Х.Баттулгын ОХУ-тай 2019 онд байгуулсан “Дуусах хугацаагүй” гэрээний дараа “Монголын төвийг сахих бодлого, Нарийн царигийн төмөр замтай байх тогтоол” цуцлагджээ
“Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хүрэлцэн очоод байна. Тэрбээр өчигдөр /2023.10.17/ орой 21:00 цагийн орчимд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзалт хийсэн юм. Тэдний уулзалтын зарим хэсгийг Оросын хэвлэлүүд дамжуулсан юм.
Тодруулбал,уулзалтын эхэнд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, “2019 онд манай хоёр талын суурь баримт бичиг болох найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ байгуулсан” гэж яриагаа эхэлсэн байгаа юм. Товчхондоо, В.Путин 2019 оны Стратегийн түншлэлийн гэрээг сануулаад шууд яриагаа эхэлсэн гэсэн үг.
ВИДЕО:
https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FIsee.mn%2Fvideos%2F1049695576052827%2F&show_text=false&width=560&t=0
-Х.БАТТУЛГА, В.ПУТИН НАР “МОНГОЛ, ОРОСЫН СТРАТЕГИЙН ХУГАЦААГҮЙ ГЭРЭЭ” БАЙГУУЛЖЭЭ-
Тэгвэл 2019 онд Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай байгуулсан тус гэрээнд шүүмжлэлтэй олон асуудал байгаа талаар зарим иргэд ярьдаг. Тодруулбал, тухайн үед ерөнхийлөгч байсан Х.Баттулгын урилгаар 2019 оны есдүгээр сарын 03-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин манай улсад “нэг өдөр”-ийн айлчлал хийж, энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож байв. Харин тус айлчлалын үеэр Х.Баттулга, В.Путин нар “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хооронд”-ын “хугацаагүй гэрээ”-нд гарын үсэг зурсан байдаг. Тодруулбал,тус гэрээний Хорьдугаар зүйлд, “Энэхүү гэрээг хугацаагүйгээр байгуулсан бөгөөд хэлэлцэн тохиролцогч Талуудын тохиролцсоноор нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэсэн байдаг.
Улмаар тус гэрээнд талууд бие биедээ мэдээлэл дамжуулах заалтыг тусгасан байдаг. Тодруулбал,гэрээний тавдугаар зүйлд, “Аль нэг Талын үзэж байгаагаар олон улсын энх тайванд заналхийлж, тухайн Талын аюулгүй байдлыг хөндөх эсхүл олон улсын хэмжээнд хүндрэл учруулах нөхцөл байдал үүсэх тохиолдолд түүнийг шийдвэрлэх боломжтой apгa замын талаар Талууд бие биедээ мэдээлж байна. Аль нэг Тал нь аюулгүй байдлынх нь эрх ашигт заналхийлэл учирч болзошгүй гэж үзвэл түүний хүсэлтээр нэн даруй зөвлөлдөнө” гэжээ.
-ЦАРИГИЙН НЭГДСЭН СТАНДАРТ ӨРГӨНД ТУЛГУУРЛАСАН ТӨМӨР ЗАМЫГ БИЙ БОЛГОХ ГЭЖЭЭ-
Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед “Монгол улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д элсүүлэх асуудал хүчтэй яригдаж байсан. Тэгвэл Монгол-Оросын стратегийн гэрээнд “бүc нутгийн байгууллагад нөгөө талаа элсэх, эсхүл үйл ажиллагаанд нь оролцоход бие биедээ дэмжлэг үзүүлнэ” гэсэн заалтыг оруулсан байдаг.
Тодруулбал,гэрээний Наймдугаар зүйлд, Талууд олон улсын болон бус нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, энх тайван, аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг дэлхийн болон бус нутгийн хэмжээний асуудлыг шийдвэрлэх үүднээс НҮБ, олон улсын бусад байгууллагын хүрээнд xoëp улсын хамтын ажиллагааг xөгжүүлэх, аль нэг Тал нь гишүүн бол эдгээр олон улс, бүc нутгийн байгууллагад нөгөө Талаа элсэх, эсхүл үйл ажиллагаанд нь оролцоход бие биедээ дэмжлэг үзүүлнэ” гэж.
Цаашлаад Х.Баттулгын ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай байгуулсан Монгол, Оросын стратегийн гэрээнд “царигийн нэгдсэн стандарт 1520 мм өргөнд тулгуурласан төмөр замыг бий болгох хамтарсан ажлыг Талууд үргэлжлүүлнэ” гэж оруулсан байдаг. Тодруулбал, гэрээний арван хоёрдугаар зүйлд, “… Дамжин өнгөрөх тээврийн үp ашгийг дээшлүүлэх, хил дамнасан тээврийн шинэ коридор байгуулах, түүний дотор авто зам болон УБТЗ-ын хүрээнд царигийн нэгдсэн стандарт 1520 мм өргөнд тулгуурласан төмөр замыг бий болгох хамтарсан ажлыг Талууд үргэлжлүүлнэ …” гэжээ.
-Х.БАТТУЛГЫН ҮЕД ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМ НАРИЙН ЦАРИГТАЙ БАЙНА ГЭСЭН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОН ЗЭРЭГ НЬ ОХУ-ТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭТЭЙ ХОЛБООТОЙ БАЙЖ МАГАДГҮЙ-
Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байхад “Монгол Улс байнга төвийн сахих” тухай 2015 оны 375 дугаар тогтоол хүчингүй болсон юм. Үүнийг “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 375 дугаар тогтоолыг хүчингүй болгосон гэдэг.
“Байнга төвийг сахих” бодлого гэдэг дайны үед ч, энх цагт ч хэвээрээ байдаг бодлого юм. Төвийг сахисан улс орон нь гадны халдлагад өртсөн тохиолдолд өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй. Харин бусад улс орны эсрэг дайн өдөөхгүй, тэдний өдөөсөн дайнд оролцохгүй байх үүргийг сайн дураараа хүлээдэг. Байнга төвийг сахих статустай орон өөрийн гэсэн арми, зэвсэгт хүчинтэй байх дархан эрхтэй гэдэг.
2020 оны тавдугаар сарын 06-ны өдөр “Монгол Улсын төвийг сахих” бодлого цуцлагдаж байсан бол, мөн сарын 13 /2020.05.13/-ны өдөр Үндсэн хуулийн цэц дунд суудлын хурлаа нууцхан хийж “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цариг нарийн буюу 1435 мм байна гэсэн УИХ-ын 64 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байдаг. Ингэснээр тус чиглэлийн төмөр зам 1520 мм “бүдүүн цариг”-тай тавигдах нөхцөл бүрдсэн. Энэ бүхэн нь Монгол, Оросын стратегийн гэрээтэй холбоотой байж болзошгүй юм.
Эх сурвалж: isee.mn