Сүүлд нэмэгдсэн

Онцлох

Шинэ мэдээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тавдугаар хуралдаан өнөөдөр /2026.04.17/ боллоо. Тус хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын бүрэлдэхүүн, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, бэлтгэл ажлын явцын талаар болон бусад холбогдох асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын барилдааны үеэр допингийн шинжилгээтэй холбоотой маргаан үүсгэхгүй байх зохицуулалтад онцгой анхаарч, холбогдох асуудлыг судалж, танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмарт даалгалаа.

Мөн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хурдан морины салбар хорооны дарга Д.Ганхуягт хурдан морины уралдааныг стандарт, дүрэм, журмын дагуу зохион байгуулах, уяачид болон салбар холбоодын саналыг зайлшгүй авч тусгахыг онцоллоо.

Түүнчлэн Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн наадмын талбайн ариун цэврийн байгууламжийн хүрэлцээний асуудлыг шийдэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, холбогдох стандартад хяналт тавьж, оновчтой зохион байгуулалт хийх асуудлыг хэлэлцлээ.

Ийнхүү Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмыг зөв зохион байгуулалттай тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардлагатай ажлуудыг шуурхай эхлүүлж, холбогдох бэлтгэл ажлуудыг хангахыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд даалгалаа.

   Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор суррон, скүүтер, мопедын замбараагүй хэрэглээ, осол аваарыг бууруулах үүднээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шат дараатай ажлуудыг хийж байна. Энэхүү зохицуулалтын хүрээнд 18 нас хүрээгүй тохиолдолд хүүхдэдээ суррон унуулахгүй, худалдан авч өгөхгүй байх талаар уриалж буй. Сүүлийн долоо хоногт энэ төрлийн тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор 34 хүн гэмтэж бэртсэн байна.

Иймд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад “СУРРОНГҮЙ СУРГУУЛЬ” өдөрлөгийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдөр Шинэ Монгол Харүмафүжи сургуулиас дээрх уриалгыг дэмжиж “СУРРОНГҮЙ СУРГУУЛЬ” аяныг эхлүүллээ. Тус сургуулийн зүгээс ахлах ангийн сурагчдын ойлголтыг нэмэгдүүлэх үүднээс ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир, 7-р үеийн эцэг эхийн төлөөлөл Э.Мөнхтуяа нарыг зочноор урьж сурронтой холбоотой үүсэж болзошгүй аюулын талаар лекц тавьж, эцэг эхчүүдийн санаа бодлыг сонсож өргөн хүрээний өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийг нээж НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Өнөөдөр бид хүүхэд, багачуудынхаа аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хамгаалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэхийн төлөө “Сурронгүй сургууль” өдөрлөгийг Шинэ Монгол Харүмафүжи сургууль дээр эхлүүлж байна. Нийгэмд зөв үлгэр дуурайл, манлайллыг өөрсдөөсөө эхлүүлж буй “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийнхандаа, Монголчуудын бидний бахархал болсон Их аварга Харүмафүжи  Д.Бямбадорж танд чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Сурагчдын аюулгүй байдал бол сургалтын чанараас дутахгүй чухал үнэт зүйл юм. Иймд сургуулийн орчинд эдгээр тээврийн хэрэгслийн хэрэглээг зохицуулах, хориглох бодлого хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг идэвхжүүлэхийг бүх сургуулиудын удирдлагуудад уриалж байна.Мөн амин хайртай хүүхдэдээ амь эрсдэх зэвсэг бүү авч өгөөрэй  гэж эцэг эхчүүдээ уриалмаар байна” гэв.

“Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн үүсгэн байгуулагч Д.Бямбадорж “Сурроны хэрэглээ сургуулиудын тулгамдсан асуудал байсан. Үүнийг төрийн байгууллагын зүгээс хуулиар албажиж, хүүхдүүдийг хамгаалж уриалга гаргаж байгаад талархаж байна. Эцэг хүний хувьд, сургуулийн үүсгэн байгуулагчийн хувьд эх орны минь ирээдүй болсон хүүхдийн амь нас, эрүүл мэндийг бодитойгоор хамгаалж, урьдчилан сэргийлэх боломжтой боллоо гэж харж байна. Манай сургууль дээр сурронтой ирсэн тохиолдолд түлхүүрийг нь хураан авч эцэг, эхчүүдэд нь хүлээлгэн өгдөг. Эрүүл энх, элэг бүтэн байна гэдэг хамгийн чухал” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин “СУРРОНГҮЙ СУРГУУЛЬ” аяныг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж, ерөнхий боловсролын сургуулиудад сурагч, эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн багш нар, цагдаагийн мэргэжилтнүүдийг хамарсан өдөрлөг зохион байгуулна гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт АНУ-ын Вашингтон хотноо 2026 оны 4 дүгээр сарын 13–18-ны өдөр зохион байгуулагдаж буй Олон Улсын Валютын Сан (ОУВС), Дэлхийн банкны хаврын уулзалтад оролцож, дэлхийн эдийн засгийн тодорхойгүй нөхцөлд макро тогтвортой байдлыг хангах бодлогын асуудлаар олон улсын төв банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчидтэй санал солилцож байна.

Тус уулзалтад дэлхийн 190 гаруй орны төв банкны ерөнхийлөгч, Сангийн сайд тэргүүтэй төлөөлөгч оролцож, бүс нутгийн болон дэлхийн санхүү, эдийн засгийн тулгамдсан асуудал, тэр дундаа гадаад хүчин зүйлийн нөлөө, инфляцын дарамтыг бууруулах бодлогын арга хэрэгслийн талаар хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт ОУВС-гийн Гүйцэтгэх захирал Жиёон Чой, Дэд тэргүүн Кэнжи Окамура, Ази, Номхон далайн газрын захирал Кришна Шринивасан, мөн Дэлхийн банк, Олон Улсын Санхүүгийн корпораци, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк, BNY Mellon, JPMorgan зэрэг олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт, хэлэлцүүлэг хийлээ.

Эдгээр уулзалтаар төв банкны бие даасан байдлыг бэхжүүлэх, санхүүгийн салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлэх болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр бодлогын түншүүдтэй мэдээлэл солилцов.

Мөн Монголбанкны Ерөнхийлөгч ОУВС-гийн Олон Улсын Валют, Санхүүгийн Хорооны (IMFC) үндсэн хуралдаанд оролцож, дэлхийн эдийн засаг, санхүүгийн бодлогын чиглэлээр Монгол Улсын төв банкны байр суурийг танилцуулах юм.

БНСУ-ын Пусан хотноо болж буй “Монгол кино өдөрлөг”-ийг говийн их дархан цаазат газар болон дэлхийн нэн ховор мазаалай баавгайн тухай өгүүлэх “Их говийн манаач” баримтат киногоор нээсэн билээ. Уг киноны Ерөнхий продюсероор Eguur News агентлаг, найруулагчаар Э.Ган-Очир нар өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж, 2025 оны 12-р сард Монгол дахь нээлтээ хийсэн бол ийн анхны гадаад улс дахь нээлтээ хийж буй талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд бичсэнийг орчуулан хүргэж байна.

2026 оны “Монгол кино өдөрлөг” энэ сарын 16-ны өдөр Пусан хотын Хэүндэ дүүрэг дэх “Кино ордон”-ы дунд танхимд албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаа “Их говийн манаач” баримтат киног үзэгчдэд толилуулснаар эхэлсэн юм.
Тус наадмыг Пусан хотын “Кино ордон”, Монголын Кино урлагийн зөвлөл болон “Ханнарэ” соёл урлагийн сан хамтран зохион байгуулж байна. 

Нээлтийн ёслолд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамба, “Ханнарэ” соёлын сангийн тэргүүн Шим Сан, Пусаны кино ордны дарга Гу Ин Бом, Пусан хотын худалдаа, аж үйлдвэрлэлийн танхимын Ерөнхийлөгч Ян Жэ Сэн, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Д.Цэнгэл нар оролцож үг хэлжээ.

Зургийн эх сурвалж: Indifocus
Нээлтийн үг хэлсний дараа өдөрлөгт гарч буй кинонуудын трэйлерийг үзүүлж толилуулсан юм. Үүний дараа “Их говийн манаач” кино багийнхантай үзэгч, уран бүтээлчдийн уулзалт хийсэн байна. Уулзалтад найруулагч Э.Ган-Очир, продюсер Ж.Мядагбадам, Р.Болор нар оролцож, үзэгчидтэй чөлөөт яриа өрнүүллээ. Уулзалтыг “Киноны ордон”-ы ажилтан Жон Хэ Жин хөтлөн явуулсан юм.

