Газар, орны нэр өөрчилсөн Баян-Өлгийн 15 хүнд хилийн хориг тавьж, шүүхэд бэлэн болжээ
Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрийн унаган нэршил, уул, усны нэрийг Казак нэрээр нэрлэсэн асуудал өдгөө шүүхээр орж, шийдвэрлэгдэх гэж байна.
Энэ асуудлыг 2020 оны сүүлээр Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж дуусаад Нийслэлийн прокурор руу шилжүүлсэн байдаг.
Тухайн үед
- Аймгийн Засаг дарга асан А.Гылымхан, /Одоо АТҮТ-ийн дэд дарга/
- Аймгийн Засаг дарга асан Д.Баурыжан,
- Орлогч асан А.Камелият /Одоогийн Засаг дарга/
- Орлогч асан Ш.Хабыл /Одоо ИТХ-ын дарга/
- Аймгийн Улсын бүртгэлийн дарга асан С.Арман
- хуулийн хэлтсийн дарга асан А.Серикболат
- ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга асан К.Бекжан
- Сагсай сумын Засаг дарга асан С.Хонаев зэрэг 15 хүнийг эрүүгийн хариуцлагад татан шалгаж эхэлсэн.
Тэднийг Эрүүгийн хуулийн 19.16 дахь хэсэгт заасан “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн” хэмээн буруутгаж буй.
Улаанхус, Дэлүүн, Сагсай зэрэг сумдад шинээр баг байгуулахдаа улсын бүртгэлд Казак нэрээр бүртгүүлсэн байгаа юм.
Өдгөө эл хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа аж. Улмаар холбогдох хүмүүст хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.
Баян-Өлгийд газар орны нэрийн асуудал хилийн болон үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн гэдэг. Тухайлбал, хил хамгаалах байгууллагынхны хийсэн судалгаагаар тус аймагт уламжлалт монгол газар усны нэрийн 85 хувийг нь казак болгочихсон, казах аялга оруулчихаад буйг тогтоосон байдаг аж.
Эх сурвалж: Eguur.mn