“Зохион байгуулалттай гэмт хэрэгт холбогдох 20 этгээдийг хорьсон”
Цагдаагийн ерөнхий газар(ЦЕГ)-ын Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албанаас өнөөдөр (2023.06.29) мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дарга, хурандаа Т.СҮХБОЛД:
-Сүүлийн жилүүдэд урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтоосон, тэдгээрийн захиалгаар тухайн этгээдүүдтэй ижил төрлийн бизнес эрхэлж байгаа иргэдийг болон өр төлбөртэй этгээдүүдийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан дарамталдаг, сүрдүүлдэг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн хэргүүд цагдаагийн байгууллагад шалгагдсан.
Урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүдтэй зохион байгуулалттай бүлэг үүсгэж, аж ахуйн нэгж иргэдийн хамгаалалтыг хариуцах халхавчаар бусдын бизнесийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хууль бусаар саад учруулах, аж ахуй нэгжүүдийн удирдлага, гэр бүл, ойр дотнын хүнийг нь шууд болон шууд бусаар айлган сүрдүүлэх, захиалагч талд ашигтай байдлаар асуудлыг шийдвэрлэх зэргээр мөнгө олж, амьдралын эх үүсвэрээ болгодог гэмт хэргүүд шалгагдсан. Тухайн гэмт хэргүүдийг цагдаагийн байгууллагаас тусгайлсан чиг үүрэг бүхий хэлтэс болон бусад нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудтай хамтран үе шаттай арга хэмжээнүүд явуулж, ажиллаж байна.
Сүүлийн гурван жилийн тоо баримтыг дурдвал 2021 онд гурван бүлгийн зургаан этгээдэд, 2022 онд зургаан бүлгийн 12 этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
2023 оны эхний зургаан сарын байдлаар зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа 23 бүлгийн 42 этгээдийн хууль бус үйлдлийг шалгаж, 11 бүлгийн 27 этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэлээ.
Эдгээр гэмт хэргийг шуурхай илрүүлэх, шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт прокурор, цагдаагийн байгууллагын алба хаагч нар багтсан.
Одоогийн байдлаар зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 20 этгээдийг цагдан хорьсон.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.МИШИГДОРЖ:
-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг дарга 2023 оны зургадугаар сарын 15-нд өөрийн цахим хуудсаараа лайв хийж, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат гарал үүсэл нь тодорхойгүй олон тооны адуу авчирсан, малчин иргэдийг машинаараа хөөж, мөргөж байна гэсэн агуулгатай мэдээлэл хийсэн. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг.
Гомдлын мөрөөр Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь мөрдөн ажиллагаа явуулж, зургадугаар сарын 19-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах санал гаргаснаа пропурорт хүргүүлсэн. Зургадугаар сарын 26-нд прокурорт хүргүүлсэн. Прокурор саналыг хүлээж аваад ажлын гурав хоногийн дотор шийдвэр гаргадаг. Одоогоор эл хэрэг прокурын шатанд байна.
Гандантэгчэнлин хийдэд шавилан сууж байгаа бага насны хүүхдүүд хохирсон гэх хэргийн талаар товч мэдээлэл өгье. Энэ хэрэг дээр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. 2023 оны зургадугаар сарын 23-нд Улсын ерөнхий прокурорын тушаалаар баталсан харьяалал тогтоох журмын дагуу Мөрдөн байцаах албаны хүүхдийн эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст мөрдөн шалгаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.4-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Мөрдөгчийн ажлын хэсэг гарсан. Түргэн шуурхай шалгаж, шийдвэрлэнэ.
Хүүхдийн эрх, аюулгүй байдал, нэр хүнд, мөрдөн байцаах ажиллагааны нууцлал зэргийг харгалзан хүүхдийн эрхийг хүндэтгэх ёстой. Хүүхдээс мэдүүлэг авах бол хууль ёсны төлөөлөгчөөр нь дамжуулдаг зохицуулалттай. Хохирогч, холбогдогч хүүхдүүдийг камерын өмнө суулгаад шалгаагаад байх нь зохисгүй. Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудалд ёс зүйтэй хандах ёстой” гэсэн юм.