Б.Ганхуягийн эгч, хүргэн ах нь 2019 он хүртэл “хувийн цэцэрлэг ажиллуулж” байгаад Богдхан ууланд том газар авч, хороолол босгожээ
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох нүүрсний хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг уржигдар /2023.09.12/ товлогдсон ч, яллагдагч Б.Ганхуяг нийт шүүгчдээс татгалзах хүсэлт гарсан. Иймд шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хангаж, АТГ-аас лавлагаа мэдээлэл авч шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцсэний дараа шүүх хурлыг товлохоор завсарласан.
Харин шүүх хурлын үеэр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, “Би хэлс хэрэгт хэлмэгдэхгүй. Надад зургаан үйлдэл байгаа. Энэ зургаа нь бшнл хүн танилцуулсан асуудал. Миний танилцуулсан хүн болгоны хүүхэд, гэрчилгээ байвал над дээр биччих” гэсэн юм.
Тэгвэл АТГ-аас Б.Ганхуягийн хамаарал бүхий этгээдүүдийг шалгаж буй талаар зарим эх сурвалж мэдээлсэн байна.
Тухайлбал, Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1.5 их наяд төгрөгийг “Хишиг арвин индустриал” ХХК-д хоёр гэрээгээр өгсөн байгаа аж. Энэхүү 1.5 их наяд төгрөгийн цаана олон тэрбум төгрөгийн авлигын асуудал яригдаж буй учраас “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, ерөнхий менежер М.Хүрэлбаатар нарыг Б.Ганхуяг, С.Энхтөр нартай хамт баривчилсан байдаг байна.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн тендерүүдэд “Хишиг арвин индустриал” ХХК шалгарч, гэрээ байгуулж байхтай зэрэгцээд буюу 2019 онд Б.Ганхуягийн төрсөн эгч Б.Нарантуяагийн нөхөр Доржсүрэнгийн Пүрэвдорж “Бест хаус констракшн” ХХК-ийг байгуулсан.
Улмаар 2019-2020 онд Б.Ганхуягийн хүргэн Д.Пүрэвдорж өөрийн “Бест хаус констракшн” ХХК-аараа Богдхан уулын Жаргалантын аманд 22 айлын тансаг зэрэглэлийн “Жаргалант вилла” хотхоныг барьж, борлуулсан. Борлуулалтын менежерээр нь Д.Пүрэвдоржийн хүү П.Мөнх-Эрдэнэ ажиллажээ. Тухайн 22 хаусыг 800 сая төгрөгөөр тооцвол 17 орчим тэрбум төгрөгийн ашиг олсон гэсэн үг аж.
Б.Ганхуягийн төрсөн эгч Б.Нарантуяа, хүргэн ах П.Пүрэвдорж нарын хувьд 2019 он хүртэл хувийн цэцэрлэг ажиллуулдаг байсан. Гэтэл 2019 онд ийнхүү Дархан цаазат Богдхан уулын аманд асар том газар авч, 17 орчим тэрбум төгрөгийн хаус хороолол босгосон нь хууль хяналтынхны хараанд өртсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт 1.5 их наяд төгрөгийн тендерт “Хишиг арвин индустриал” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулсныхаа хариуд тус компаниас их хэмжээний авлига авч, авлигын мөнгөөрөө төрсөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж нараараа Жаргалантын аманд 22 хаус бариулж, 17 тэрбум төгрөг угаасан байж болзошгүй хэргээр шалгагдаж буй талаар мэдээлжээ.