Ч.Сайханбилэг рүү 2023 онд 800 сая төгрөг шилжүүлсэн “Нэткапитал“-ын Д.Сүндийг Говьсүмбэрийн шүүх дээр суллуулахаар “АЖИЛЛАЖ“ байна
Говьсүмбэр аймгийн шүүхээс “Нэткапитал” ББСБ-ын үүсгэн байгуулагч Д.Сүндийг хугацаанаас нь өмнө суллах шийдвэрийг өнөөдөр гаргажээ. Тодруулбал, Н.Сүндий нь шүүхээс гурван жилийн хорих ял шийтгэгдэж, Говьсүмбэр аймгийн 425-р хорих ангид ял эдэлж байсан юм. Тэрбээр, хоёр жил 23 хоногийн ял эдэлсэн бөгөөд түүнд 11 сарын ял үлдээд байсан юм. Тэгвэл түүнийг хугацаанаас нь өмнө суллуулахаар ажиллаж байгаа гэнэ. Анхан шатны шүүхээс түүнийг тэнсэн харгалзахаар суллах боломжгүй гэж шийдснийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, хэлэлцүүлж байгаа аж.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүнийг суллаж Ч.Сайханбилэгтэй холбоотой мөнгө санхүүгийн асуудлыг шийдэх гэсэн зорилготой учраас хугацаанаас нь өмнө ийнхүү яаравчлан суллуулахаар ажиллаж эхэлсэн нь энэ бололтой.
Учир нь Н.Сүндийгийн үүсгэн байгуулсан “Нэткапитал” ББСБ-аас 2023 онд л гэхэд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хүчинтэй кредит картын данс руу дөрвөн удаагийн үйлдлээр 250,000 ам.доллар буюу 800 гаруй сая төгрөг шилжсэн болохыг эх сурвалжууд мэдээлж байна. Мөн уг мөнгөнөөс Ч.Сайханбилэг нь АНУ-д 8, 9, 11 дүгээр саруудад 60 мянган ам.доллараар нь гольф тоглосон гэх мэдээлэл байна.
Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Сүндийгийн “Нэткапитал” ББСБ-аас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн эхнэр О.Байгалийн эзэмшлийн “Байгаль хаус” ХХК руу 220 сая төгрөг шилжүүлсэн гүйлгээг хийжээ.
Дашрамд сануулахад УИХ-ын гишүүн, сайд Б.Дэлгэрсайхан өнгөрсөн сонгуулийн өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Нэткапитал ББСБ-ыг шалгах хэрэгтэй. Энэ компанийн захирал Д.Сүндий гэгч залуус саяхан надаас мөнгө гуйгаад явж байсан. Саяхан даа. Гэтэл одоо 61 тэрбум төгрөгтэй болсон гэж байна лээ. Энэ залууг Ч.Сайханбилэгийн авлигын мөнгийг угаасан болов уу гэж бодож байна. Санхүүгийн эх үүсвэрийг нь шалгаач ээ. Гадныхан ББСБ-д мөнгө угаана гэж юу байхав, дотоодын луйварчид мөнгө угаана биз дээ” гэж мэдэгдэж байсан билээ.