НӨАТ-ыг зарим оронд зах зээлийн гүйлгээгээ хянах зорилгоор аваад 100 хувь буцаан олгодог бол, Монголд улсын төсөв бүрдүүлж байна
НӨАТ буюу Нэмүү Өртгийн Албан Татварыг бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн 10 хувьд тэнцэхүйц мөнгөн дүнгээр тооцож авдаг. Харин үүнээс хоёр хувийг нь л иргэдэд буцаан олгодог.
Харин аравдугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийтийн хүлээн авах улсын цахим системийг танилцуулж, өөрийн зүгээс нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал байршуулснаа мэдээлсэн юм. Харин Сангийн сайд Б.Жавхлан таван хувийг буцаан олгох ямар ч боломжгүй гэдгийг хэлж байсан юм.
ВИДЕО:
https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FIsee.mn%2Fvideos%2F1352829941995170%2F&show_text=false&width=476&t=0
– НӨАТ БОЛ ЗАХ ЗЭЭЛИЙН ГҮЙЛГЭЭГ ХЯНАХ ЗОРИУЛАЛТТАЙ БҮРТГЭЛИЙН СИСТЕМ –
Олон улсад НӨАТ-ыг арай өөр журам, үүрэг зориулалтаар авч ирсэн. Тухайлбал БНСУ-д нэмүү өртгийн албан татварыг зах зээлийн гүйлгээг хянах зориулалтаар аваад 100 хувь буцаан олгодог. Гэтэл Монгол Улс татварын орлогоо бүрдүүлэхийн тулд иргэдээс НӨАТ-ыг авч байна. Тэгвэл бид МУИС-ын эдийн засгийн тэнхимийн дэд профессор М.Ууганбаяраас НӨАТ буюу нэмүү өртгийн албан татварыг олон улсад ямар зарчмаар хэрэглэдэг болон НӨАТ-ын таван хувийг буцаан олгох боломж бий эсэх, хэрэв таван хувь болгон нэмэгдүүлбэл Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар тодрууллаа.
Тэрбээр, “Нэмүү өртгийн албан татвар харьцангуй сүүлд бий болсон татварын систем. НӨАТ-ыг дагаад татварын систем болон бүртгэлийн систем давхар явагдаж байгаа. Ер нь хэр зэрэг хэмжээний нэмүү өртөг буюу баялаг бүтээж байна түүнийхээ арван хувийг татвар болгож төлөх тухай асуудал. Буцаан олголт болон сугалаа нь татвар төлөлтийг дэмжихийн тулд хийж буй механизм. Буцаан олголт хийдэг улс их цөөхөн байдаг. Буцаан олголт болон сугалааг зэрэг ашигладаг улс бол бүр гарын таван хуруунд багтах хэмжээний л цөөхөн бий. Харин худалдан авалт хийчихээд тухайн улсаас гарч байгаа бол гаалийн газраа баримтаа үзүүлээд буцаан олголтоо авдаг. Энэ нь экспортыг дэмжиж буй нэг хэлбэр.
– НӨАТ ТИЙМ Ч ШУДАРГА ТАТВАР БИШ –
НӨАТ-ын 2 хувийг таван хувь болгон нэмэх юм бол нэгдүгээрт, НӨАТ-ын орлого буурна. Үүнийг дагаад иргэдийн баримтаа авах сонирхол нь ихсэх болов уу гэж харж байна. Тэгээд бүртгэл нь жоохон сайжраад татварын бааз нь ихсээд, татвар төлөлт арай нэмэгдэх болов уу. Гэхдээ энэ асуудал дээр нарийн судалгаатай л үзэх хэрэгтэй л дээ. Гэтэл энэ асуудлаа ард иргэдээсээ л асуугаад байна. Иргэд тоон баримтан дээр дүн шинжилгээ хийх тал дээр жоохон сул байдаг. Түүнчлэн НӨАТ-ын нэг зовлон нь орлогын түвшин хамаарахгүйгээр бүх иргэд адил тэгш төлөх шаардлагатай. Татварын ачааны хуваарилалт гэж бий. Орлогоосоо хамааруулж татвар төлөх ёстой. Тийм учраас НӨАТ бол тийм шударга биш. Энэ талаас нь харвал НӨАТ-ын буцаан олголт бага доод орлоготой иргэдэд эерэг нөлөө үзүүлнэ.
Угаас татвар авах зүйл их цөөхөн. НӨАТ уг нь зохицуулж болох татвар. Тухайлбал хэрэглэхгүй байж болно, эсвэл худалдан авалтаа зохицуулах л хэрэгтэй. Мөн бид НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгон нэмэгдүүлэх талаар иргэдийн байр суурийг сонссон юм.
– ИРГЭД: НӨАТ БОЛ ЦЭВЭР ЛУЙВАР –
“Манайхаас бусад оронд НӨАТ өгдөггүй гэж авдаггүй гэж сонссон. Энэ тал дээр манай улс төрчид судалгаатай л үзэх хэрэгтэй шүү дээ. НӨАТ-ын ард цэвэр луйвар явж байна гэж хардаг миний хувьд” “НӨАТ-ыг болж өгвөл 5, 10 хувиар нэмэгдүүлэх хэрэгтэй. Манай Монголчуудын аж амьдрал ямар байгаа билээ. Үнэнийг хэлэхэд болж бүтэж байгаа зүйл нэг ч алга”
“НӨАТ-ын татвар шударга бус санагддаг. Бид цалингаасаа нийгмийн даатгал болон татвар төлдөг. Гэтэл ахиад бараа бүтээгдэхүүн дээр нэмүү өртгийн албан татвар авахаар шударга бус санагддаг. НӨАТ-ын сугалаанаас иргэд мөнгө хождог уу гэдэг бас маш эргэлзээтэй. Жишээ нь миний эргэн тойронд сугалаанд мөнг хожсон нэг ч хүн байхгүй. Тиймээс 10 хувиа байг гэхэд таван хувиа авмаар байна. “Нэгэнт л Монгол Улсал ажиллаж амьдарч байгаа хүн бол татвар өгөх нь зайлшгүй зүйл. Буцаан олготоор иргэд амьдарч байна гэдэг бол огт худлаа гэж боддог. Тиймээс миний хувьд буцаан олголтыг нэг их дэмждэггүй” гэлээ
Эх сурвалж: isee.mn