ОЛОН ТООНЫ МАЛ БҮЛЭГЛЭН ХУЛГАЙЛСАН БОЛ ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ

0

Хэнтий аймгийн Прокурорын газраас эхнэр нөхөр болох Л.Г, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн 17.12.2 дах хэсэгт тус тус зааснаар олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан, Ц.Т-ийн ээж болох Б.Д нь мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан…” зэрэг гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэв.

Шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Л.Г, Ц.Т нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дэвсгэрт 2021 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд бусдын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж Т.Б-ийн 44 ишиг, 9 хурга, Ж.Э-ийн 3 бүдүүн хонь нийт 56 толгой малыг тэмдэглэсэн хуучин цэнхэр өнгийн будгийг нь ногоон өнгийн будгаар дарж өөрчилсөн, мөн 8 тооны ишгийг Портероор тээвэрлэн Н.Г-ийн хонин сүрэгт нийлүүлж, Т.Б-д 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан нь нотлох баримтаар тогтоогдов.

Иймд шүүгдэгч нарын гэмт үйлдлийн шинжийг харгалзан Л.Г-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Ц.Т-д 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус шийтгэн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. (Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан үйлдэлд 2-оос 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.)

Харин Б.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн шинжгүй” хэмээн хэрэгсэхгүй болгож, цагаатгав.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *