАА ХИЙХЭД ДАРГА НАР НЬ ДАРАМТАЛДАГ БАЙСАН”
Шүүгдэгч Д.Цогтбаатарын өмгөөлөг Ганбадрах:
-Миний үйлчлүүлэгч Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын санхүүжилт хөрөнгө оруулалт, эрсдэлийн хэлтсийн захирал бөгөөд зээлийн удирдлагын хорооны гишүүнээр 2018-2020 онд ажилласан. Ам бүл тавуулаа. Гэмт хэрэгт холбогдож байна. Миний хувьд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр суурьнаас шүүх хуралд оролцож байна.
Д.Цогтбаатар зээл хүссэн, зээл авсан хувь хүн, хуулийн этгээд, аж ахуйн нэгж байгууллагатай хувийн харилцаа үүсгээгүй. Танихгүй, уулзаж байгаагүй. Хавтаст хэрэгт миний үйлчлүүлэгчийг буруутгасан баримт байхгүй байгааг анхаарахыг хүсч байна. Гүйцэтгэх захирлын удирдлагад хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэрээнд заасан эрх үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн. Холбогдох баримт материалууд хавтаст хэрэгт бий.
Гүйцэтгэх захирал, тухайн үеийн Зээлийн удирдлагын хорооны эрх бүхий этгээдүүдээс үйлчлүүлэгчид ажил үүргээ гүйцэтгэхэд дарамт шахалт үзүүлж байсан. Албадлагад оруулж байсан нь баримтаар тодорхой нотлогдож буй. Тухайлбал, Банкны хэлтсийн дарга нар болох Уянга, Мөнхтулга, Цогтбаатар нарыг гүйцэтгэх захирал өрөөндөө дуудаж, ажлаа миний шаардсанаар хийвэл хий, үгүй бол ажлаа өг” гэдэг байсан. Мөн Зээлийн удирдлагын хорооноос удирдлагууд нь “Та нар зээл олгодог эрх бүхий субъект биш. Зээл олгох дүгнэлт болон татгалзсан гарын үсэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Хэрэв та нар зээл олгодог бол бид хуралдах шаардлагагүй” гэснийг дурдмаар байна.
15 : 20
2023-6-6
“Ч.МӨНХБАЯРЫН ХЭРГИЙН УЧИРСАН ХОХИРОЛ, ХОР УРШГИЙН ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БУРУУ ТОДОРХОЙЛСОН”
Шүүгдэгч Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Д.Батсүх:
-Манай үйлчлүүлэгчийг нэр бүхий компаниудын төслийн зээл олгоход үйлдлээрээ нэгдэн оролцсон гэж үзэж, Хөгжлийн банкны Төслийн зээлийн газрын захирлын албан тушаал, Зээлийн удирдлагын хорооны гишүүний үүргийн бүрэн эрхтэй холбогдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай зүйл заалтуудыг журамлан болон үндэслэн гэмт хэрэгт буруутган яллаж буй.
Бүх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2 заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй. Нэг үйлдлээс бусад үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй, гурван төслийн зээл бүхэлдээ гэмт хэргийн шинжгүй, бусад төслийн зээлийг олгоход оролцсон үйлдэл нь үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх байр сууринаас шүүхийн хэлэлцүүлэгт дөрвөн дүгнэлтийг танилцуулъя. Хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хууль зүйн үндэслэлийг буруу тодорхойлсон. Зээлийн эргэн төлөлтөд хууль зүйн хувьд эрсдэл учруулах үндэслэл байгаа. Нэгд хэрэгт авагдсан нотлох баримтаас Хөгжлийн банкнаас нэр бүхий 19 хуулийн этгээд 20 төсөлд зээл олгосон баримт холбогдох хуулиудад заасан иргэний эрх зүйн харилцаа болохыг тогтоож буй. Зээл төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа, баталгаа бусад аргаар хангуулах нөхцөлийг бүх төсөлд баталгаажуулсан байна.
