Х.Булгантуяа: Хүүхдийн чиглэлийн нарийн мэргэжилтэн авна гэж хуульчилсан ч ажиллах хүн олдохгүй байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэлэлцэж, байнгын хороо руу шилжүүллээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хуулийн төслийг танилцуулсан бөгөөд хуульд хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, Нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга, нийгмийн ажилтан, Хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны чиг үүргийг хуульд шинээр нэмэхээр тусгасан байна.
Мөн хүүхэд хамгааллын нэгдсэн мэдээллийн сан, хүүхэд хамгааллын цахим хувийн хэрэг үүсгэж, ашиглах шинэ зохицуулалтыг оруулжээ.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Шинээр авах нийгмийн ажилтнууд ТҮ байх нь зөв байх. Бодлогын агентлаг нь ТЗ байж болно. Төрийн албан хаагчдаа халж солих, мэргэшсэн хүмүүсээ алдаад байдаггүй байх тал дээр нь бид давхар анхаарах шаардлагатай. Хүүхдийн чиглэлийн нарийн мэргэжилтэн авна гэж хуульчилсан ч ажиллах хүн олдохгүй байгаа. Нийт сургуулийн 20 хувь нь одоо хүртэл сэтгэлзүйч байхгүй. Уг нь бол орон тоог нь гаргасан бөгөөд төсөв мөнгө нь бэлэн.
Нийгмийн ажилтантай болъё гэхэд ирэх жилийн бүх төгсөгчдийг аваад ч энэ тоо гүйцэхгүй. 15 их сургууль нийгмийн ажилтан бэлдэж байна. Жилд 300 орчим хүн төгсөж гарч байгаа. Боловсролын салбарт бага, дунд, ахлах анги хариуцсан нийгмийн ажилтан гэж байх ёстой болоод байгаа” гэв.
Мөн хороо, сум болгон хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтантай болно гэдгийг онцлов.