Асаалттай орхисон машинаас 3 сая төгрөг бэлнээр хулгайлсан 11-15 настай хүүхдүүдийг баривчилжээ
Цагдаагийн байгууллагад 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 10 минутад Орхон аймгийн нутаг дэвсгэрт “Дэлгүүрийн гадна асаалттай орхисон тээврийн хэрэгслээс бэлэн мөнгө хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад Lexus маркийн тээврийн хэрэгслээс 3.000.000 төгрөг бэлнээр алдагдсан хэргийг 11 настай, эрэгтэй “С” болон 14 настай, эрэгтэй “У”, 15 настай, эрэгтэй “О” нар үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Сар шинийн баяр ойртож зах худалдааны төвүүдэд иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж хулгайлах, залилах төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй тул иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.