Экологийн цагдаагийн албаны тасгийн дарга асныг цагдан хорьжээ

0

Экологийн цагдаагийн албаны тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Я.Билэгдэмбэрэлийг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож, хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Тэрбээр цагдаагийн байгууллагаас шилжиж, ДХИС-д ажиллаж буй нэгэн юм.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн түүнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хорьсон байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт нөхөрлөл нэрийн дор алт олборлодог хүмүүст давуу байдал олгож, цагдаагийн байгууллагын хамгаалалтад авсан талбайд “нинжа” нарыг оруулан, удаа дараа хахууль авсан гэж түүнийг буруутгаж буй юм билээ.

Зарим цахим мэдээллийн хэрэгсэлд Я.Билэгдэмбэрэлээс гадна Экологийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, хурандаа Б.Цогбаатар, тус албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга асан, өнгөрсөн өвөл бас цэргийн байнгын тэтгэвэрт суусан, дэд хурандаа Б.Ганхуяг нартай хамт шалгаж буй хэмээн бичсэн.

Бидэнд олдсон мэдээллээр зөвхөн Я.Билэгдэмбэрэлийг л авлигын хэрэгт холбогдуулан цагдан хорьж шалгаж байгаа аж. Тэрбээр 2019 оноос хойш хэчнээн удаа бусдад давуу байдал олгож, хэдий хэмжээний хахууль авсан гэдэг нь одоогоор тодорхой болоогүй гэнэ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *