Хөшигний ард: Б.Ганхуягийг ЗГ, УИХ-ын гишүүдийн тал хувь нь ӨМӨӨРЧЭЭ
Монголд ТӨХК, ТӨҮГ толгойлж буй мөртөө яг өөрийн хармаанаасаа өгч буй мэтээр улс төрийн нам, улс төрчдийг мөнгөөр угждаг хоёр хүн байв. Тэд бол Х.Бадамсүрэн, Б.Ганхуяг нар. Аль өмнөх парламентын үеэс ингэж тухалсан хоёр хүнээсээ албан тушаалыг нь энэ улиралд л авч дөнгөв.
Цаг үе нь тул энэ удаа Б.Ганхуягийг тойрсон улс төрийн хүрээн дэх их өмөөрлийг бичье.
Сайд нараас Т.Аюурсайхан, С.Амарсайхан, Ж.Ганбаатар нар Б.Ганхуягийг өмөөрчээ
Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч дөрөвдүгээр сарын эхээр “Нүүрс зөөдөг улс төрийн бүлэг этгээдтэй тэмцэнэ” гэчхээд нам болсон. Уг нь бүр өмнөх парламентын үед л Б.Ганхуяг дээр Тагнуул, Цагдаагийнхан ажиллагаа явуулж, нотлох баримт бүрэн цугларсан талаар улс төрийн хүрээнд яригддаг байв. Гэвчиг яах ч үгүй байсаар УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиар эрх баригчид өнөөхөө мөнгө сааж, сонгуульдсаар өнөөдрийг хүргэсэн.
Хоржоонтой нь, Б.Ганхуягийн суудлыг хамгаалж, өөрөө УИХ-ын дэд дарга гэх нэр төдий суудалд сууж байсан Т.Аюурсайханыг танхим руугаа татангуутаа түүн рүү чиглүүлсэн акциа эхлүүлэв. Энэ бол Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нараас л гардаг арга.
Яг Засгаар Б.Ганхуягийг хэлэлцэхэд Т.Аюурсайхан, Ж.Ганбаатар, С.Амарсайхан нар “Экспорт эмзэг үед ЭТТ-г оролдох нь дэмий. Захирлыг нь сольж болохгүй” гэх агуулгаар нам өмөөрцгөөсөн гэх.
Харин Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Н.Учрал, Б.Бат-Эрдэнэ нар “Хяналтгүй маш их мөнгө эргэлдэж байгааг анхаарах ёстой. Офф-тейк гэрээнүүдийг магадалж үзье” гэсэн агуулгаар байр сууриа илэрхийлжээ.
Эндээс сайд нар Б.Ганхуягийг хянах агуулга дээр хоёр хуваагдсан нь харагдаж буй.
Л.Оюун-Эрдэнэ ба Д.Амарбаясгалан нар хэрхэв
Б.Ганхуягийг чөлөөлөх тушаалд Д.Амарбаясгалан өчигдөр гарын үсэг зурсан. Түүний байр суурь чухам аль талд байхыг Засгийн газрын тэргүүн ч, сайд нар нь чухалчлан анзаарах учиртай. Учир нь, тэрбээр МАН-ын генсек байхдаа Т.Аюурсайхантай хамтарч, Б.Ганхуягийн томилгоонд хамгийн их анхаарсан нэгэн.
Түүний нэрээр ЭТТ дотор асар олон томилгоо явагдсан, мөнгөний зарцуулалт дээр ч өндөр эрх мэдэлтэй байсаар ирсэн.
Тиймээс шуудхан Л.Оюун-Эрдэнийн удаан бодсон агуулгыг дэмжчхэж чадаагүй нь харагдав. Нарийн, логик ухаантай Д.Амарбаясгалан протоколд тэмдэглэгдсэн сайд нарын байр суурь дээр нам дуугүй өнгөрч чаджээ. Нэг ёсондоо яг аль ч талд нь гарч чадахгүй хэсэг гацсан гэсэн үг.
Харин Л.Оюун-Эрдэнэ Б.Ганхуягийн талаарх сайд нарынхаа саналыг сонсож байгаад, “Үүн дээр Засаг огцорчихгүй л бол зогсохгүй явна” гэдгээ илэрхийлсэн гэх. Тэр зөвхөн Х.Нямбаатартайгаа л ярьж тохиролцоод, сайд нараа чимээгүй түншсэн гэх логик эндээс харагдана.
УИХ-ын 30-40 гишүүн Л.Оюун-Эрдэнээс Б.Ганхуягийн албан тушаалыг “гуйсан” уу
Б.Ганхуягийн суудал ганхах сургаар УИХ-ын гишүүд Ерөнхий сайдын өрөөгөөр баахан эргэлдэж, хэцүү цагт ЭТТ-г бужигнуулах хэрэг байна уу гэх агуулга хөндсөн гэгдэж буй. Мөнхүү ЭТТ-н асуудлыг хэлэлцэхийг нууцалж байгаад гэнэт оруулж ирэхэд Б.Ганхуяг Ерөнхий сайдын өрөөний үүдэнд хүлээж суусан гэх мэдээлэл ч анхаарал татна.
Б.Ганхуягтай Эрдэнэт хотын хамаарлаар халаасаа нэгтгэсэн Л.Батлут, нүүрсний тээвэр эрхэлдэг Х.Бат-Эрдэнэ, А.Адьяасүрэн гэхчлэн нам харгалзахгүй түүнийг гуйцгаасан гэх. Б.Ганхуягийн зүгээс ч гишүүд, сайд нар луу хүнд үед нь туслахыг гуйн ярьж, жиргээчдийг хүртэл хөдөлгөөд амжжээ.
Тэрбээр ЭТТ-н Гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгвөл Нүүрсний группийн захирлаар томилогдох, одоогийн цалин хангамжаа хэвээр эдлэх зэрэг саналыг Ж.Ганбаатар тавьсан аж.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Яг хэрсүү нүдээр харвал, Танхимын зарчмаар ажиллах гортигт Т.Аюурсайханыг оруулж байгаад, Б.Ганхуяг руу цөмрөх акциа эхлүүлж буй нь сайн. Гэвч нөгөө талд “Голомт”-ын Д.Баясгалангийн хийж чадсан нүүрсний бартерын гэрээнд өширхсөн ХААН банкны лобби, үүнийг төлөөлсөн Ч.Хүрэлбаатарын өширхөл явааг ч харж болно.
Нэг ёсондоо арилжааны банкны эздийн зодоон, нүүрс тээврээр сонгуулийн мөнгөө босгодог УИХ-ын гишүүд, ТӨХК-иасаа асар их мөнгө албан бусаар халаасалдаг сайд нар гээд маш олон эрх ашиг ЭТТ дээр бий.
Үүнийг яг нийтийн эрх ашгийн үүднээс цэгцлэх үү. Эсвэл хэн нэг бүлэг этгээдийн хүслийг биелүүлж, нөгөөг нь тайрах уу гэдгийг одоо Л.Оюун-Эрдэнэ шийднэ гэсэн үг.