“Эрдэнэс Тавантолгой”-н БЭТ-ийн хугацааг дахин сунгахгүй бололтой

0

Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилоод жил болох гэж байна.

Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд томилсон бөгөөд дөрөвдүгээр сард нэг удаа зургаан сараар сунгасан. Ингээд ирэх сарын 24-нд БЭТ-ийн хугацаа дуусах бөгөөд дахин сунгах эсэх, шийдвэрийг Засгийн газар эхлээд гаргана. Хэрвээ сунгах бол хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө саналаа УИХ-д оруулах хуультай бөгөөд эцсийн шийдвэрийг Их хурал гаргана.

Гэхдээ Засгийн газар БЭТ-ийг дахин сунгахгүй байх байр суурь барьж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. БЭТ томилоод компани түүхэнд байгаагүй өндөр ашигтай ажиллаж, цалин, тэтгэвэр нэмэх боломж бүрдсэн ч цаашдаа компанийг журам ёсоор үйл ажиллагааг нь явуулах ёстой гэж үзэж байгаа аж. Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын хугацааг сунгахгүй бол дараагийн гүйцэтгэх захирлын асуудал яригдана. Гэхдээ дараагийн гүйцэтгэх захирлаар Засгийн газар хүнээ томилох уу, сонгон шалгаруулалт зарлаж, тухайн албан тушаалын шаардлага хангасан хүнийг томилох уу гэдэг одоогоор тодорхой болоогүй байна.

Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “Засгийн газрын үйл ажиллагаан дээр дүгнэлт гаргуулж байгаа. Үүн дээр аливаа компани засаглалын хувьд ном журмаараа явах ёстой гэсэн агуулга бий. БЭТ томилох нь тийм ч зүй зохистой зүйл биш. Бусад хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрхэн хангаж байгаа вэ гэдэг асуудал яригддаг. Үүнийг би Засгийн газрын хуралдаанд ярьсан. Бид эдийн засаг талдаа ямар алдаа оноо гаргаж байгааг судалгааны байгууллагууд гаргаад явж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчит компаниудынхаа засаглалыг сайжруулж, сонгодог компанийн засаглалаар ажиллуулах ёстой. Гүйцэтгэх захирлыг нээлттэй сонгон шалгаруул гэдэг шаардлагуудыг судалгааны байгууллагууд тавьсан. Бид жил гаруйн өмнө Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Төр ямар бизнес хийх, ямрыг нь хийхгүй вэ гэдгийг хуулийн төсөлд тодорхой биччихсэн. Төр өөрийнхөө хийх бизнесийн гүйцэтгэх удирдлагаар улс төрийн нам хүн томилохгүй гэж хуульд бичсэн. Харин мэргэжлийн гүйцэтгэх удирдлагыг олон улс, нийтэд нээлттэй зарлаж томилно гэсэн. Түүнээс залуучуудын холбоонд явж байгаад шууд гүйцэтгэх удирдлагаар очих асуудлыг хаана” гэсэн юм.

Хууль зүйн сайдын хэлснээр Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын тухай хуулийн төслийг баталбал цаашдаа төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлаар эрх баригч нам хүнээ томилох бус, нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, тухайн ажлын байранд тэнцэх хүнийг томилдог болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *