ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн газарт хэлтсийн дарга асан А.Энхбат нарыг цагдан хорьжээ
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга асан, саяхныг хүртэл ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа А.Энхбат, Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшиж байгаад мултарсан, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга асан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга асан, өдгөө ЗДТГ-ынхаа Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж буй, дэд хурандаа С.Батжаргал, “Эко петролиум” ХХК-ийн захирал Г.Баттулга нарыг өчигдөр тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шүүх хурал болтол цагдан хорьжээ.
А.Энхбат, Ж.Отгонхүү, өдгөө тус С.Батжаргал нар улсын орлого болгосон дэрвэгэр жиргэрүүг Г.Баттулгын “Эко петролиум” ХХК-д давуу байдал олгон худалдсан хэрэгт холбогдсон билээ. Цагдаагийн газрын дарга, хурандаа А.Энхбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүү нар ажилтнуудынхаа хураасан дэрвэгэр жиргэрүүг хуулийг дагуу шийдвэрлэх ажлын хэсгийн гишүүн, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч А.Бямбадорж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа С.Батжаргал нарт нөлөөлж, дээрх компанийг тендерт шалгаруулсан байдаг.
Тус компани нь байгалийн ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж бөгөөд ийнхүү дэрвэгэр жиргэрүү худалдан борлуулах тендерт ялснаар орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгагдаж байгаа юм.