Талийгаач Г.Ганжаргалын эхнэр шинжилгээний дүгнэлт үнэн гарна гэдэгт итгэхгүй байгаа гэв
Монгол Улсын зөвлөх эмч, анагаах ухааны доктор Г.Ганжаргал хоёр жилийн өмнө “Хасу шивэрт” рашаан сувиллын газарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэргийн эцсийн шийдвэр гараагүй, шалгалтын ажиллагаа үргэлжилсэн хэвээр байгаа аж.
Талийгаач Г.Ганжаргалын биед “Задлан шинжилгээ хийх багийн бүрэлдэхүүнийг дахин томилсон. Уг бүрэлдэхүүнд хэрэгтэй холбоо бүхий хүмүүс орсон” гэх мэдээллийн дагуу талийгаач Г.Ганжаргалын гэр бүлээс мэдэгдэл хийлээ.
“Өнгөрсөн зургаадугаар сард бид хэвлэлийн бага хурал хийсэн. Тэр үед гурав дахь шатны бага хурал хийгдэх талаар мэдээлэл хүргэсэн. Дахин шинжилгээгээр нүүр ам судлалын салбар зөвлөлийг оруулах мөн энэ салбар зөвлөл орсноороо хөндлөнгийн ашиг сонирхол орох магадлалтай. Нүүр ам судлалын салбар зөвлөлийг оруулахаар болсноос гадна, хэрэгт холбогдолтой этгээдүүд шинжээчийн багт нь орсон талаар мэдэгдэл хийж байна.
Нөхөртэй минь хамт амьдарч, амь насаа алдах үед хамт байсан Нүүр ам судлалын сургуулийн захирал Батбаяр болон Согог судлалын танхимын эрхлэгч Гантөмөр эдгээр хүмүүс задлан хийх багт орчихсон.
Би зургаадугаар сараас хойш бүхэл бүтэн гурван сарын хугацаанд хөөцөлдөж, одоо гурав дахь шатны шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв гарна гэдэгт манай тал итгэхгүй байна.
Дотрын салбар зөвлөл, Яаралтай түргэн тусламжийн салбар зөвлөл, Гэмтлийн салбар зөвлөл, Нүүр ам судлалын салбар зөвлөл, Эмгэг судлалын салбар зөвлөл гэх газруудад нүүр ам судлалын салбар зөвлөлийг битгий оруулаач гэдэг хүсэлтийг маш их өгсөн. Нүүр ам судлалын салбар задлан хийх материалаа өгч уг хэрэгт холбоотой этгээдүүдийг задлангийн багт оруулсан.
Дахин шинжилгээний дүгнэлт үнэн зөв гарна гэдэгт итгэхгүй байгаа болохоор хэвлэлийнхэн дуудахад хүргэлээ. Өмнөх хоёр задлан шинжилгээгээр ямар ч үндэслэлгүй дүгнэлт гарч. Уг дүгнэлт нь юуг ч баталж чадахгүй байгаа юм. Унасныг бол шинжлэх ухааны үндэслэл дээр тайлбарлаж чадахгүй. Тиймээс гурав дахь шатны шинжилгээг хийхээр болоод байна”