ЁНДОН: ӨӨРСДИЙНХ НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЛИЙГ ЦОХОН ТЭМДЭГЛЭЖ ШҮҮХЭД ХАНДСАН
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид, тодруулбал Автотээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, Ил уурхайн Уулын ажлын хэсгүүд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ныг хүртэл ажил хаялт зарлалаа. Ажил хаялттай холбогдуулан ”Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Г.Ёндон өнөө өглөө мэдэгдэл хийлээ.
Тэрбээр “Наймдугаар сард ээлжийн амралттай байх үед ажил хаях санал ҮЭХ-ноос гаргасан байсан. Ажил олгогчийн хувьд ҮЭХ-той хамтран баталсан дэгээ баримталж, хэлэлцээрийн явцад яригдсан санал, мэдээллийг гадагш гаргахгүй, хэвлэлд хандахгүй гэсэн дэгээ үйлдвэрийн зүгээс сахиж, ажил хаясан тухай мэдэгдэл гартал сошиалд хандаагүйг хэлэхийг хүсэж байна.
Үйлдвэрийн зүгээс ҮЭХ-той зургаан удаа хуралдаж, олон асуудалд зөвшилцөлд хүрч байсан бөгөөд үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэх асуудалд үйлдвэрийн зүгээс тавьсан саналыг хүлээж авахгүйгээр өөрсдөө хурлыг орхиж гарч явсан. Үүний дараа өөрсдийнх нь хууль зөрчсөн үйлдлийг цохон тэмдэглэж шүүхэд хандсан болно.
2023 онд н.Мөнгөншагай нь ҮЭХ-ны сонгуульд өрсөлдөх үедээ үндсэн цалинг 50 хувь нэмэгдүүлнэ гэсэн саналыг оруулж байсан. Тухайн үед сонгуульд өрсөлдөж байсан хүмүүсийн мөрийн хөтөлбөртэй үйлдвэрийн удирдлага танилцаж, зарим зүйлийг хэрэгжүүлэх боломжгүйг анхааруулж, мэдэгдэл гаргаж байв.
Хамтын гэрээнд уг асуудлыг оруулъя гэх үед нь боломжгүйг тайлбарлаж, хэлж байсан. 2024 оноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнуудын цалинг 15 хувиар нэмэх саналыг “Эрдэнэс Монгол” компанийн тайлангийн хурлын үеэр танилцуулж, зөвшилцөлд хүрсэн байсан. Энэ дагуу бизнес төлөвлөгөөгөө боловсруулж байсан.
Энэ нөхцөл байдалд ҮЭ-ээс ажилчдын цалинг нэмэх санал тавьсан бөгөөд бидний зүгээс 2024-2026 онд 15 хувь буюу гурван жилийн хугацаанд 56 хувиар цалинг нэмэх тооцоог гаргаж танилцуулсан. Гэвч ҮЭ-ийнхэн хүлээж аваагүй. Бидний тавьсан санал хэвээрээ байгаа” гэж мэдэгдлээ.