МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДААС ИРҮҮЛСЭН ХҮСЭЛТИЙН ДАГУУ НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХОЛБОГДОХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайдаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан талаар өмнө нь мэдээлж байсан. (энд дарж үзнэ үү)Ажлын хэсгээс Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд газар болон барилга, байгууламж барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр, уг газруудад барилга, байгууламж барих үйл ажиллагаа явуулсан талаарх мэдээллийг Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу харьяа байгууллага, албан тушаалтнаас баримт, тайлбар, холбогдох материалыг гаргуулан авсан байна. Тухайлбал, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр, холбогдох судалгаа, нотлох баримттай танилцан, хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд дүгнэлт хийж, Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд 630 гаруй барилга, байгууламж баригдсан тухай мэдээлэл, 170 барилга, байгууламж болон 61 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах, барилга барих зөвшөөрөл, 3929 иргэн, хуулийн этгээдэд үерийн далангийн хамгаалалтын бүс давхцуулан газар олгосон байдалд дараах арга хэмжээг авч ажиллажээ.Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд шинээр олгож барилга, байгууламж барьж нийтийн ашиг сонирхол хөндөгдөх, хохирол учруулахаас урьдчилсан сэргийлэх үүднээс барилга байгууламж бариагүй иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар прокурорын нэхэмжлэл гарган шүүхэд, хууль тогтоомж зөрчин үерийн далангийн хамгаалалтын бүс давхцуулан газар олгосон шийдвэрт зохих арга хэмжээ авхуулах талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тус тус хүргүүлсэн байна.Мөн үерийн далангийн хамгаалалтын бүсэд олгосон газарт барилга байгууламж барьсан иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, газар эзэмших, ашиглах, барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль тогтоомж зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ.Ажлын хэсгээс зохион байгуулж байгаа арга хэмжээ болон хэрэгжүүлж байгаа ажлыг тухай бүрт нь нийтэд мэдээлж байхаар болсон байна.