Дарга нараа “айлгах“ гэсэн Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын мессеж хэр хол явах вэ

0

Хуулийнхан бат нягт мөрөөр нь орсонд Б.Ганхуяг шүүхийн өмнө сандарч, Т.Аюурсайхан барьц алдаж эхлэх шиг боллоо. Учир нь Б.Ганхуяг нэг бол “Нүүрсний ямарч хэрэг байхгүй”, эсвэл “Би байгаа хэргүүдийг гаргаад хэлье. Миний амь насыг хамгаалаад өг” гэх зэргээр тэнгэр газар шиг зөрүүтэй зүйлсийг шүүх танхимд хэд хэдэн удаа ярих нь тэр. Үүнийг нь Т.Аюурсайхан хүртэл дэмжиж “Маш ноцтой мэдэгдэл хийлээ. Энэ хэргийг хамтдаа илрүүлэлцээд өгье” гэв.

Эндээс Б.Ганхуяг цагдан хорионы захирамжаасаа эхлээд л өөрийг нь гаргана, хэн нэгэн хамгаална гэж найдаж байсан нь илт анзаарагдаж буй юм. Урьдчилсан хэлэлцүүлгийн хамгийн эхний хурал дээр гэхэд л Б.Ганхуяг “Хурдан гэм буруугийн шүүх хурлыг товлоод өг. Тэгвэл би суллагдана гэсэн захирамж” байгаа гэх агуулгыг дурдаж байсан. Уг нь эрүүл ухаанаар сэтгэхэд өөрийгөө гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө шийдүүлэх биш нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгаад хэрэгсэхгүй болгуулах тактикийг барих ёстой. Гэвч өөрийгөө шүүгээд өгөөч гээд байсан нь хачирхалтай. Магадгүй хууртсан, хэн нэгэнд гүн бат итгэж байсан учраас ямар нэг аргаар хорихоос гарах аргаа л хайж байсны шинж байх.

Өчигдрийн Б.Ганхуягийн хэлсэн үг үйлдэл нь нүүрс дагасан асар их хэмжээний авлига, албан тушаалын хэрэг байгааг тов тодорхой гэрчилж буй юм. Үүнд нь мэдээж улстөрчид өргөн фронтоор оролцсон. Гэхдээ Б.Ганхуягийн бүгдийг нь яръя гэдэг зүгээр нэг “надаар туг тахилаа” гэсэн өс авах сэдэл байсан уу. Намын дарга нараа айлгах гэсэн тактик байсан уу гэдгийг давхар бодох нь зүйтэй.

Улс төр талаас нь үйл явдлыг дүгнэж харвал Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын илчлээд өгье гэх үйлдэл нь намын дарга нартаа өгч буй мессеж гэж харахаар байна. “Хэрвээ бидэнд ингээд бүх хэргийг үүрээлээд дуусгавал дараагийн шүүх хурал нээлттэй явбал бүгдийг нь ярина шүү” гэсэн тов тодорхой мессеж юм. Өөр нэг ноцтой зүйлийг шүүх хурлын үеэр Т.Аюурсайхан ярьсан байдаг. Тэрбээр “Мэдээлэл өгье” гэх Б.Ганхуягийн маш ноцтой хүсэлтийг хүлээж авах ёстой. Тэр бол зангилаа дээр нь байсан хүн. Хамт илрүүлэлцээд өгье. “Нүүрсний” гэх хэргийн цаана хэн байгаа юм. Оффтейк гэрээ гэж юу юм, 733 нүүрсний гэрээ гэдэг нь юу юм, 576 бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээний цаана ямар сайд, дарга, гишүүд нь байгаа юм. Нүүрс тээврийн 298 компаниудын ард ямар эрх мэдэлтнүүд байгаа юм. Магадгүй үүний цаана хууль, хяналтын, хил гаалийн хүмүүс байна гээд л яриад байдаг үүнийг нь хамт илрүүлэлцээд өгье. Удахгүй УИХ дээр ч гэсэн сонсгол нь явна” гэв.

https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FUbndotmn%2Fvideos%2F851877189600778%2F%3Fref%3Dembed_video&show_text=0&width=476

Т.Аюурсайхан ч гэсэн Б.Ганхуягийгаа дагаад сүүлийн “сум”-аа тавина гэдэг сануулга өгч буй нь энэ. Тиймээс улс төр талаасаа буюу Ардын намынхан энэ хоёр эрхмийн асуудалд хэрхэн хандах вэ гэх асуулт ихээхэн сонирхол татаж байна.

Хэрвээ дараагийн шүүх хурал дээр энэ хоёр эрхэм ярих гээд байгаа зүйлсээ хэлээд эхэлвэл улс төр жинхнээсээ бужигнах болно. Б.Ганхуягийн хувьд ялын хэмжээ нь, зүйл анги нь цаашдаа ч нэмэгдэх магадлалтай байгаа. Нүүрсний сонсгол явсны дараа, хуулийн байгууллагын шалгалт дахиад явсны дараа жинхэнэ нүүрсний хэргүүд нь босч ирнэ магадлалтай гэнэ. Тэрийг ч ойлгосон Б.Ганхуяг “надад 100 жилийн ял өгөх юм байна л даа” гэсэн үгийг унагасан хэрэг.

Мөн өчигдрийн шүүх хурлын дараагаар бараг л тодорхой болсон нэг зүйл бол Х.Нямбаатар ахлагчтай түр хороо “Нүүрсний сонсгол” зохион байгуулахдаа Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг оруулж ирж чадахааргүй нөхцөл байдал бүрдлээ. Учир нь энэ хоёр дээр дурдсанчлан хэн нэгнээс өс авах зорилгоор, эсвэл ганцаараа ялтан болохгүй гэж үзээд хамаагүй яриад эхэлбэл аюул болно. Уг нь түр хороог ахалж байгаа Х.Нямбаатар сайд “Нүүрсний хэрэгт холбогдоод хоригдож байгаа, шалгагдаж байгаа зарим хүмүүсийг түр хорооны хуралд оруулаад сонсмоор байна” гэж байсан. Гэвч нөхцөл байдал амаргүй болж эхэлсэн тул нүүрсний сонсголд Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг оруулцуулахгүй байх. Оролцууллаа гэхэд маш их эрсдэл дагуулна. Эсвэл том тохироо явсны үндсэн дээр л оруулж ирнэ.

Ямартаа ч бид хоёр зүйлийг хүлээх боллоо. Эхнийх нь дараагийн шүүх хурал нээлттэй хэвээрээ үргэлжлэх үү. Сонсголд Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нар оролцох уу. Үйл явдлыг чиг мөр энэ сарын 28-нд болох эдгээр хүмүүсийн гэм буруугийн шүүх хурлаас ихээхэн шалтгаална. Яллагдагчдын зүгээс хурлыг хойшлуулах, сонсгол хүртэл шүүхийг удаах тактик барьж мэдэхээр байна. Үйл явдал хэрхэн өрнөхийг хамтдаа харцгаая.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *