Ковидын эсрэг Чингис бондоос хоёр дахин их мөнгө зарцуулж, зарим улстөрчийн хамаарлууд санхүүжилт авчээ

0

Монгол Улс Ковид-19 өвчний халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор нийт дөрвөн удаа хатуу хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоосон түүхтэй. Хөл хорио тогтоож, вакцинжуулалтыг шуурхай хэрэгжүүлснээр 2.3 сая хүн халдвар авч, 20-40 мянган хүн нас барах эрсдэлээс сэргийлж чадсан гэж албаныхан дүгнэдэг. Мөн Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг хамгаалах, цар тахлын дараа эдийн засгийг сэргээх бодлогыг хэрэгжүүлснээр 240 мянган ажлын байрыг хадгалж, 72 мянган ажлын байр шинээр бий болгосон гэдэг.

Монгол Улс 2020-2022 онд цар тахлын эсрэг арга хэмжээнд 11.2 их наяд төгрөг зарцуулсан байна. Энэ нь өнөөгийн ханшаар Чингис бондын 1.5 тэрбум ам.доллароос хоёр дахин өндөр дүн болох юм. Маш их мөнгө. Гэвч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар цар тахлын эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, зарцуулалт болон Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг бүрэн тайлагналгүй яваа.

Ковидын хуулийн дагуу тухайн үед худалдан авалтууд ямар ч тендер, сонгон шалгаруулалтгүй яаралтай горимоор явагдсан байдаг. Тэгвэл аж ахуй нэгжүүд ковидын үед эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлийн ханшаар нийлүүлсэн үү, төрийн байгууллагууд худалдан авалт, гэрээний хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж ажилласан, улстөрчид болон төрийн өндөр албан тушаалтнуудын хамраал бүхий компаниуд худалдан авалтад оролцсон эсэхийг нягталсан хөндлөнгийн шалгалт, дүгнэлт алга.

Тиймээс манай редакц ковидын үеийн зарцуулалтыг ил болгож, 10 их наядын хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах асуудлыг хөндөж, цар тахлын үед хийсэн худалдан авалт, гадаадын хандив тусламжаар хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн талаар цувралаар хүргэж байгаа билээ. Бид энэ удаа 2020-2021 онд Ковид-19 цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд ЭМЯ болон ОБЕГ-ын хийсэн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтын талаарх мэдээллийг эмхэтгэн хүргэж байна.

Эрүүл мэндийн яам цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд 2020-2021 онд нийт 92.5 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн.

Тус яам 2020 онд цар тахалтай тамцэх ажлын хүрээнд нийт 58.58тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ажил үйлчилгээ, бараа материал худалдан авах 118 гэрээг 52 компанитай байгуулж, 58.55 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Сангийн яаманд хүргүүлсэн тайланд гэрээ тус бүрийг хавсаргасан.

Харин 2021 онд ердөө зургаан компанитай 11.99 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээ, бараа материал худалдан авах 18 гэрээг байгуулж, 24 удаагийн шилжүүлгээр 12.21 тэрбум төгрөг буюу гэрээний үнийн дүнгээс илүү дүнгээр санхүүжилт олгосон байна. Үүнд УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн хамаарал бүхий “Монос трейд” ХХК-тай вирусийн эсрэг эм нийлүүлэхээр 1.09 тэрбум төгрөгийн гэрээ байгуулснаас 1.31 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд гэрээ байгуулсан зургаан компанийн тав нь улстөрчдийн хамаарал бүхий компани байна. Мөн Сангийн яаманд хүргүүлсэн 2021 оны тайланд нэг ч гэрээг хавсаргаагүй.  

Нийт дүнгээр 2020-2021 онд хамгийн өндөр дүнтэй ажил, бараа, үйлчилгээ нийлүүлсэн компаниуд дунд улстөрчдийн хамаарал бүхий хэд хэдэн компани байгаа юм. Тухайлбал:

-Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “Хурд Авто” ХХК 689 сая төгрөгөөр ОХУ-д үйлдвэрлэгдсэн 3 ширхэг УАЗ-Хантер, 17 ширхэг УАЗ-Пургон буюу нийт 20 автомашин;

-БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн эхнэр М.Сэржмядагийн “Мед Импекс Интернэшнл” ХХК 3.17 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тоног төхөөрөмж;

-УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий “Монгол эм импекс концерн” ХХК 3.85 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ковидын эсрэг эм;

-УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн хамаарал бүхий “Монос Трейд” ХХК, “Моносфарм Трейд” ХХК, “Энхийн шүүдэр” ХХК-иуд 5.32 тэрбум төгрөгийн амны хаалт, вирусийн эсрэг эм тус тус нийлүүлсэн байна.

Засгийн газрын нөөц сангаас 2020-2021 онд ЭМЯ-д 78.6 тэрбум төгрөгийг олгосон. Гэвч нөөц сангийн зарцуулалтаас гэрээний иж бүрдэл, биелэлт хангалтгүй 5.3 тэрбум төгрөг, гэрээ дүгнэсэн болон бараа хүлээлцсэн актгүй 2.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн талаарх мэдээллийг бид өмнө нь мэдээлж байв.

Онцгой байдлын ерөнхий газар цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд 2020-2021 онд нийт 10.22 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн.

ОБЕГ цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд 2020 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар 47 компанид 48 удаагийн гүйлгээгээр 3.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Үүнээс 1.29 тэрбум төгрөгийн гэрээний үнийн дүнг гүйцэтгэлээр тооцохоор заасан бол 2.4 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж уг дүнгээр санхүүжилт олгосон байна.  

Тэгвэл 2021 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар 33 компанид 48 удаагийн гүйлгээгээр 6.52 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон аж.

Ковидын эсрэг арга хэмжээний хүрээнд 2020-2021 онд ОБЕГ-т өндөр дүнтэй бараа, ажил, үйлчилгээ нийлүүлсэн компаниуд дунд мөн хэд хэдэн улстөрчдийн хамаарал бүхий ААН байгаас хамгийн өндөр дүнтэй нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамаарал бүхий “Милл Хаус” ХХК 612 сая төгрөгийн гурилыг улсын нөөцөд нийлүүлсэн байна. Мөн түүний хамаарал бүхий “Баянгол зочид буудал” ХК Засгийн газрын 2021 оны №240 тогтоолоор орон нутгийн иргэдийг буцаах тээврийн зардалд 56 сая төгрөгийн санхүүжилт авчээ.

Хамгийн сонирхолтой нь, УИХ-ын гишүүн бөгөөд Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлийн хамаарал бүхий “Стимо” ХХК 2021 онд улсын нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд 52.2 сая төгрөгөөр цай нийлүүлжээ.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн хамаарал бүхий “Альфа инжиниринг инвест” ХХК 2021 онд 133.2 сая төгрөгөөр ковидын түргэвчилсэн оношлуур нийлүүлжээ. Ж.Чинбүрэнгийн төрсөн ах Ж.Чинсанаа нь дээрх ОБЕГ-т оношлуур нийлүүлсэн тухайн үед “Альфа инжиниринг инвест” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байгаад 2022 оны есдүгээр сард хувь эзэмшлээс хасагдсан аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *