МҮОХ-ны газар, тамирчдын нөхөн сэргээх төвийг зувчуулсан Э.Бадар-Ууганы дахисан шунал
Одоогоос яг 15 жилийн өмнө “Бээжин -2008” хүн төрөлхтөний эв нэгдлийн наадмаас монгол хүн анх удаа алтан медаль хүртэж байв. 2008 оны наймдугаар сарын 14-ны өдөр Н.Түвшинбаяр жудогийн -100 кг жинд алтан медаль, Э.Бадар-Ууган алтан медалийн эзэн болсон. 44 жил хүлээсэн олимпийн аваргын алтан медалийг тэд 2008 онд ихэрлүүлж, монгол түмнээ нэгтгэж байлаа.
Харамсалтай нь нэг нь хүн амины хэргээр шоронд, нөгөөх нь Монголын Үндэсний олимпын хорооны газар дээр хувийн эрх ашиг, шуналт сэтгэлээ гүйцэлдүүлэхийн тулд иргэдийн бухимдлыг хүргэж явна.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууганы барилгаас үүдсэн зодоон цахим орчинд багагүй шуугиан тарив.
-МҮОХ-ны ЕНБД болуутаа газрыг нь хувийн компани руугаа зувчуулав-
Э.Бадар-Ууган Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхий Нарийн Бичгийн даргын албан тушаалыг долоон жил хашиж байна. Анх 2017 онд эл албан тушаалд очиж байсан бөгөөд улиран сонгогдсон билээ.
Чухам тэр үеэс л МҮОХ-ны газрыг хувьдаа завших боломж гаргаж эхэлсэн байдаг.
Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 2971м2 газраа “Монголын Үндэсний олимпын хороо” ТББ “Тамирчдын нөхөн сэргээх сувилал” ХХК-д нөхөн сэргээх сувиллын зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/420 дугаар захирамжийн хүрээнд гаргуулсан байна.
2012 онд Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл гэсэн хоёр дарга дамнан хотыг удирдсан.
Гэтэл Э.Бадар-Ууган МҮОХ-ны ЕНБД болсоноос хойш нэг жилийн дараа буюу 2018 онд “Тамирчдын нөхөн сэргээх сувилал” ХХК-ийн эзэмшил дэх 2971м2 газрыг нь хувийнхаа “Өөжин” ХХК-ийн эзэмшилд 15 жилийн хугацаатайгаар шилжүүлэн авсан байна.
2018 оны арванхоёрдугаар сарын 10 хүртэл Хотын даргаа Су.Батболд ажилласан. Тэрбээр МҮОХ-ны газрыг хувийн хэвшил рүү гаргах шийдвэр гаргасан билээ.
Ингэж МҮОХ-ны газар Э.Бадар-Ууганых болсон түүхтэй.
-3.7 тэрбумын өртөгтэй тамирчдын нөхөн сэргээх төвийг нь дээрэмдэж, “Өөжин мед” эмнэлэг ажиллуулав-
“Өөжин” ХХК нь зувчуулсан 2971 м2 газартаа “Өөжин Мед” нэртэй эмнэлэг ажиллуулж байна. Энэ эмнэлгийн барилгыг мөн л зувчуулж авсан түүхтэй. Анх спорт сонирхогчдын хандив тусламжаар МҮОХ-ны газрын 1980м2 талбайд баригдсан таван давхар нь тамирчдын нөхөн сэргээлтийн төвийн зорилготой байв.
Гэвч Э.Бадар-Ууганы эзэмшилд авахад тухайн үеийн МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн агсан, Захиргааны албаны дарга асан, хуулийн зөвлөх Б.Наранцэцэг нар гол рольтой оролцсон. Тэднийг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, МҮОХ-ны хорооны хөрөнгөөр баригдаж, өмчлөлд байсан 1980м2 талбайтай, 5 давхар байрыг бусдад шилжүүлэн, завшиж үрэгдүүлсэн гэж үзэж, шүүхээс ял оноосон билээ.
Удалгүй өршөөлийн хуулиар суллагдаж, хууль зөрчиж газартай болсон Олимпын аварга Э.Бадар-Ууганы газар, барилгын аль алиныг нь ч өгөлгүй “Өөжин Мед” эмнэлгээ өдгөө ч ажиллуулсан хэвээр байна.
Тухайн үед эл үл хөдлөх хөрөнгө 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байсан бол өнөөдрийн зах зээлийн 15 тэрбум орчим үнэ өртөгтэй юм байна.
-20 давхар орон сууц барих зөвшөөрлөө Д.Сумъяабазарыг Хотын дарга байхад, Ц.Тулгаас авчээ-
Одоо ч түүний шунал дуусаагүй. “Өөжин Мэд” эмнэлгийн чанх хойд талд 20 давхар орон сууцны хороолол барихаар барилгын ажлаа эхлүүлсэн нь өнөөдрийн гол асуудал. Уг барилгыг өөрийн хувьцаа эзэмшдэг “Өөжин” ХХК-аараа барихаар зөвшөөрөл сэлтээ аваад байгаа юм.
Барилгын зөвшөөрөл нь 2023 оны 9-р сарын 13-ны өдөр гарчээ. Хот байгуулалт, Хөгжлийн Газрын дарга Ц.Тулга нь БАЗГ 2023-676 дугаартай зөвшөөрөл олгосон байна. Үүнийг нь Барилгын Тухай Хууль, Захиргааны Ерөнхий Хууль, Зөвшөөрлийн тухай хуулийг ноцтой зөрчиж зөвшөөрөл олгосон, авилга авч, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж оршин суугчид шалгуулахааар хууль хяналтын байгууллагад хандаад буй аж.
Харамсалтай нь Хот байгуулалтын хөгжлийн газар гаргасан шийдвэрээсээ буцаж ухарч явна. Саяхан шалгалт хийж, улмаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлах шийдвэр гаргаж жүжгилсэн байх жишээтэй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга асан Д.Сумъяабазар нар “нэг ч барилгын зөвшөөрөл гаргахгүй” гэснээс хойш өгсөн нь анхаарал татаж байна.
“Өөжин” ХХК-ийнхаа тодорхой тооны хувьцааг Япон улсын иргэн KATO KEIICHI-н нэр дээр бүртгүүлж, түүний хөрөнгөөр дээрх шинэ 20 давхар барилгаа барихаар болжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар KATO KEIICHI нь японы якуза нарын мөнгийг Монгол улсад оруулж ирж угааж байж болзошгүй юм байна
-“Өөжинмед” ХХК-ийн захирлаар Х.Азжаргал бүртгэлтэй байна-
5886805 регистрийн дугаартай “Өөжинмед” ХХК-ийг Гүйцэтгэх захирлаар түүний эхнэр Хангарьдын Азжаргал ажилладаг. Харин хувь эзэмшигчээр Энхбатын Бадар-Ууган, Японы иргэн Като Кейчи гэх иргэнтэй хамт бүртгэлтэй байгаа юм.
-“Өөжин” ХХК-
5887011 регистрийн дугаартай “Өөжин” ХХК-ийн удирдлагаар Жаргалсайханы Солонго, хувь эзэмшигчдээр Энхбатын Бадар-Ууган, Японы иргэн KATO KEIICHI /Като Кейчи/ нар бүртгэлтэй байна.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, түүний эхнэр Х.Азжаргал нар олимпын хорооны хөрөнгөнд ханаж цадах болоогүй аж. МҮОХ-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг ажиллаж байгаа бөгөөд олимпын хорооны хөрөнгө, газар дээр барьсан барилгад эзэн суусан олимпын аварга МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганы асуудалд ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа юу гэдэг асуулт хариулт нэхэж байна.