15 : 00
2023-6-6
Ч.ЭНХБАТ ПРОКУРОРЫН ЯЛЛАХ ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ОРОЛЦОЖ БАЙНА
Шүүгдэгч Ч.Энхбатын өмгөөлөгч Б.Должинсүрэн:
-Миний үйлчлүүлэгчид прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2 заасан гэмт хэрэгт буруутгаж буй. Ч.Энхбатын хувьд энэ шүүх хуралдааныг эхлэхээс өнөөдрийг хүртэл гэм буруу дээрээ маргадаггүй. Өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, оролцож байгаа. Өмгөөлөгчийн хувьд маргахгүй байгаа ч хэд хэдэн зүйлийг тодотгон хэлье. Энхбат мөрдөн байцаалт, шүүхийн шатанд мэдүүлэг өгөхдөө Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлын албыг хашиж байхдаа тус банкны эрх бүхий доод шатны албан тушаалтнуудад түргэн шуурхай, нээлттэй, хүнд сурталгүй байх үүрэг чиглэл өгч байснаас хууль бус үүрэг чиглэл өгч байгаагүй. Тухайлбал, хэдэн гэрчүүд зээлийг түргэн шуурхай шийдэх тухай мэдүүлэг байдаг. Энэ гэрчүүдийн мэдүүлэгт авагдсан чиглэл хууль бус үүрэг биш Хөгжлийн банкны үйл ажиллагааг нээлттэй байх үүрэг чиглэл юм.
Зээлийн хорооны гишүүний хувьд Төрийн банкны эрх бүхий албан тушаалтан гүйцэтгэх захирал болон холбогдох албан тушаалтан түүнд ямар ч хууль бусаар нөлөөлөхийг оролдож байгаагүй. Тэр өөрөө ч гэсэн хэн нэгэн нөлөөлж байгаагүй гэдгийг мэдүүлсэн байдаг.
Мөн яллах дүгнэлтэд дурдагдсан хэд хэдэн зээлийг шийдвэрлэхдээ Засгийн газрын төсөл хөтөлбөр, тухайлбал үндэсний аян болох мах, сүү, ноолуур, алт, агаар хөрсний бохирдол бууруулах, орон сууцжуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөтөлбөр зэрэг зээлд өөрийн дотоод итгэлээрээ санал өгч дэмжиж байсан. Хувийн ашиг сонирхлын үүднээс давуу байдал олгосон үйлдэл байгааг нууц ажиллагааны магадлагаанд дурдсан байсан. “Газ импорт” ХХК-д хууль бус зээл өгсөн гэдгийг тогтоогоогүй. Ч.Энхбат гэм буруу дээр маргахгүй гэж байгаа ч хувийн ашиг сонирхол байхгүйг тодотгон хэлэхийг хүсч байна.
2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд ял шийтгэлийнх нь байдлыг хүндрүүлсэн. Тийм учраас шүүхээс түүний үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 болон 1.9 дүгээр зүйлийг журамлаж өгөх саналыг шүүхэд гаргаж байна.
12 : 27
2023-6-6
“Б.БАТБАЯРЫГ 16 ЗЭЭЛ, “ЧИНГИС ХААН” БАНКИНД ХАДГАЛАМЖ БАЙРШУУЛСАНД БУРУУТГАСАН”
Шүүгдэгч Б.Батбаярын өмгөөлөгч Ц.Одонтунгалаг өмгөөллийн дүгнэлтээ танилцуулж байна.
Өмгөөлөгч Ц.Одонтунгалаг:
-Миний үйлчлүүлэгч Б.Батбаярыг улсын яллагчаас нийт 15 аж ахуйн нэгжийн 16 зээл олгосон үйлдэл, “Чингис хаан” банкинд мөнгөн хадгаламж байршуулсан энэ үйлдэлд буруутгаж, нийт 17 удааагийн үйлдэлд буруутгасан. Өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэхээр гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаагүй. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гэмт хэрэгт үндэслэлгүйгээр, нотолгоонд суурилахгүйгээр шүүхэд яллах дүгнэлт үйлдэж, шүүмжлэлийн шатанд хууль зүйн дүгнэлт гаргаж байна гэж үзэж байна.
Эрүүгийн хуулиар Б.Батбаярыг олон нийтийн ашиг сонирхлыг зөрчиж, халдсан гэдэг үйлдэлд буруутгаж буй. Үүнд нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа хувийн эрх ашгаа ангид байлгаж, шударгаар биелүүлэх олон түмний итгэлийг хэлнэ гээд байгаа. Ийм итгэлийг төр хүний амьд явах эрхтэй адил хамгаалдаг юм бол ямар үйлдлээрээ гэмт хэрэг байхыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааж өгсөн. Тодруулбал, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад болон өөртөө давуу байдал бий болгохыг гэмт хэрэг гэж үзнэ гэж байгаа. Энэ тусгай ангид заасан нөхцөлд гадаад, дотоод нөхцөлийн нийлбэр байдаг.
Хуралдааны тэмдэглэлийн бичлэг хавтаст хэрэгт бий. Яллах дүгнэлт худлаа. Хүний төрсөн газар, хувийн байдлыг тогтоолгүй шүүхэд шилжүүлсэн юм уу гэдэг асуудал үүсч байна. Хувийн ашиг сонирхол, хамаарал бүхий этгээдэд давуу байдал үүсгэсэн гэдэг нь нэг нутгийн зөвлөлийн хүмүүс гэдэг үндэслэлээр буруутгадаг байж илэрхий яллах дүгнэлтэд үндэслэлгүй бичсэн байна.
12 : 09
2023-6-6
“Г.ГАНТОГТОХЫГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ХАМТРАН ОРОЛЦСОН ГЭЖ БУРУУТГАСАН”
Шүүгдэгч Г.Гантогтохын өмгөөлөгч н.Ганпүрэв:
-Миний бие Г.Гантогтоход холбогдох хэргийн процессын дарааллыг дүгнэнэ. Аль болох давхардуулахгүйгээр хэлнэ. Яллах дүгнэлтэд Г.Гантогтохыг зээл олгох, зээлийн баталгаа, батлан даалтад гаргах, баримт бичигт дүн шинжилгээ хийх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж, “Сэлэнгийн герефорд” ХХК-иас ирүүлсэн зээлийн баримтад үндэслэн 2018 оны долдугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтийг гаргахдаа Барилгын тухай хуулийн 25.1 заасны дагуу магадлал хийж, баталгаажаагүй байхад хууль эрх зүйн хэлтсийн захирал Б.Будхүүтэй санаатай нэгдэж, тус компанийн төслийн өртгийн төсөвт магадлал хийх шаардлагатай эсэхийг тодорхойлоогүй атлаа Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1.3 зүйлд заасан шаардлага хангасан гэж худал дүгнэж, нэр бүхий удирдлагын хүмүүсээс тус компанид 4.1 тэрбум төгрөгийн зээл олгох нөхцөлийг бүрдүүлж, гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж буруутгасан.
2018 оны зургадугаар сарын 8-ны өдөр тус компанид Хөгжлийн банкинд анх зээлийн хүсэлт гаргасан. Хүсэлтийг судалж 2018 оны долдугаар сарын 20-нд зээлийн шинжилгээний танилцуулгыг хийсэн. Мөн долдугаар сарын 23-нд хууль зүйн дүгнэлт ба эрсдэлийн дүгнэлт нэгэн зэрэг гарсан. Долдугаар сарын 26-нд Зээлийн удирдлагын хорооны дүгнэлт гарч, наймдугаар сарын 1-нд Хөгжлийн банкын инженер н.Оюуны 68 тоот дүгнэлт гарсан бөгөөд наймдугаар сарын 8-нд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын А/242 зээл олгох тухай тушаал гарч, наймдугаар сарын 14-нд зээлийн гэрээ байгуулж, 20-ноос эхний санхүүжилтыг олгосон. Ийм дэс дараатай баримт тогтоогдсон. Эдгээрээс Эрүүгийн хуульд зааснаар хууль зүйн дүгнэлт хийнэ.
Гэтэл тус компанийн барилгад магадлал хийх эрх нь хэнд байсныг тогтоох шаардлагатай. Зээлийн журам болон бусад журмаар зээлийн судалгааг хийх нь зээлийн шинжилгээний газрын үндсэн чиг үүрэг гэдэг нь тодорхой болсон. Гэтэл Г.Гантогтохыг барилгын магадлал хийх шаардлагатай байсныг тодорхойлоогүй атлаа худал дүгнэлт гаргасан гэсэн. Энэ нөхцөл байдал үүгээр үгүйсгэгдэж байна. Тиймээс Эрүүгийн хуулийн үндэслэлээр Г.Гантогтохын үйлдлийг цагаатгаж өгөөч ээ.
11 : 52
2023-6-6
“БҮХ НОТЛОХ БАРИМТЫГ ШАЛГАСАН БОЛОВЧ ГЭМ БУРУУТАЙ ЭСЭХЭД ЭРГЭЛЗЭЭ ГАРЧ БАЙНА”
Шүүгдэгч Г.Гантогтохын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт:
-Миний үйлчлүүлэгчийг банкны зээлийн үйл ажиллагаа явуулахад хууль зүйн туслалцаа үзүүлж, дүгнэлт гаргах, зээл олгох, зээлийн баталгаа, батлан даалтад гаргах, удирдлагаас даалгасны дагуу банкны эрхлэх үйл ажиллагааны бусад асуудлаар хууль зүйн дүгнэлт гаргах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ, Б.Будхүүтэй санаатай нэгдэж, албан үүрэг бүрэн эрх албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгаж буй. Мөн Хөгжлийн банкны шаардлага хангасан гэж худал дүгнэлт гарсан. Бас “Сэлэнгийн герефорд” ХХК-д давуу байдал бий болгож, Хөгжлийн банкинд 4.100.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж буруутгасан.
Эндээс үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж, гэмт хэрэг үйлдэх үү улсын яллагчаа. Бид 36 хоног нотлох баримтыг ярилаа. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд ямар нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн авагдаагүй. Гэмт хэрэгт хамтран оролцох гэдэг ойлголт дотроо объезтив, субъектив шинжтэй байна. Миний үйлчлүүлэгч дээр есөн хүнийг хамтарсан гэж үзэж байгаа юм байна. Энэ шинж ийм нотлох баримтаар тогтоогдож байна гэдэг хөдлөшгүй нотлох баримтыг хүссэн боловч би харсангүй. Дөрвөн удаа шинжилсэн, 512 хавтаст хэрэг миний үйлчлүүлэгчийн холбогдож буй есөн хавтаст хэрэг 2000 гаруй хуудсаас энийг тайлбарласангүй. Нөгөө яллах дүгнэлтээ давтаж давтаж, нотлох баримт руу орлоо. Миний үйлчлүүлэгчийн холбогдсон эрүүгийн хэрэг дээр 1.15 заалтад үндэслэл бүхий эргэлзээ гарч байна. Бүх нотлох баримтыг шалгасан боловч гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байна. Үүнд гэмт хэргийн шинж, хамтран оролцох шинжийг харьцуулан шалгахад эргэлзээ үүсч байна.
