Хятадад саатуулагдсан Д.Наранхүү нь Ш.Раднаасэд, Д.Ариунболд нарын “нүүрсний” найз байжээ
АТГ-ынхан гадны улсуудын тусгай албадтай хамтран, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн бие төлөөлөгчөөр ажиллаж байсан Н-ийг саатуулсан, эх оронд нь удахгүй авчирна гэх мэдээллийг өгөөд буй. Тэгвэл нүүрсний хэрэг шалгагдаж эхлэх үеэр буюу 2022.12.09-ний өдөр Монгол Улсын хилээр гарч, улмаар БНХАУ-ын Шанхай хот, Макао зэрэг бүс нутгуудаар зорчин, царай төрхөө хувиргаад байсан Н гэж хэн бэ?
Н гэдэг үсгийн товчлол нь Д.Наранхүү гэдгийг бид эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн зарлаж байна.
Д.Наранхүү нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн албан ёсны бие төлөөлөгчөөр ажилласан гэгдэж буй. Гэхдээ бие төлөөлөгчдөөр 2016 оноос Н.Эрдэнэ-Очир, н.Оргил, г.Тунгалагтамир зэрэг 4-5 хүн албан ёсоор ажилласан. Эдгээр бие төлөөлөгч дотор Д.Наранхүү багтаагүй байна. Мөнхүү УИХ-ын гишүүний ажлын албанд нь ч Д.Наранхүү багтаж байгаагүй аж.
Д.Наранхүү нь ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдтой ойрын харилцаатай. Ш.Раднаасэд, Д.Ариунболд нар Говь-Алтай аймагт хамт ажиллаж, албан байгууллагуудад автомашин, малчдад өвс тэжээл, бэлэн мөнгө зэрэг бэлэг сэлт тараах үер Д.Наранхүү тэдний төлөөлөл байдлаар хэд хэдэн удаа ажилласан түүхтэй аж.
АТГ-аас явуулсан ажиллагааны хүрээнд Д.Наранхүү урд хөршид олон танилтай нь тогтоогдсон бөгөөд, нүүр хувиргах мэс засалд орж, хятад иргэдийн нэр дээр байр түрээслэн ашиглаж байжээ. Д.Наранхүүг өнгөрөгч баасан /2023.09.15/-ны өдөр саатуулсан. Хурууны хээ нь таарч буй ч гадаад паспортын нүүр зураг зөрсөн байдалтай байгаа аж.
Д.Наранхүүг эх оронд нь авчирч, нүүрсний хэргээр бусдад авлига зуучилсан, мөнгө угаасан хэргүүдээр яллагдагчаар татан шалгах юм байна. Түүнийг авчрах ажиллагааны асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар урд хөршид энэ өдрүүдэд ажиллахаар бэлтгэж байгаа аж.
Д.Наранхүүгийн тухайд Ш.Раднаасэд, Д.Ариунболд нарын туслах, төлөөлөгч гэхээсээ илүү тэдэнтэй бизнес, найз нөхдийн хамааралтай байсан гэх мэдээлэл байна. Хуулийн байгууллагаас өнгөрсөн хугацаанд Ш.Раднаасэд, Д.Ариунболд нартай хамаарах хэрэгт эрүү үүсгэн шалгасан бөгөөд прокурорт шилжихээр хэрэг нь хүлээгдэж байгаа юм.
Энэ хэрэгтэй хамааран шалгагдах үндэслэл бүхий этгээдээр оргон зайлаад байсан Д.Наранхүү нэрлэгдэж байгаа бөгөөд хэргийн явцыг бид дэлгэрүүлэн мэдээлэх болно.
Эх сурвалж: eguur.mn