ИНЕГ-т авлигын эрсдэл өндөртэйг мэдээгүй л байна уу, Б.Дэлгэрсайхан сайд аа

инег-580x365

Эх сурвалж: Unuudur.mn

Зам, тээврийн яам (ЗТЯ)-ны харьяа Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-ынхан авлигын эрсдэл өндөртэй, нэг бус дарга нь АТГ-ын үүдийг сахиж, улмаар шүүхээр гэм буруутай, эсэхээ ч дэнслүүлж байсан билээ. 

Үе үеийн дарга нар нь байгууллагынхаа зардлаар иргэний нисэхийн салбарт зайлшгүй хэрэгтэй гэх халхавч дор хамаарал бүхий, эсвэл өөрсдийнхөө хүүхдүүдийг гадаадад өндөр төлбөртэй сургуульд сургаж, зарим нь төгсөж чадахгүй шилжсэн нь ч бий. 

Дуурийн дуучныг ажилд томилохын тулд хахууль авсан хэрэг замхрах нь

ИНЕГ болон түүний харьяа аж ахуйн нэгжийн албан тушаалтнуудад холбогдох авлигын хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн пүрэв гарагт хянан хэлэлцлээ.

2025 оны аравдугаар сард гаргасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг энэ оны гуравдугаар сард Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор хүлээн авч, эсэргүүцэл бичсэнийг үндэслэн ийн хэлэлцсэн юм. Харин Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ямар учраас 3-4 сарын дараа захирамжаа хүчин төгөлдөр болгож, хэргийн оролцогчдод хүргүүлсэн нь тодорхойгүй байна. Магадгүй, ИНЕГ-ын албан тушаалтнуудын холбогдсон хэргийг замхруулах гэсэн оролдлого юм биш биз гэсэн хардлага ч төрүүлэв.

ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төв (ИНҮТ) ТӨХХК-ийн Хүний нөөцийн удирдлагын газрын дарга Э.Мишээл, мэргэжилтэн Б.Золбоо нар дуурийн дуучин мэргэжилтэй Д.Дорждэрэмийг холбогдох сургалтад сууж, гэрчилгээ аваагүй, шаардлага хангаагүй байхад нь ажилд авч, албан тушаалд томилохдоо мөнгө халаасалсан хэрэгт холбогдсон юм.

Тодруулбал, ИНҮТ-ийн газрын дарга Э.Мишээл, ИНЕГ-ын даргын туслах бөгөөд өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн Б.Золбоо нар Д.Дорждэрэмээс таван сая төгрөгийн хахууль авсан. Үүнийхээ дөрвийг нь Э.Мишээл, нэгийг нь Б.Золбоо нь захиран зарцуулсан хэрэгт буруутгагджээ. Улмаар ИНҮТ-ийн харьяа Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын газрын дарга, улсын начин Б.Сэр-Одтой утсаар ярьж, шалгуур хангаагүй дээрх дуучныг шалгагчийн албан тушаалд томилуулсан аж. Мөн Э.Мишээл нь сонгон шалгаруулалт явуулах ёстой ажлын байр буюу “Буянт-Ухаа” нисэх буудлын холбогдох албан тушаалд тусгай шаардлага хангаагүй Б.Санчир гэх хүнийг томилж, давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татагдсан юм байна.

Тэдэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг 2025 оны аравдугаар сарын 17-нд Э.Мишээлийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Харин Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа удирдан явуулаад, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж дүгнэн прокурорын хяналтад буцаахаар болсон байдаг. Тэгвэл нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг долоон сарын дараа хянаад ИНҮТ-ийн харьяа Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын газрын дарга Б.Сэр-Одын үйлдэл, оролцоог тодруулах шаардлагатай гэж үзсэн. Энэ бүхний эцэст анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээлээ. Мөн энэ үеэр ИНЕГ-ын дарга Э.Төрбаярт холбогдох, тусгаарлан шалгаж буй эрүүгийн хэргийг ч шүүх бүрэлдэхүүн сөхсөн юм. Хүн ажилд томилохын тулд хоёр сая төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт тэрбээр шалгуулж буй гэнэ.

Жил бүр алдаатай дүгнүүлж буй санхүүгийн зөрчлийн буруутан хэн бэ

Үндэсний аудитын газраас шалгалт хийхэд ИНЕГ нь нийт 225 972 ам метр талбай бүхий таван газрыг бүртгээгүй, гурав нь газар эзэмших гэрчилгээгүй. ИНҮТ шатахуун түгээх станцын 59 648 ам метр газрыг МИАТ ТӨХК-иас балансаас балансад шилжүүлэн авч, газрын зориулалтыг үйлчилгээтэй орон сууц болгон өөрчилсөн. Орон нутагт байрлах таван газар нь эзэмших эрхийн гэрчилгээгүй” гэжээ.

Тэгвэл ИНЕГ-ын 2024 оны санхүүгийн тайланд хийсэн СНАГ-2025/006/НА-СТА-ТТЗ кодтой аудитын тайланд “Илэрсэн нийт 353 424.6 сая (353 тэрбум гаруй) төгрөгийн зөрчил нь бидний тогтоосон материаллаг байдлын түвшнээс давсан бөгөөд дангаараа буюу нийт дүнгээрээ санхүүгийн тайлан материаллаг хэмжээгээрээ буруу илэрхийлэгдсэн, өргөн тархалттай байгаа нь Төсвийн болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудтай нийцээгүй, санхүүгийн тайлан иж бүрэн байх зэргийг хангахгүй байна. Үүнд харьяа салбар нэгжийн санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн, залруулагдаагүй нийт 306 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил нь өмнөх оноос 112 дахин өссөн. Удаан жилийн насжилттай 14 084.5 сая төгрөгийн авлага, 1733.7 саяын өглөгийг барагдуулах ажил зохион байгуулаагүй. Өөрийн хөрөнгөөр барьсан хоёр барилгыг авлагын дансанд бүртгэсэн” хэмээн тусгажээ.

ИНЕГ-ын харьяа ИНҮТ-ийн 2024 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газраас хийсэн хяналт шалгалтаар 218 тэрбум гаруй (218 263.5) төгрөгийн зөрчил илэрсэн байна. Түүнд “ИНЕГ, түүний харьяа байгууллагуудад 2024-2026 онд хэрэгжүүлэх хамтын гэрээнд байгууллагын ажлын үр дүнг харгалзан тухайн жилийн ашгаас ажилтнуудад тодорхой хувиар үр дүнгийн урамшуулал олгохоор заажээ. Тус төв нь 19.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан атал ИНЕГ-ын 2024 оны А/605 дугаар тушаалаар ажилтнуудад 1.7 сая төгрөг хүртэлх нэмэгдэл урамшуулал олгосон нь зөрчил гэж аудитын байгууллага дүгнэсэн байх юм.

Тээврийн хэрэгслээ үнэ төлбөргүй ашиглуулж, үргүй зардал гаргав

Үндэсний аудитын газраас ИНЕГ-ын 2025 оны санхүүгийн тайланд хийсэн САГ-2026/98/НА-СТА-ТШЗ кодтой аудитын тайланг энэ оны эхээр батлан хүргүүлжээ. Энд ч бас санхүүгийн зөрчлүүд илэрч, Үндэсний аудитын газраас 2026 оны хоёрдугаар сарын 25-нд “Зөрчил таслан зогсоох тухай” гэсэн албан шаардлага өгсөн байх юм. Түүнд дурдсанаар “Үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг бусдад үнэ төлбөргүй ашиглуулсан, үр ашиггүй зардал гаргасан зөрчлийг таслан зогсоож, биелэлтийг 2026 оны аравдугаар сарын 30-ны дотор Үндэсний аудитын газарт ирүүлэх. Цаашид алдаа, зөрчил давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Төрбаяр, ерөнхий нягтлан бодогч Н.Наранцэцэг нарт даалгав” гэсэн байв.

2113df68faf248878440d905d7725777

ИНЕГ нь 720.5 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх зургаан тээврийн хэрэгслийг ЗТЯ, ИНҮТ болон орон нутаг дахь нисэх буудалд үнэ төлбөргүйгээр ашиглуулж буй аж. Тэдгээрийн дулаан зогсоолын зардалд өнгөрсөн өвөл гурван сая гаруй төгрөг зарцуулсан гэнэ. Нэг машинд гурван сая уу, эсвэл зургууланд нь нийт ийм хөрөнгө зарцуулсан уу гэдэг нь тайлангаас тодорхой харагдахгүй байгаа юм. Энэ нь Төсвийн тухай хуулийн 16.5.5-д “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6.1-д “Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга болон дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн үйлдэл юм.

Тухайлбал, ИНЕГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 9113 УК… гэсэн цэнхэр дугаартай тээврийн хэрэгслийг ЗТЯ-ны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийн газрын даргаар ажиллаж буй нэгэн өдөрт 150 км-ийн хязгаартайгаар шатахуун, дулаан зогсоолын төлбөр зэргийг гаргуулан ашиглаж буйг аудитын байгууллагынхан тогтоосон юм байна. Түүгээр ч зогсохгүй хувийнхаа жолоочийн цалинг ИНЕГ-аас гаргуулж байсан гэх албан бус мэдээлэл ч бий. Энд дурдсан санхүүгийн зөрчлүүдийн цаана авлига, ашиг сонирхлынх нуугдаж байж ч болзошгүй.

Иймд Б.Дэлгэрсайхан сайд та “Монголын төмөр зам” компанийн 370 тэрбумын санхүүгийн зөрчлийн талаар анхааралдаа авч, сэтгүүлчдэд өчигдөр мэдээлэл хийлээ. Үүн шигээ нисэхийн салбартаа бугшсан идээ бээр, жил бүрийн санхүүгийн зөрчлүүдийг арилгах, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, эсэх талаараа бас хэвлэлийн бага хурал хийгээрэй.

About Author