Гурав дахь удаагийн Монгол кино өдөрлөгий нээлтийн бүтээлээр сонгогдсон “Их говийн манаач” баримтат кинонд говьд амьдардаг, дэлхийд нэн ховордсон мазаалай баавгайг хамгаалах болон байгалийн өвийг хадгалж үлдэх тухай өгүүлдэг.

Найруулагч Э.Ган-Очир “Манай киног үзэхээр ирсэн та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Дэлхий дээр маш цөөхөн үлдсэн мазаалай баавгайн тухай өгүүлэх энэхүү бүтээлийг Монголд гарсны дараа хоёр дахь удаагаа нээлтээ хийж та бүхэнд толилуулж байгаадаа баяртай байна” гэв.

Продюсер Ж.Мядагбадам “Миний бие энэ баримтат киноны Ерөнхий продюсороор ажилласан билээ. Говь нутаг бол миний төрөлх нутаг бөгөөд уг киноны найруулагчаар ажилласан миний дотны найз Э.Ган-Очирыг “Coach” киног өмнө нь үзэж байсны хувьд түүнийг говийн байгалийг хамгийн сайн буулгаж чадна гэдэгт итгэсэн учраас мазаалайн тухай киног хамтдаа эхлүүлэхээр зориг шулуудсан. 

Харин одоо 24 сарын турш бүтээсэн бидний кино Пусан дахь наадмын нээлтийн бүтээл боллоо. Найруулагч Э.Ган-Очир маань гэр бүлтэйгээ Солонгост ирсэн нь маш дурсгалтай үйл явдал болж байна. Сүүлийн үед Солонгос жуулчид говь нутгийг ихээр зорьж байгаад баярладаг. Энэхүү баримтат кинонд гарч буй говийн байгалийн дүр төрх нь сая сая жилийн өмнөх эх дэлхийн төрхтэй төстэй гэж эрдэмтэд хэлдэг” гэсэн юм.

Үүний дараа кино баг үзэгчдээс асуулт асуусан бөгөөд тэдний зүгээс мазаалай баавгайн түүхэн ач холбогдлын талаар их сонирхож байлаа. Нэгэн үзэгч “Та бүхэн зөвхөн кино бүтээгчид биш, харин говийн хамгаалагчид шиг санагдаж байна. Солонгос хүмүүс ч бас баавгайтай холбоотой түүх соёл ихтэй. Монголчууд мазаалайг хэрхэн үзэж, хүндэлж ирсэн бэ” гэж асуужээ.

Зургйин эх сурвалж: Монголын Үндэсний Кино Зөвлөл
Продюсер Ж.Мядагбадам “Говь нутаг Улаанбаатараас 1300 км хол оршдог. Мазаалай хүнээс, амьтдаас зайдуу, алслагдсан газарт амьдардаг учраас дэлхийд хамгийн ховордсон амьтдын нэг юм болов уу гэж боддог. Говь гэдэг нь монголоор “цөлөрхөг, эзгүй газар” гэсэн утгатай. Мазаалай баавгай байдаг гэдгийг анх 1960 онд дэлхий нийтэд танилцуулж байсан. Бид энэхүү ховор амьтныг дэлхий нийтэд таниулж, хамгаалахад дуу хоолойгоо өргөхийг зорьсоор байна” хэмээн хариулсан юм. Үзэгчид ч гэсэн мазаалайг хамгаалж, хүн төрөлхтний өв болгон үлдээхэд хүчин чармайлт гаргахыг тэр хүссэн юм.

Хөтлөгч Жон Хэ Жин “Говь бол Солонгосын хойгоос зургаа дахин том, асар уудам газар. Шар шороон шуурга болдог нэг шалтгаан нь Говийн цөлжилт байдаг тул энэ нь бидэнд ч бас хамаатай асуудал. Шимсан лам болон Хонгбөб хийдийнхэн Монголд мод тарих ажилд идэвхтэй оролцож байгааг дурдах нь зүйтэй байх” гэсэн байна. Уран бүтээлчид “Солонгосчууд Монголд мод тарьж байгаад маш их баярлаж байна. Энэ нь мазаалайг хамгаалахад том нөлөө үзүүлнэ. Киноноос та бүхэн байгаль хамгаалал болон усны ач холбогдлыг харсан байх. Энэ киног олон хүн үзээсэй гэж хүсэж байна” хэмээн онцолсон юм.

OLYMPUS DIGITAL CAMERA

Продюсер Ж.Мядагбадам дараагийн бүтээлээрээ Говийн зэрлэг хавтгай тэмээний тухай баримтат кино хийхээр төлөвлөж байгаа гэдгээ мөн хуваалцлаа. Найруулагч Э.Ган-Очир үзэгчдийн дунд мазаалайн амьдрах орчны талаар асуулт асууж, зөв хариулсан хүнд бэлэг гардуулсан юм. Говь дундуур зам тавих асуудлын талаарх асуултад продюсер Ж.Мядагбадам “Шовийн дархан цаазат газар дундуур зам тавих нь байгалийн тэнцвэр алдагдах эрсдэлтэй тул кино уран бүтээлчдийн зүгээс мэдээж эсэргүүцэж байгаа. Кинонд ч бас зам тавихгүй байснаар байгаль амьсгална гэсэн санаа бий” гэсэн юм.

Энэ удаагийн наадмаар “Их говийн манаач” баримтат киноноос гадна “Эцэг”, “Хадмын ээж”, “Зүрхний” зэрэг дөрвөн киног мөн үзэгчдийн хүртээл болж буй юм.

Эх сурвалж: Indifocus

Эх сурвалж: ZUV.MN

Эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх хэлэлцээр бодит байдал дээр биелэлээ олохгүй байгаа талаар салбарынхан нь шүүмжлэл өрнүүлж буй.

Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас дараах тодруулгыг авлаа.

Тэрбээр “Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хэлэлцээрийн хүрээнд эмч багш нарын цалинг нэмэгдүүлэхэд 600 тэрбум төгрөг дутна гэдгийг би хэлж байсан. Гэтэл тухайн үед хуруугаа ч хөдөлгөөгүй хүмүүс одоо гайхаад яриад яваад байх шаардлагагүй.

Байнгын хорооны гишүүд нь ч ойлгохгүй тойргоо услах тухай ярьсаар байгаад төсвийг нь дутуу баталсныг бүгд мэдэж байгаа. Тиймээс багш нарын цалин дээр шинэ, хуучин сайд нар бие биенээ буруутгах шаардлагагүй.

Одоо асуудлаа шийдэх хэрэгтэй. Бүгд мэдэж байсан. Би тэнд зам тавина, байшин барина гэсэн жалга довны үзлээс л болсон. Одоо нэг сайдыг буруутгах нь өрөөсгөл. Энэ бол зүгээр л шалтаг.

Төсвийн тодотгол хийхгүйгээр багш нарын цалинг нэмэх боломжгүй. Мөн тэтгэврийн зөрүүг арилгаж, суурь тэтгэврийг нэмэх ёстой. Иддэг мах нь 30 мянган төгрөг болж, эм тарианы үнэ нь нэмэгдэж байхад ахмадууд 600 мянган төгрөгөөр амьдрах боломжгүй байна. 

 Боловсрол, эрүүл мэндийн салбарын цалинг улсын дундаж хэмжээнд хүргэх ёстой. Төсвийн асуудал шийдэж байсан хүмүүс л үүргээ гүйцэтгэж чадаагүй. Эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт нэн тэргүүнд анхаарах ёстой” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1CdPK2KH5a

Эх сурвалж: ZUV.MN

Эрчим хүчний салбарынхан цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, хоёрдахь өдрөө жагсаж байна.

Тодруулбал, ҮЭ-ийн холбооноос эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдэхийг шаардсан жагсаалыг зохион байгуулж байгаа аж.

Жагсаалд ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагууд болох Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эрчим хүчний салбарын компаниудаас гадна Ховд, Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорноговь, Эрдэнэт, Булган, Архангай, Өвөрхангай аймгаас нийт 17 анхан шатны хорооны 320 гаруй гишүүд зорин ирж оролцож, төр засагт дуу хоолойгоо хүргэж байна.

Харин өнөөдөр уг жагсаал суулт хэлбэрээр Сүхбаатарын талбайд үргэлжилж байгаа бөгөөд салбарын төлөөлөгчид байр сууриа илэрхийлж, УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ гэлээ.

Эх сурвалж: Zuv.mn

УИХ-ын гишүүн О.Саранчулуун Ж.Батсуурь гишүүнтэй холбоотой ёс зүйн асуудлаар гомдол гаргасан ч Ёс зүйн байнгын хороон дарга Б.Хэрлэн хурал зарлахгүй байгаа асуудалтахй холбогдуулан хэвлэлд хандлаа.

Тэрбээр, “Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн надад ялгавартай хандаж, миний гомдлыг хэлэлцэхгүй байна. 11 дүгээр сарын 06-ны өдөр УИХ-ын чуулганы үеэр Ж.Батсуурийн гаргасн үйлдлийн талаар би Ёс зүйн хороонд гомдол гаргасан. Тухайн үед Ж.Батсуурь гишүүн чуулганы танхимд согтуу байсан. Намайг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн халамжийн асуудлыг ярьж байхад над руу хашхирч, нөгөө л нэг тэнэг юм аа ярьж байна гэж янз бүрийн байдлаар доромжилсон.

Тэгээд гарч ирэнгүүтээ сэтгүүлчдэд би тэгж хэлээгүй гэж худлаа ярьсан. Гомдол шийдэгдэхийг хүлээж зөндөө удлаа. Ж.Батсуурь гишүүн надаас уучлалт гуйгаагүй, надтай холбогдоогүй дээрээс нь Ёс зүйн хороо ч мөн адил ямар ч арга хэмжээ аваагүй. Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн надад ялгавартай хандаж, инээж тавлаж байгаад гомдсон.

Б.Хэрлэн гишүүн зүгээр л та хоёр хоорондоо ярилцчихаач дээ гэсэн. Ёс зүйн хороо надад ялгавартай хандаж байна. Ёс зүйн хороо өөрөө ёс зүйгүй ажиллаж байна. Эмзэг асуудлаа ярьж байхад Б.Хэрлэн гишүүн инээгээд байсан. Тэгснээ би ер нь ёс зүйн хорооноос гардаг ч юм уу гээд байсан. Яагаад ийм ялгавартай хандаж байгааг ойлгохгүй байна” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1EVuvrYDWD

Засгийн газрын хуралдаанаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээл олголтын шат дамжлагыг багасгах, зээлийн үндсэн төлбөрийн төлөлтийн хугацааг сунгах асуудлыг судалж, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад даалгасан.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, журамд нийцүүлэн 5 жилээр олгож байгаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлдэгчдийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар сунгах боломжтой юм.

 ХХААХҮЯ-наас хийсэн судалгаа, тооцооллоор 100 сая төгрөгийн зээл авсан аж ахуйн нэгжийн зээлийн  эргэн төлөх хугацаа 5 жил байгаа бөгөөд үүнийг 2 жилээр сунгаж 7 жил болгоход болгоход жилд 8.500.000 төгрөгийн мөнгөн урсгалын хэмнэлт үүсэж, хөдөлмөрийн болон бусад зардлаа санхүүжүүлж, ажлын байраа хадгалах боломж бүрдэх юм. Энэхүү хэмнэлт нь хуримтлал, худалдан авалт, татвар, нийгмийн даатгал, цалин гэх мэт хэлбэрээр эдийн засгийн эргэлтэнд орох эерэг нөлөөтэй. 

Улсын хэмжээнд 108,378 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 76.2 хувь буюу 82,562 аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч байна.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд дотоодын нийт бүтээгдэхүүний 5.8 хувийг бүрдүүлж байна.
2025 оны жилийн эцсийн байдлаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд олгосон нийт зээлийн 1,311 нь идэвхтэй байгаа бөгөөд тэдгээрийн үндсэн зээлийн үлдэгдэл 196,2 тэрбум төгрөг байна.
2009 оноос хойш нийт 7961 төслийг амжилттай хэрэгжүүлж, 937,8 тэрбум төгрөгийн зээл бүрэн эргэн төлөгдсөн үзүүлэлттэй байна.
 Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь 2026 оны 01 дүгээр сарын байдлаар 1294 идэвхтэй зээлийн 195,7 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд зээлийн хугацааг сунгаснаар сангийн зээлийн жилийн эргэн төлөлт 14,5 тэрбум төгрөгөөр буурах боловч аж ахуйн нэгжийн хувьд мөнгөн урсгалын хэмнэлтийг хөдөлмөрийн зардалд зарцуулбал 4917 ажлын байр шинээр нэмэгдэхээр байна.