11 : 29
2023-6-6
“ХӨГЖЛИЙН БАНКНААС ЧИНГИС ХААН БАНКИНД 438 УДААГИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ БАЙРШУУЛСАН”
Шүүгдэгч А.Хүчитбаатарын өмгөөлөгч Б.Наранцэцэг:
-Шүүх бүрэлдэхүүнд дэлгэрэнгүйгээр өмгөөллийн үгийг цаасаар гаргаж өгсөн байгаа. “Чингис хаан” банкийг мөнгөн хадгаламжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлгүй, зөвхөн өөрийн харилцагчийн хүрээнд хязгаарлагдмал эрхээ эдлэх эрх зүйн байдалтай байхад 25 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламж байршуулж, давуу байдал бий болгосон гэж буруутгаж буй. Тус банкны эрх зүйн байдал ийм байхад анхнаасаа 2013 оноос эхлэн Хөгжлийн банкнаас мөнгөн хадгаламж байршуулах үйл ажиллагаа явж ирсэн. Үүнтэй холбоотойгоор долоо, наймдугаар хавтаст хэрэгт нийтдээ 383 хуудас материалыг Хөгжлийн банкнаас өгсөн байдаг. Үүгээр энэ мөнгөн хадгаламжийн тусгай зөвшөөрөлгүй хязгаарлагдмал эрхтэй байхад ингээд байна гэж улсын яллагч нар буруутгаж байгаа боловч мөнгөн хадгаламж байршуулах үйл ажиллагаа нь явж ирсэн харилцаа гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Дээрээс нь нийтэд илэрхий үйл ажиллагаа буюу УИХ-ын Хянан шалгах хорооны нээлттэй тайлангийн танилцуулгаар 2011-2022 оны хугацаанд нийт Хөгжлийн банкнаас Чингис хаан банкинд 438 удаагийн мөнгөн хадгаламж байршуулж байсныг бичсэн байдаг. Энэ 10 жилийн хугацаанд Чингис хаан банкны эрх зүйн байдал өөрчлөгдөөгүй байхад найман удаагийн мөнгөн хадгаламж байршуулж байсан чинь яагаад гэнэт эрүүгийн хэрэг болж, дөрвөн хүн шүүгдэгчээр суугаад байна вэ?
Учир нь бүх өмгөөлөгч хэт яллах талыг барьсан гэж байна. Энэ хэрэг дээр бас тэгж үзэж байна. Банкны тухай хуульд зааснаар Монголбанкны зөвшөөрлөөр хийдэг. Энэ харилцааг банк хоорондын захын мөнгөн хадгаламж байршуулах үйл ажиллагаатай хольж, хуулийн зохицуулалтын хэрэглээ болон 10 жилийн практикыг буруу ойлгосон. Энэ нь гэмт хэрэг болсон гэж буруутгагдаж байна.
2019 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 10 болон 15 тэрбумын дүнтэй хоёр мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэг хугацаандаа биелэгдээгүй, өнөөдрийг хүртэл эргэн төлөгдөөгүй гэх асуудал байдаг.
Гэтэл миний үйлчлүүлэгчийг 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний гэрээ байгуулах үйл ажиллагаанд ахлах мэргэжилтнээр оролцсоныг буруутгаж буй. Өнөөдөр энэ гэмт хэргийн үйлдлийн шалтгаант холбоо 25 тэрбум төгрөгийн хохирол, хор уршиг бий болсон бэ гэхээр энэ хохирол2019 оны 12 дугаар сарын 19-ний гэрээний үр дагавар. Тэгтэл 2018 оны 12 дугаар сарын 19-ний гэрээний үр дагавраар хор уршиг бий болсон гэсэн. Тиймээс буруу үйл баримтаар шалгасан учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөөч ээ гэдэг хүсэлтийг гаргаж байсан. Гэмт хэрэг гэж буруутгахдаа Хөгжлийн банкны Актив пассив хөрөнгийн удирдлагын газрын нөөц удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэнг нийтийн албан тушаалтан, эрх мэдлээ албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгасан. Гэтэл хуульд заасан нийтийн албан тушаалтан биш байдаг. Энэ гэмт хэрэг чинь тусгай субъекттэй буюу нийтийн албан тушаалтан байхыг шаардаж байгаа. Буруу үйл баримтаар шалгасан гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
