Гадаад валютын нөөц $3.5 тэрбум давлаа
Гадаад валютын албан нөөц 2023 оны 1 дүгээр сард 3 тэрбум 559 сая 600 мянган ам.долларт хүрч, өмнөх сараас 4.71%-иар өссөн байна.
Монголбанк энэ оны нэгдүгээр сард 9 удаагийн дуудлага худалдаа зохион байгуулж, валютын нөөцөөс нийтдээ 325 сая ам.доллар нийлүүлсэн юм.
Гадаад валютын албан нөөц 2022 оны 12 дугаар сард 3 тэрбум 399 сая 600 мянган ам.долларт хүрч, өмнөх арваннэгдүгээр сараас 15.82%-иар буюу 464 сая ам.доллароор өссөн үзүүлэлт болсон юм.
Тодотгоход, ирэх хаврын чуулганаар эдийн засгийг тогтворжуулах багц хууль, эдийн засгийг либералчлах, хувийн хэвшил, хөрөнгө оруулалтыг дэмжих хууль, эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг дэмжих багц хуулиуд, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг хэлэлцэнэ.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Бүхнийг экспортод” уриан дор богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулж, валютын орох урсгалыг дор хаяж 1 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц бодлого, хөтөлбөрийг Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж, эрс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй байна. Энэхүү цогц арга хэмжээ нь Үнийн өсөлтийг тогтворжуулах; Экспортыг нэмэгдүүлэх; Импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих; Хөрөнгө оруулалт татахад чиглэх ёстой” гэсэн юм.