“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан тушаалтны гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр шилжүүллээ
“Нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Маркетинг, борлуулалтын албаны ахлах мэргэжилтэн Б.Булганд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлджээ.
Улмаар түүний гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Б.Булганыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан хээл хахууль авсан хэмээн Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх заалтыг үндэслэн яллагдагчаар татаад буй юм.
Тэрбээр нүүрс худалдан авсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Urat middle banner Zhonglu energy Co.ltd”-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас 100 000 тонн нүүрс худалдан авах гэрээ байгуулахад голлож оролцсон гэнэ. Ингэхдээ албан тушаалаа ашиглан шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст нөлөөлж Хятадын компанийн төлөөлөгч, өвөрлөгч иргэнд давуу байдал олгосон гэж буруутгаж байгаа аж.
“Нүүрсний” гэх хэрэгтэй холбоотой өөр нэгэн мэдээлэл хүргэе. Зарим мэдээллийн хэрэгсэлд өчигдөр З.Энхболд, Т.Аюурсайхан нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон гэх мэдээ нийтлэгдсэн байв. Албаны эх сурвалжуудаас энэ талаар тодруулахад “Хэргийн оролцогчид УЕПГ-т гомдол гаргаснаас З.Энхболд нарт холбогдох хэргийг тэнд хянаж байгаа. Шүүхэд шилжүүлэх хараахан болоогүй” гэсэн юм.
УИХ-ын дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд зэрэг улс төрд нөлөө бүхий албан тушаал хашиж байсан Т.Аюурсайхан тэргүүтэй хүмүүсийн хавтаст хэрэгтэй прокурор танилцаж дуусаагүйг ч эх сурвалжууд хэллээ.