11 : 20
2023-6-6
“УЛСЫН ЯЛЛАГЧ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ БУРУУ ХЭРЭГЛЭСЭН ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА”
Шүүгдэгч Х.Батзоригийн өмгөөлөгч н.Мөнхбаяр:
-Миний үйлчлүүлэгч огт гэм буруугүй болохыг онцлон хэлье. Иймд шүүгдэгчийг цагаатгах байр суурьтайгаар шүүх хуралд орж, улсын яллагч Үндсэн хуулийг зөрчиж үйлдсэн яллах дүгнэлтийг бүхэлд няцаах замаар өмгөөллийн дүгнэлтээ хэлнэ. Улсын яллагч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Х.Батзоригийн гаргасан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг биш. Нэгд, субъект биш тухайд. Х.Батзоригийн үйлдэл Хөгжлийн банкны зээлийн газрын мэргэжилтэн буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Б.Мөнхтөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор үйлдлээрээ санаатай нэгдэж, 11.630.151 ам.долларыг “Бэрэн” группт олгож эдийн засгийн давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан гэм хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр оролцсон гэж буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн. Тухайн буруутгаж байгаа нийтийн албан тушаалтан нь Х.Батзориг биш. Учир нь гэмт хэрэг Эрүүгийн хуульд зааснаар нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн үр дүн бөгөөд гэмт хэргийн субъект нь гэмт хэргийн бүрэлдэхүүнийг заавал байх шинж тул түүнгүйгээр гэмт хэргийн шинж, эрүүгийн хариуцлагын асуудал үйлдэхгүй.
10 : 47
2023-6-6
“Х.БАТЗОРИГИЙГ ЦАГААТГАЖ ӨГНӨ ҮҮ”
Гуравт, Х.Батзоригийг бүрэн эрх албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн. Нийслэлийн прокурорын газрын 06 дугаартай яллах дүгнэлтэд ямар хууль, дүрэм, журмаар бүрэн эрхээ урвуулан ашигласан юм бэ гэдгийг огт дурдаагүй. Авлигын эсрэг хуулийн 3.1.3 заалтад албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах нэр томъёог тайлбарласан байдаг. Гэтэл Х.Батзориг Хөдөлмөрийн хуульд заасан үүргээ ном журмаар нь гүйцэтгэсэн. Гэтэл тэр хүнийг гүйцэтгэхгүй байна гэж яллаад байгаа юм уу. Хэрэв хувийн ашиг сонирхлын үүднээс ямар нэг үйлдэл хийсэн бол энэ хүн ХОМ болон бусад эд хөрөнгөд өөрчлөлт орсон байх ёстой. Гэвч лавлагаагаар ямар ч эд хөрөнгө гараагүй. Хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Барьцаа хөрөнгө дээр 80 хувийн үүргийн гүйцэтгэл хангахгүй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 35 хувийн гүйцэтгэлтэй байхад хангасан мэтээр оруулж ирсэн гэж гуйвуулсан байдлаар яллах дүгнэлтэд тусгасан. Гэтэл 380 дугаар хавтаст хэрэгт зээлийн бодит байдалд газар дээр нь шинжилгээ хийж, 35 хувийн гүйцэтгэлтэй байна гэдгийг Хөгжлийн банкны мэргэжилтнүүд очиж үзсэн тухай тусгасан. Гэтэл тусгаагүй мэтээр яллаж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна.
