“НҮҮРСНИЙ 17”-ГИЙН НЭГ, ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАН-ЫН ХОРООНЫ ДАРГА Х.МАНДАХБАЯР “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н МӨНГӨӨР ХАУС ХОТХОНУУДАА САНХҮҮЖҮҮЛСЭН ҮҮ

0

АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж буй 17 хүний нэрийг нийтэд зарласны нэг нь Х.Мандахбаяр. Тэрбээр нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж буй УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын гол хамтрагчдын нэг. Тэд 2020 оны УИХ-ын сонгуульд Өмнөговь аймгаас хамт нэр дэвшсэн ч Н.Наранбаатар нь гишүүнээр сонгогдож, Х.Мандахбаяр “гоц” мөргөж байв. 

        Улмаар Х.Мандахбаяр 2021 оноос эхлээд гэнэт л толгой баяны “дүр”-д орж, хотын хойд, урд захад хаус хотхон, хороолол барьж эхэлсэн. Х.Мандахбаярын “Эрхэт монгол групп” ХХК дангаараа 500 айлын “Гранд маршал” тансаг зэрэглэлийн хотхон, 600 айлын “Сити резиденс” хотхон барьж эхэлсэн. Зөвхөн 500 айлын “Гранд маршал” хотхоны нэг орон сууц, хаусууд нь хэмжээ, давхраас хамаарч 300 саяас 4.3 тэрбум төгрөгийн үнэтэй. Тэгэхээр хоёр хотхон зэрэг барьж байгаа Х.Мандахбаяр хэдэн зуун тэрбум төгрөг эргэлдүүлж байгаа гэсэн үг. Гэтэл Х.Мандахбаярыг АТГ-аас нүүрсний хулгайн хэргээр шалгаж буйгаа зарлачихлаа. Өөрөөр хэлбэл, Х.Мандахбаяр орон сууц, хаусны хотхонуудаа нүүрсний хулгайн мөнгөөр санхүүжүүлсэн, “мөнгө угааж” байгаа юу гэдэг ноцтой асуулт гарч ирж байгаа юм. 

           Х.Мандахбаяр “Эрхэт Монгол групп” ХХК-аараа нүүрс олборлолтын “Их Шижир баялаг” ХХК-ийг эзэмшдэг байсан. “Их шижир баялаг” ХХК нь “Тавантолгой” ХК-тай гэрээлж, нүүрсний олборлолт, хөрс хуулалтыг нь хариуцдаг байсан. Харин Х.Мандахбаяр 2020 оны УИХ-ын сонгуульд Өмнөговь аймгаас нэр дэвшихээр горилж байхдаа “Би саяхан “Их шижир баялаг” ХХК-аа зарж, нүүрсний бизнесээс гарсан” гэж ярьж явсан. Судлаад үзвэл, Х.Мандахбаяр нүүрс олборлолтын “Их шижир баялаг” ХХК-аа зарсан дүр үзүүлж, хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр шилжүүлсэн байж болзошгүй байна. 

Тодруулбал, хөрс хуулалт, олборлолтын “Их шижир баялаг” ХХК-ийг Х.Мандахбаяр “Хос цалиг” ХХК-аар, Г.Номинчулуун “Суман говь” ХХК-аар дамжуулан хамтран эзэмшдэг байсан. Харин Х.Мандахбаяр “Би “Их шижир баялаг” ХХК-аа зарсан” гэж мэдэгдсэнээс хойш тус компанийн хувьцаа эзэмшигчээс Г.Номинчулууны “Суман говь” ХХК-ийг хасагдаж, харин “Хос цалиг” ХХК нь хувьцаа эзэмшигч хэвээр үлдсэн. Гэхдээ мөн л “Хос цалиг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс Х.Мандахбаярын нэр хасагдаж, Б.Номин гэх эмэгтэйн нэрийг бүртгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хэн ч харсан Х.Мандахбаяр “Их шижир баялаг” ХХК болон “Хос цалиг” ХХК-аа Б.Номин гэх эмэгтэйд зарсан гэж харагдана. 

            Хоржоонтой нь, судлаад үзвэл “Их шижир баялаг” ХХК, “Хос цалиг” ХХК-ийг эзэмшигч, захирал гэх Б.Номин нь Х.Мандахбаярын “цэрэг” буюу түүний “Эрхэт монгол групп”-т ажилладаг, тус группийн ажилтнуудтай хамтран хэд хэдэн компани эзэмшдэг нэгэн ажээ. Цаашлаад, Б.Номин нь Х.Мандахбаярын тэргүүнээр нь ажилладаг “Монголын үндэсний гар урлалын соёлыг дэмжих нийгэмлэг” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг юм байна. Мөн “Их шижир баялаг” ХХК нь одоо ч Улаанбаатар, Баянзүрх, 24 дүгээр хороо, 2-14 тоот хаяг дээр буюу Х.Мандахбаярын “Монголын үндэсний гар урлалын соёлыг дэмжих нийгэмлэг” ТББ-ын хаяг дээр давхар бүртгэлтэй хэвээр байна. 

           Ингэж харвал, Х.Мандахбаяр өөрийн ажилтан Б.Номингийн нэр дээр “Хос цалиг” ХХК-аа шилжүүлж, улмаар “Хос цалиг” ХХК-аараа дамжуулан одоо ч “Их шижир баялаг” ХХК-ийг удирддаг байж болзошгүй дүр зураг харагдаж байгаа юм. Цаашилбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын багын найзууд нь 2016 оноос хойш “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийг “атгасан”, Х.Мандахбаяр “Их шижир баялаг” ХХК-аа бусдын нэр дээр эзэмшсээр байгаа гэж үзвэл тэд “Тавантолгой” ХК-ийг “тонох” замаар хаус хотхонуудыг санхүүжүүлсэн байж болзошгүй ноцтой сэжүүр гарч ирнэ. Ямартай ч АТГ-аас Н.Наранбаатар, Х.Мандахбаяр хоёрыг “Нүүрсний хулгай”-н хэрэгт хамт шалгаж байгаа нь дээрх сэжүүртэй холбоотой байж болзошгүй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *