Танилц: МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид горилогчид
Монголын бизнесийн салбарын тэргүүн гэж болох О.Амартүвшин энэ сарын 20-нд болох XXI их хурлаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн суудлаа өгөх мэдээлэл байна. Тэрбээр 2024 оны их улс төрд бэлдэхээр болж, ерөнхийлөгчийн суудалд улирахаар өрсөлдөхгүй гэнэ. Түүнийг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын сул суудалд горилж байгаа гэх.
Бизнесийн салбарынхны эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Худалдаа аж үйлдвэрийн танхимыг хэн удирдах бол гэдэг бизнесийн хүрээнд анхаарал татаж байна. Одоогоор танхимын ерөнхийлөгчид О.Амартүвшингийн багийн гишүүн МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн өрсөлдөхөөр бэлтгэж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Тэгвэл өөр нэг яригдаж буй хүчтэй өрсөлдөгч бол “Алтандорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд. Тэрбээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр 1997-2012 онд тасралтгүй 15 жил ажилласан эдийн засагч С.Дэмбэрэлийн дүү бөгөөд ахынхаа засаглалын үед танхимын газар дээр “Корпорейт” зочид буудал, үзвэр үйлчилгээний цогцолбор төв байгуулсан нэгэн бөгөөд мөн УИХ-ын 2024 оны сонгуульд Архангай аймагт өрсөлдөх магадлалтай улстөрчдийн нэг.
Түүнээс гадна “Ард”-ын Ч.Ганхуяг, “Шунхлай” группийн П.Батсайхан, МАК-ийн Н.Цэлмүүн нар МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид өрсөлдөх “бор шувуу” бизнесийн салбарынхны дунд яригдаж байна.
Ч.Ганхуягын хувьд өмнө нь МХАҮТ-ын ерөнхийлөгчид өрсөлдөж, О.Амартүвшинд ялагдаж байсан бөгөөд түүнийг энэ удаад мөн даагаа нэхэж, танхимын ерөнхийлөгчид өрсөлдөж магадгүй гэсэн мэдээлэл бий. Харин “Шунхлай” группийн П.Батсайханы хувьд бизнесийн салбартаа “үнэнчээр” зүтгэж ирсэн нэгэн. Бизнес, улс төрийн хүрээлэл өндөртэй түүнийг мөн хүчтэй өрсөлдөгч гэж ярилцаж байна. МАК-ийн Ц.Цэлмүүний хувьд бизнесийн салбартаа бол залуу удирдагч гэж тодорхойлж болно. Бизнесийн хүрээлэл, гэр бүлийн хувьд ч том бизнесүүдийг төлөөлж, залуучуудын дэмжлэг авч, “өв залгамжлагч” гэж харах нь ч бий. Ямар ч гэсэн бизнесийн салбартаа танигдсан, том эрх ашигтай горилогчид энэ удаад МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид горилж яваа сурагтай. Харин танхимын гишүүд тэдний хэнийг сонгож, ирэх дөрвөн жил удирдуулах вэ гэдэг анхаарал татаж байна.
Бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн гол төлөөлөл болох МҮХАҮТ-ын энэ удаагийн хурлаар 2019-2023 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, хяналтын зөвлөлийн тайланг танилцуулахаас гадна төлөвлөжээ. Энэ үеэр МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн гишүүд, ерөнхийлөгч болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгон батлах учиртай.
Ерөнхийлөгчийн сонгуулд нэр дэвшүүлэх ажлыг их хурал эхлэхээс хоёр хоногийн өмнө буюу 2023 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 17:00 цагаар дуусгавар болгож, танхимаас томилогдсон комисс нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, их хуралд танилцуулах ажээ.
Эх сурвалж: Nnews.mn