Мөн Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаартай зээлийн бодлого дээр БСБ-ын чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх асуудлаар Хаан банкны 2017 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 1009 дугаартай албан бичгээр “Бэрэн” групп 2017 оны аравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар 6.564.391 ам.долларын үлдэгдэлтэй, хугацаа хэтэрсэн үндсэн зээл, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөргүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн. Прокурор энэ баримтыг шинжлэн судлуулахдаа энэ баримтыг дурдсан. Энэ баримт эх хувиараа Хөгжлийн банкин дээр очсон. Ямар нэг хуурамч баримт гэдэг зүйлийг ярьдаггүй. “Бэрэн” групп хугацаа хэтэрсэн зээлгүй гэдгээ мэдэгдсэн. Энийг Х.Батзориг өөрөө тухайн үед зээлийн шаардлага хангасан гэдэг Хаан банкны өгсөн баримтыг удирдлагууддаа хүргүүлсэн. Энэ баримтыг үндэслэн Х.Батзориг өөрөө Хаан банкны баримт бичгийг үйлдсэн юм шиг буруутгаж байна. Миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн 22.1.2 заасан үндэслэл гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.
09 : 39
2023-6-6
Х.БАТЗОРИГ ХУРАЛД ОРОЛЦООГҮЙ БАЙХАД ОРОЛЦСОН ГЭСЭН
Х.Батзоригийн өмгөөлөгч Ц.Энхтүвшин:
-Үйлчлүүлэгчийнхээ гэм буруугүйг нотлох, цагаатгах байр суурийг илэрхийлнэ. Өмгөөллийн дүгнэлт нийт зургаан хэсгээс бүрдэж буй. “Бэрэн” группийн ерөнхий захирал Б.Мөнхтөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилго агуулаагүй гэсэн тухайд, хоёрт үйлдлээрээ санаатай нэгдэх санаа зорилго байгаагүй тухайд, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй тухайд, тусгай субъект биш тухайд, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй тухайд, гэмт хэргийн шинжгүй тухайд хэсгээс бүрдэнэ.
Нийслэлийн прокурорын газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 6 дугаартай яллах дүгнэлтийн 636 дугаар талд Хөгжлийн банкны зээл,төслийн санхүүжилтын хэлтэст зээлийн мэргэжилтэн буюу нийтийн албан тушаалтнаас ажиллаж байхдаа СБД-ийн нутаг дэвсгэрт байрлах Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хороонд 2017 оны есдүгээр сарын 27-ны өдрийн хурлаар хорооны дарга, гүйцэтгэх захирал Б.Батбаяр, тэргүүн дэд захирал Энхбат, Төслийн санхүүжилтын газрын захирал Мөнхбаяр, Актив пассивын газрын захирал Энхбат, Эрсдэлийн удирдлагын захирал Г.Дөлгөөн, Хяналт шалгалтын газрын захирал Я.Сод-Эрдэнэ, Эрсдэлийн удирдлагын захирал Б.Будхүү, ерөнхий эдийн засагч Д.Дэлгэрсайхан, Санхүүжилт хөрөнгө оруулалтын хэлтсийн захирал Рэнцэндорж нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Бэрэн” группийн захирлын ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилготой гэж ялласан.
Х.Батзоригийн хувьд Б.Мөнхтөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилготой байсан бол 2017 оны есдүгээр сарын 27-ны өдрийн хуралд оролцох ёстой байсан ч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцоогүй байсан. Хэрэв оролцоогүй бол Эрүүгийн хуулийн 2.3.1 заалтад гэмт хэргийн санаа зорилгыг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Хэрэв оролцоогүй байхад хуралд оролцсон мэтээр оруулж ирж байгаа нь үндэслэлгүй буюу шалтгаант холбоо байхгүй байна.
Тус хуралд оролцоогүй этгээд хэрхэн яаж, хурлын дарга, гишүүдтэй үйлдлээрээ санаатай нэгдээд байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй. Хэрэв үйлдлээрээ санаатай нэгдэж байвал тус хуралд биечлэн оролцсон байхыг шаардах ёстой. Прокурор яллах дүгнэлтдээ тусгаагүй байж хэрхэн үйлдлээрээ санаатай нэгдсэнийг тодорхойлж байна вэ. Мөн 391 дүгээр хавтаст хэрэгт авагдсан манай үйлчлүүлэгчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нотлох баримт бий. Энэ баримтаар эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэж байсан тул бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, үгсэн хуйвалдах ямар ч боломжгүй.