 Иймд бүс нутгийн хямрал, мөргөлдөөнд дэлхий нийтээрээ нэрвэгдэж буй өнөөгийн нөхцөлд валютын өсөлт, импортын хамаарал зэргээс шалтгаалан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, тогтвортой байдлыг хангах ажлын байрыг хадгалж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээл олголтын шат дамжлагыг багасгах, зарим зээлдэгчдийн зээлийн эргэн төлөх хугацааг сунгах арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас шийдвэрлэхээр судалж байна.

Эх сурвалж: Zuv.mn

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжээгүй. Үүнтэй холбогдуулан бид түүний байр суурийг тодрууллаа.

Тэрбээр, “Энэ хууль бол дарангуйлал тогтоох хууль. Шүлсээ буруу хаялаа л гэж эгүүлэн татна гэсэн үг. Монголын ард түмэн сонгосон л бол Монголын ард түмэн татаж унагаадаг бай. Дөрвөн жилийн дараа бид тэртээ тэргүй дүнгээ тавиулдаг шүү дээ. Цэцээр дамжуулж УИХ-д нөлөөлнө гэдэг бол байж болохгүй зүйл.

Бүлэглүүдийн ашиг сонирхолд улам барьцаалагдана л гэсэн үг. УИХ-ын гишүүд гэмт хэрэгт холбогдонгуут нь эрхээс нь татгалзуулж байя гэдэг заалтыг хэрэгжүүлье гээд би ҮХЦ рүү бичиг явуулаад УИХ дээр унасан.

Миний үгэнд орсон ороогүй гэдгээр нь хариуцлага тооцож байгаа бол ард түмний сонгол сонголт биш болно. Ийм зүйл яаж болохгүй. Манай намын ч гэлтгүй залуу гишүүд айж, барьцаанд орж үгээ хэлж чадахгүй байгаад хэлэх ч үг олдохгүй байна” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1DpLUacY7i

Эх сурвалж: Zuv.mn

Ерөнхий сайд Н.Учрал ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар багш нарын цалингийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд үүрэгдсэн. Үүнтэй холбогдуулан бид түүнээс зарим зүйлсийг тодрууллаа.

Тэрбээр, “Багш нар хоёр өөр төрлийн цалин авдаг болчихсон. Нэмэгдлээ хуучин цалингаасаа авч байгаа. Өмнөх сайдын алдаанаас болж багш нарын цалинг нэмэх 1.2 их наяд төгрөгийг олох гэж толгойгоо гашилгаж байна.

Би үхэхээр чи үх гэдэг шиг хоёр болон гуравдугаар сарын цалингаа 4,5-р сарын цалингаас татаад тавьчихсан байна. Ийм байж болохгүй. Ерөнхий сайд нөхцөл байдалтай танилцаад энэхүү асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийд гэсэн. Тиймээс тооцоон дээрээ л сууж байна.

Ер нь энэ цалингийн асуудлыг шийдэхэд төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй болоод байна. Юутай ч эхлээд хөрөнгө оруулалтаасаа таная гэж бодож байна. Тавдугаар сарын 1-нээс цалингийн зөрүүг олгохын тулд хичээнэ. Тодотгол хийх шаардлагатай бол 8,9 сараас л хийх байх гэж тооцоолж байна. 

Хамгийн харамсалтай нь энэ буруу тооцоог өмнөх сайд нь Засгийн газарт танилцуулж, их хурал дээр батлуулсан нь төсвийн хууль зөрчсөн. Хууль зөрчсөн болохоор огцрох заалттай юм билээ. Нэгэнт огцорсон хүнтэй би юу ярих вэ дээ” гэлээ.

https://www.facebook.com/share/v/19dej5NDk6