“Бүс ба Зам”-ын айлчлалаар Ерөнхийлөгч эрчим хүчний хараат байдлаас гарах чухал алхмууд хийв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдсан гурав дахь удаагийн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцлоо.
Манай урд хөршийн төрийн тэргүүн Ши Жиньпиний гадаад бодлогын хамгийн том амбийц болох “Бүс ба Зам” санаачилгын 10 жилийн ой энэ онд тохиож буй гэдгээрээ онцлог. “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятадын Хөгжлийн банк, Хятадын Экспорт-Импортын банк болон Торгоны зам сангаар дамжуулан дэлхийн 150 гаруй улсад нийт 962 тэрбум ам.долларын дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад “Бүс ба Зам” санаачилгад нэгдэн орсон дэлхийн 140 гаруй орны 4000 орчим төлөөлөгч оролцсон бөгөөд чуулганы хүрээнд улс орны төрийн тэргүүн нар нийт 97.2 тэрбум ам.долларын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулав.
Тэгвэл сүүлийн 10 жилд “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах буюу Монгол Улстай холбоотой ганцхан төсөл яригдаж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд гурван улсыг холбосон Алтанбулаг-Замын-Үүд төмөр замыг шинэчлэх асуудал дурдагдах болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч чуулга уулзалтын хүрээнд У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай ганцаарчлан уулзаж, гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Төрийн тэргүүний БНХАУ-д хийсэн энэхүү айлчлалын үр дүн, айлчлалын үеэр хоёр хөршийн төрийн тэргүүн нартай хийсэн уулзалтаар хэлэлцсэн гол сэдвүүдийг тоймлон хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад үг хэлэх үеэрээ Монгол Улс “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй Монгол Улсын хувьд ногоон хөгжлийн бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгө оруулагчид болон олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллахыг зорьж байгааг онцолсон юм.
Ерөнхийлөгч гадаад бодлогын хувьд Засгийн газрын урдуур орж аливаа хэлэлцээ хийхгүй. Тухайн улстай байгуулсан ажлын хэсэг болон Засгийн газар хоорондын тохиролцсон хэлэлцээнд гарын үсэг зурж, эцсийн байдлаар баталгаажуулах зарчим баримталж буй. Тэгвэл Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар БНХАУ-ын талтай Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг байгуулах 288 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурж, хоёр хөрштэй хэд хэдэн асуудлаар ойлголцлын санамж бичиг байгуулсан юм.
Монгол Улс Европ-Азийг холбосон газарзүйн давуу талаа ашиглан “Бүс ба Зам”-ын хамтын ажиллагаанд илүү далайцтай үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна. Бээжин сайн хөршийн хувиар хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улсын хилийн боомтуудын бүтээн байгуулалтыг дуусгах, Монгол Улс эдийн засгаа тэлэх шинэ сувгийг нээхэд тууштай дэмжлэг үзүүлэх болно. Энэ хүрээнд Мөн Хятад-Монгол-Оросын гурван талт хамтын ажиллагааг өргөжүүж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг тууштай ахиулахыг хүсэж байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин
Төрийн тэргүүн БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийсэн уулзалтаар Монгол-Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон. Энэ үеэр төрийн тэргүүн нар Монгол-Хятадын харилцаа хоёр улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг дахин нотолж, тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хоёр улс болон ард иргэдийн сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэж, язгуур эрх ашиг, чухалчлан үзэж буй асуудлаар харилцан биенээ дэмжиж, цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгааг тус бүр тэмдэглэсэн.
Түүнчлэн хоёр улс НҮБ болон бусад олон улсын байгууллага, олон улсын тавцанд хамтран ажиллаж, харилцан бие биеэ дэмждэг уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн юм. Улмаар талууд харилцан ойлголцлын дараах санамж бичгүүдийг байгууллаа.
- Хил дамнасан төмөр замын ажлын хэсэг байгуулах.
- Шивээхүрэн-Сэхэ төмөр замын хилийн холболтыг түргэтгэх. БНХАУ-ын талаас өөрийн Сэхэ боомтыг төмөр замын гол сүлжээнд холбох.
- Ногоон хөгжлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх.
- Цахим эдийн засгийн салбарт хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг хөгжүүлэх.
- Аялал жуулчлалыг хөгжүүлэх.
“Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалт нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулаад зогсохгүй дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ эрч хүч авчирч байна. Монгол Улс БНХАУ-тай харилцаагаа хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл гэж үздэг. Монгол Улс хойд хөрштэйгөө дээд түвшний харилцаагаа улам бэхжүүлж, бие биенээ хүндэтгэн, дэмжих, худалдаа эдийн засаг, хилийн холболт, уул уурхай, эрчим хүч, цөлжилттэй тэмцэх, ногоон хөгжил, ард түмнүүдийн харилцааг сайжруулах чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байна. Монгол Улс нь Монгол-Хятад-Оросын гурван талт хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, Хятад улстай олон талт салбарт нягт харилцаж, хамтран ажиллахад бэлэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн уулзалтаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбарт бүтээн байгуулалтын томоохон, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх нь чухал болохыг онцолсон. Мөн төрийн тэргүүн нар Монгол, Оросын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үр ашгийг дээшлүүлэх, Алтанбулаг-Замын-Үүд төмөр замыг шинэчлэх, Монгол Улсын баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замуудын бүтээн байгуулалтад хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Кремлийн тэргүүн Монгол-Оросын гадаад худалдааны нийт эргэлт өнгөрсөн онд 40 хувиар нэмэгдэж, 2.7 тэрбум ам.долларт хүрсэн болохыг онцолсон бөгөөд ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх түлш, шатахууныг тасралтгүй нийлүүлж, тогтвортой хангахаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэдэгдсэн.
Түүнчлэн уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Монголын нутгаар дамжих Орос-Хятадыг холбосон “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн төслийн асуудлыг хөндсөн. Гэвч манай улс өнгөрсөн онд ОХУ-аас 2.6 тэрбум ам.долларын импорт хийж, ердөө 91.6 сая ам.долларын экспорт хийсэн нь хоёр улсын худалдааны тэнцвэр ямар хэмжээнд алдагдаад байгааг харуулж байгаа юм. Монгол Улсад тавьсан ОХУ-ын татварын хэмжээ олон жилийн турш хойд хөршид экспорт хийхэд манай бүтээгдэхүүний үнэ, өрсөлдөх чадварт нөлөөлдөг гол чөдөр байж ирсэн.
“Сибирийн хүч-2” төсөлтэй хүн бүр санал нийлж, бүх тал оролцох хүсэлтэй байгаа бөгөөд ердөө хэрэгжүүлэх асуудал л бий. Миний бодлоор “Сибирийн хүч-2” төсөл амжилттай, хурдтай хэрэгжинэ гэж бодож байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Кремлийн тэргүүнтэй хийсэн уулзалтаар Монгол Улсаас ОХУ-д нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир тэргүүтэй хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй татварын хэмжээг бууруулах асуудлыг хөндсөн. Улмаар төрийн тэргүүн нар уг асуудлыг ирэх өдрүүдэд Улаабаатар хотноо болох хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тохиролцсон юм.
Хамгийн гол нь, уулзалтын үр дүнд Монгол Улс эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоос хангахад чухал үүрэгтэй Эгийн голын УЦС-ыг байгуулах асуудлыг талууд нарийвчлан судлахаар болсон юм.
Өөрөөр хэлбэл, “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаар Хятадын талтай хамтарч Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг байгуулах, Эгийн голын УЦС-ыг байгуулах асуудлыг ОХУ-тай хамтран судлах тохиролцоонд хүрч, Монгол Улс эрчим хүчний хувьд хоёр хөршөөс хараат байдлаас гарах чухал алхмуудыг хийв.