Ахмадын тэтгэвэр итгэлцүүрээр 28,738 төгрөгөөр нэмэгдэв

0

Ахмадууд тэтгэврийн нэмэгдлээ Ndaatgal.mn-ээр нэвтэрч орж хараад уйлах уу, гомдох уу болж байна.

Учир нь, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарын ярьсан шиг тэтгэвэр нь нэмэгдээгүйд хамгийн их бухимдацгааж буй юм.. Жишээ татвал, ахмад настан Г нь 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. 2016 онд тэтгэврээ тогтоолгож байсан. Улсад нийтдээ 34 жил, 8 сар хөдөлмөрлөхдөө тасралтгүй Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Харин энэ удаагийн итгэлцүүрээр тэтгэвэр нь 28,738 төгрөгөөр, мөн 10 хувийн нэмэгдэл нь 52,873 төгрөг болж, нийтдээ 581,611 төгрөгийн тэтгэвэр авахаар болжээ.

Тэтгэврийн нэмэгдлээ ахмадууд ирэх долдугаар сарын 1-ээс эхлэн авах юм.  Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Засгийн газар 10 жилийн дараа ахмад настнуудын тэтгэврийг итгэлцүүрээр нэмж, гомдлыг нь тайлна. Нийтдээ 168 мянган ахмад настны тэтгэврийн зөрүү арилна” гэж мэдэгдэж байв. Ингэхдээ хэн хамгийн олон жил ажиллаж, НДШ төлсөн байна тэр хэрээр тэтгэвэр нь ахиу нэмэгдэнэ гэх тайлбар хийсэн. Гэвч улсад маш цөөн жил ажиллаж, ихэнх тэтгэвэр тогтоолгосон хугацаагаа НДШ нөхөн төлж, 20 жилд хүргээд 500 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгон, ирэх долдугаар сарын 1-ээс 550 мянган төгрөгийн тэтгэвэр авах болж буй Б-гээс 28 мянган төгрөгөөр илүү тэтгэвэр авах болж буй нь голыг нь зурж буй юм.

Зарим ахмад настан тэтгэврийн нэмэгдлээ хараад гутарч зуу татаж сэтгэлээ засч буй бол зарим ахмад настан тойргийнхоо гишүүн рүү утас цохин гомдол мэдүүлнэ гэдгээ мэдэгдэж байна.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай талаар асуудал хөндөхөд ахмад настнууд тэтгэврээ нэмүүлэх шаардлага тавьсан. Учир нь, бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөс тэтгэвэр нь хүнсээ авч хүчрэхгүй болсон. 1 кг үхрийн мах 23000-25000 төгрөгийн хооронд байгаа нь мах худалдан авч чадахгүйд хүрч байна гэдгээ мэдэгдсэн.  Тиймээс тэтгэвэр нэмэх шийдлийг Засгийн газар гаргаж, УИХ-аас төсвийг тодотгосон юм. Харин тэтгэврийн зөрүү нь арилаагүйд ахмадууд уурсч, тойргийн гишүүддээ дахин “эрүүний шөл уулгаж” мэдэхээр боллоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *