Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дуулиантай эхэлсэн тэмцлээ ямар ч шантаажаас эмээлгүй дуусгах ёстой!
Монголын бүх шүүгчээс татгалзсан ч нотлох баримт бүхнийг шийднэ
“Нүүрсний хулгайн” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болоод өнгөрлөө. Олон нийтийн дунд их ч хүлээлттэй байлаа. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон энэхүү шүүх хурлын үеэр яллагдагч Б.Ганхуяг бүх шүүгч нараас татгалзах хүсэлт гаргасан. Хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэхээр тодорхойгүй хугацаагаар завсарлав. Ингээд товчхондоо яллагдагч Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар “Шүүхийн эсрэг” мэдэгдэл хийж, Засгийн газраар дэнчин тавьж тамгагүй болно, бүгдээрээ хэрэгт татагдана гэхчлэн зад шантаажилчихаад 461 дүгээр анги руугаа буцлаа.
Болсон процесс ердөө л энэ. “Сүүлчийн хүчээ” шавхсан энэ “далайлт” Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт “нокаут” болно гэж тооцоолсон байж болох л юм. Гэхдээ “нүүрсний хулгайн” хэргийг сүр дуулиантайгаар зарласны нэг жилийн “ой” тун удахгүй болох гэж байхад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ “шантаажаас” эмээж эрчээ сулруулбал олон нийт удахгүй болох сонгуулийг угтсан “их эвлэрэл” гэж ойлгохоос өөр аргагүй.
Төр нь төр шиг, шүүх нь шүүх шиг, яллагдагч нь яллагдагч шиг байцгаая. Шүүхийн танхимд орж ирсэн яллагдагч бүхэн иймэрхүү сүрдүүлэг мэдэгдэл хийчихээд Монгол Улсын бүх шүүгчээс татгалзаад байхаар нотлогдсон хэрэг нь алга болчихно гэж байдаггүй юм аа, эрхэм улстөрч яллагдагч нар аа. Та бүхний хэргийн талаар тун удахгүй маш дэлгэрэнгүйгээр шүүх хурал дээр ярьж л таарна. Одоохондоо зах зухаас нь маш товчхон дурдъя.
“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн хувьд Бортээг гэх уурхайн олборлогчийн төслийг явуулахдаа “Хишиг арвин индустриал” ХХК-ийн захирал Х.Батхишигийн “Монголиан контракт майнинг сервис” компанид 715 тэрбум төгрөгийн гэрээ шууд олгож, хахуульд 4,9 тэрбум төгрөг авч, Нүхтийн аманд орон сууц, үйлчилгээ, спортын цогцолбор барьсан, эхнэр П.Бадамхандад “Режис плэйс” гэх барилгад 260 мянган ам.доллараар оффис худалдаж авч өгсөн, эхнэрийнхээ “Пеарл пропертиз” компаниар дамжуулан хахууль авсан, 2 тэрбум төгрөгөөр “Автай сайн хан” хотхоны 10 орон сууц, гараж, агуулах зэргийг авч, бусдад худалдсан, Сэлэнгэ аймгийн Бургалтай багийн нутаг дэвсгэр дээр 200 мянган ам.доллараар ферм худалдан авсан байна.
Мөн УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нь хууль бусаар олсон мөнгөөр “Сөүл роял коунти” хотхонд 1001 тоот орон сууцыг худалдан авсан, Дорнод аймгийн Хөлөнбуйр сум, Төв аймгийн Сэргэлэн сум, Сонгинохайрхан дүүргийн газарт нутагт тус тус газар авч, тансаг зэрэглэлийн жүчээ барьсныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан. Шүүх хурал дээр баримтаар дэлгэгдэх нь гарцаагүй.
Т.Аюурсайхан нь өөрийн туслахаар ажиллаж байсан Б.Отгонжаргалыг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Худалдан авалтын хэлтсийн даргаар, И.Даваадоржийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар тус тус томилуулсан. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы зөвлөх И.Даваадоржтой үгсэн хуйвалдаж, ажилчдын хотхон барих тендерийн ажлыг “Лаки лайф” ХХК-д олгож, хахууль авсан. Ийм л зүйл баримтаар тогтоогдчихоод байгаа юм билээ.
Энэ тохиолдолд “Яахаараа яллагдагчдад Шүүгчид таалагддаггүй” билээ? Яавал шүүгчид тэдэнд таалагдах вэ? Үүнийгээ тэгээд ардчилсан төрд зүтгэж байсан, ардчилсан төрийн түшээд гэх үү?
Түүнчлэн Б.Ганхуяг: Намайг “Хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлчих” гэсэн хэмээв. Хэн Эрүүгийн хууль зөрчсөн “санал” түүнд тавина гэж?! Нүүрсний хулгайн хэрэг бол Эрүүгийн хуулийн Хялбаршуулж болохгүй хэрэг учраас нийтээрээ хяналт тавихад тун сонирхолтой кэйс…Хууль уншицгаая!
Зөвхөн Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар биш. Улс төрд нөлөө бүхий “улс төрд нөлөө бүхий этгээд” буюу УИХ-ын 7 гишүүн болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам тээврийн хөгжлийн сайд асан А.Гансүх нар яллагдагчаар татагдчихаад байна. Үүнд УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Б.Энх-Амгалан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нар байна. Долоо биш, 76 гишүүн байгаа гэж Б.Ганхуяг шүүхийн танхимаас мэдэгдчихлээ.
Б.Ганхуягийн хэлдэг зөв. Ерөөсөө сүүлийн 10 гаруй жил дэх Ерөнхийлөгч, түүний Тамгын газар, УИХ-ууд, түүний гишүүд, үе үеийн Засгийн газрын гишүүдийг байлцуулаад ч хамаагүй “Нүүрсний сонсголоо хийцгээе”. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ч сүүлчийн “Түр хорооны” даргын хувьд “Нүүрсний сонсгол гэдэг асуудлыг нэн даруй эцэслэн шийдэж УИХ дээр тайлагнана” гэдгээ хэлчихсэн. Дашрамд хэлэхэд Б.Ганхуяг нүүрсний сонсголд оролцвол яг үнэнийг илчилчих байх гэсэн итгэл үнэмшил байна. Учир нь энэ залуу тус компанийг удирдаж байхдаа ковидын үед вакцины төлбөр, иргэн бүрт олгосон 300 мянган төгрөг, БНХАУ-ын Засгийн газарт тусламж болгон өгсөн 30 мянган хонь, төмөр замын бүтээн байгуулалтууд гэхчлэн маш олон тулгамдсан асуудлыг шийдсэн, мөн “ЭТТ” компаниас нүүрс алдагдаад байгаа асуудлыг илрүүлэн “МТЗ” компанийн тухайн үеийн удирдлагуудад мэдэгдэж байсан гэхчлэн шударгаар ажиллаж байсан, байгуулсан гавьяа чамлахааргүй бий юм шүү. Гавьяаг нь ч, гэмийг нь ч ярих ёстой шүү дээ. Тэгвэл яагаад түүнийг “Нийтийн сонсгол”-д оролцуулахгүй байна вэ? Өмнөх Түр хороог ахалж байсан Г.Ганболд гишүүний хувьд энэ асуултын хариуг АТГ руу чихдэг. АТГ хуулийн дагуу мөрдөн байцаалтын явцад нууцлалыг хадгалах үүрэгтэй учраас гээд хуулийн заалтаар тайлбарласан. Энэ бол тухайн үеийн Түр хороотой албан бичгээр харилцсан АТГ-ын байр суурь төдий юм. Уг байр суурь шүүхийн шийдвэр биш шүү дээ. Тиймээс Түр хороо, УИХ дээр шийдвэрээ гаргаад “Нүүрсний хулгайн гэмт хэргийн талаарх нийтийн сонсгол”-оо явуулах бүрэн эрхтэй, чадамжтай, хууль тогтоох дээд байгууллага. Тэд хүсээгүй л байхгүй юу. Тиймээс АТГ-ын албан бичгээр илгээсэн байр сууриар ацаглаж шалтагласан. Тэгэхээр одоо Түр хорооны шинэ дарга, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ташуурдаж Нийтийн сонсголыг зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна.
Хамгийн гол нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ямар нэг улс төрийн шалтгаанаар болон нам нэгтнийхээ шантаажаас эмээж Нүүрсний хулгайн гэх гэмт хэрэгтэй тэмцэх тэмцлээ зогсоохгүй гэдэгт найдаж байна. Энэ бол амаргүй тэмцэл байсан. Тэд өөрсдөө ч сүртэйгээр мэдэгдэж байсан. Бид их мөнгөтэй тэмцэж байна. Бид нам доторх найз нөхөд, ах дүүстэйгээ тэмцэж байна гэхчлэн нийгэмд ямархан дуулиантайгаар эхлүүлснээ мартаагүй байх. Үнэн. МАН доторх “батга байтугай бэтэг, хатиг” хагарлаа. УИХ-д тохой залган суусан эрхэм гишүүдээ нийтэд нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан зарлалаа. Энэ бол шоу байгаагүй. Батлагдсан, нотлогдсон, хуулийн дагуу хийсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүн. Төрийн болон төрийн тусгай байгууллагууд ажлаа хийсэн. Тэдэнд улстөржилт хамаагүй боловч улстөржсөн торон сүлжээн дунд цаг наргүй ажиллаж нөхцөл байдлыг тогтоож, нэр бүхий улстөрчид, нийтийн албан тушаалтнуудыг яллагдагчаар тогтоогоод прокурорын байгууллагад шилжүүлсэн. Наад зах нь дээр дурдсан УИХ-ын долоон гишүүн яг яасныг товчхон дурдъя. Эдгээр улстөрчид бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй учраас хилийн хориг тавих, таслан сэргийлэх боломжгүй, дээр нь түдгэлзүүлчихээд байгаа нэр бүхий хоёр гишүүн асан бий. Тэд Нийтийн сонсгол дээр оролцож үнэн мөнөө олно гэдэгт итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын намрын чуулган эхлэхэд энэ бүхэн цэгцлэгдэх болно. Үүнд:
1. А.Адьяасүрэн. Өөрийн хамаарал бүхий компаниудад олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргуулах зорилгоор АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн даргад чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх хэрэгт
2. Т.Аюурсайхан. Улс төрийн нөлөө бүхий байдлаа ашиглан зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл байгуулсан. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт
3. Д.Бат-Эрдэнэ. УИХ-ын гишүүний бүрэн эрх, улс төрд нөлөө бүхий байдлаа урвуулан ашиглаж 2010-2022 онд “Тавантолгой транс” ХХК-аар “Тавантолгой” ХК-аас их хэмжээний нүүрс тээвэрлэж хууль бус ашиг олсон. Эх үүсвэр нь тодорхой бус байдлаар “Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авч, түүнээс их хэмжээний ногдол ашиг авч мөнгө угаасан гэх хэрэгт
4. Ж.Мөнхбат. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ариунболдод хууль бусаар нөлөөлж “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулах үүргийг өгч байсан, улмаар нүүрс худалдан авах нэмэлт гэрээ байгуулж бусдад давуу байдал бий болгосон, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ үл хөдлөх эд хөрөнгийг мэдүүлээгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт
5. Н.Наранбаатар. Өмнөговь аймгийн Засаг даргаар 2016-2020 онд ажиллах хугацаандаа албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нэр бүхий ААН болон тухайн компанитай нэгдмэл сонирхолтой гадаадын хөрөнгө оруулалттай нэр бүхий компаниудаар дамжуулан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн орд газрын уурхайгаас ашигт малтмал /нүүрс/ олборлох, борлуулах, худалдан авах, тээвэрлэх гэрээг байгуулах эрхийг олгоход нөлөөлж хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэгт
6. Ш.Раднаасэд. “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулахад нөлөөлснийхөө хариуд бусдаар дамжуулж хахууль авсан, улс төрд нөлөө бүхий албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгож Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт хууль бусаар газар олгоход нөлөөлсөн гэх хэрэгт
7. Б.Энх-Амгалан. Тавантолгой нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх орон нутгийн чанартай автозамын “Эзэмших эрх олгох тухай” тушаалаар Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км улсын чанартай автозамыг түр хугацаагаар эзэмших эрх өгч бусдад давуу байдал бий болгосон гэх хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаагаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн яллагдагчаар тогтоогдоод байгаа юм.
Давтан хэлэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 138 иргэн, албан тушаалтан, хуулийн хоёр этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Дээрх 138 иргэний 44 албан тушаалтан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан давуу байдал олгож хохирол учруулсан, 31 албан тушаалтныг хахууль авсан, 38 иргэн, албан тушаалтан, хоёр хуулийн этгээдийг хахууль өгсөн, 23 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжсөн, хоёр албан тушаалтныг худал мэдүүлэх гэмт хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Ганцхан яллагдагч хоригдож байна. Энэ өргөн цар хүрээтэй хэргийг шүүх ч, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч орхигдуулах, огоорох боломжгүй, тийм эрхгүй. Талцаж сөргөлдөх ч үгүйгээр зөвхөн нотлох баримтад тулгуурлан, хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүйгээр, хэсэг бүлэг хүмүүсийн “шантаажаас” эмээхгүйгээр эцэслэн шийдэх ёстой. Ийм л хүлээлт олон нийтэд байна. “Яллагдагч олонтой” хэрэг боловч хэдэн ч удаа Монголын шүүгчдээс татгалзсан гэсэн шүүх эрх мэдлийг дээдэлж энэ хэрэг шийдэгдэх болно. Монголын бүх шүүгчээс татгалзсан ч шүүхээс өөр хэн ч гэмт хэргийг эцэслэхгүй нь үнэн билээ.
/Үргэлжлэл дараагийн дугаарт/