“Эрдэнэт”-ийн 49 хувь дээр хувьчлал болоогүй, худалдан авалт болсон

0
News.MN - Мэдээллийн эх сурвалж

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс” корпо­ра­цын ТУЗ-ийн дарга М.Мөнх­баатар Эрдэнэт үйлдвэр тойрсон асуудлаар хэвлэлд байр сууриа илэрхийлсэн. Түүнээс хөндөгдөөгүй үлдсэн зарим асуултаар тодруулга авлаа. ­

-Үйлдвэрийн 49 хувийг Оросын Засгийн газраас авсан уу, эсвэл “Ростех” компаниас авсан уу?

–“Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг “Монголын зэс” гэж үндэсний компани ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан. Нэг зүйлийг зориуд хэлэхэд Монгол Улсын Зас­гийн газрын эзэмшиж байсан 51 хувьд огт өөрч­лөлт ороогүй, төрийн мэдэлд хэвээрээ бай­гаа. Үүнийг зарим хүн ойлгохгүй байх шиг байна.

-Оросын “Ростех” компанийн эзэмшиж байсан 49 хувийг л танайх худалдаж авснаас биш, Оросын Засгийн газартай наймаа хийгээгүй юм байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Бидний хувьд Оросын талын буюу “Ростех” компанийн эзэмшиж байсан 49 хувийг худалдаж авсан. Нэг хүний хувьцааг нөгөө нь худалдаж авсан хэрэг.

-Ингэхдээ Монгол Улсын Засгийн газрын өмнүүр ороод 49 хувийн хувьцааг авчихсан гэсэн эргэлзээ яваад байх шиг байна л даа. Танайх өрсөлдөөнд ямар зарчмаар оролцсон бэ?

-Оросын тал 49 хувиа худалдаж авахыг эхлээд Монгол Улсын Засгийн газарт санал болгоно. Хэрвээ Монгол Улсын Засгийн газар худалдаж авахгүй гэвэл гуравдагч этгээдэд санал болгох ёстой. Энэ бүх процесс болсны дараа бид хувьцаа худалдаж авах өрсөлдөөнд оролцсон. Түүнээс биш Засгийн газар худалдаж авна гээд байхад бид өмнүүр нь ороогүй.

-Энэ 49 хувийг авах өрсөлдөөнд өөр компани оролцсон уу, эсвэл зөвхөн Монголын талд боломж байсан уу?

–Хятадын болон Казахстаны компаниуд, дээрээс нь манай компани хувьцаа худалдаж авах өрсөлдөөнд оролцсон.

Оросын тал яагаад хувьцаагаа зарах болсон юм бол?

-Хүн өмчөө зарах, үгүй нь өөрийн л мэдэх хэрэг. Тэр байтугай, хэнд зарахаа өмчийн эзэн мэддэг. Энгийн амьдрал дээр ч ийм дүрэм үйлчилдэг.

-Монгол Улсын Засгийн газар 51 хувь дээрээ нэмээд 49 хувийг авах байсан, өөрөөр хэлбэл Эрдэнэт 100 хувь Монгол Улсын Засгийн газрынх болох байсан гэсэн үгийг зарим улстөрч хэлээд байгаа шүү дээ?

-Би Засгийн газрыг төлөөлж ярих эрхтэй хүн биш. Гэхдээ Засгийн газар мөнгөгүй, санхүүгийн зах зээл дээрээс өндөр хүүтэй мөнгө зээлж авч байсан үе. Тэгээд ч нэгэнт 51 хувийн эрх мэдэл, хяналт нь хэвээр байхад нэмж 49 хувийг худалдаж авч, “Эрдэнэт”-ийн шахааны бизнесийн талбайг томруулах шаардлага байгаагүй байх.

-Хэрэв Засгийн газар 49 хувийг өөртөө нэмж авсан бол нөхцөл байдал ямар байх байсан бэ?

-Хэрвээ Засгийн газар 49 хувийг нэмж худалдаж авсан бол “Эрдэнэт”-ийн шахаа хийх боломж 49 хувь нэмэгдэх, үйл ажиллагааны ашиг нь магадгүй өнөөдрийнхөөс 49 хувиар унах байсан байж ч болох юм.

-Ямар ч байсан танай компани 49 хувийг авсан нь зөв гэж та зүтгээд байна уу?

-Төр авахгүй гэж байгаа тохиолдолд өрсөлдөөнд ороод “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголдоо аваад ирсний төлөө буруутгах хэцүү байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөдөг Монгол Улс дотоодын хөрөнгө оруулагчдаа ч шахдаг, олон улсын зах зээл дээрээс хувьцаа худалдаж аваад, ирэхээр төр нь дээрэмдээд авчихдаг юм байна гэвэл хэн ч манай улсад хөрөнгө оруулахгүй.

Оросууд хувьцаагаа зарсны цаана ямар шалтгаан ”нуугдаж” байгаа бол?

-Үүнийг тааж таамаглаж ярихад хэцүү. Гэхдээ ОХУ-д хоёр жилийн өмнөөс геополитикийн бодлогоор гэх юм уу, Украйны асуудлаас болж янз бүрийн хориг тавигдаж эхэлсэн.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшиж байсан “Ростех” компанид хүртэл хориг тавьсан. ОХУ-ын эдийн засгийн ихэнх орлого, татвар болон бусад төрлийн орлогыг бүрдүүлж байдаг түүхий эд нефтийн үнэ унасан. Ганцхан жилийн дотор рублийн ханш хэд дахин буурлаа. Энэ бүхнээс шууд хамааралтайгаар ОХУ-ын төсвийн алдагдал маш өндөр түвшинд хүрч байгаа.

-Тэгвэл төсвийн алдагдлаа нөхөх гэж Эрдэнэтийн 49 хувийг заржээ гэж олйгож болох уу?

-Төсвийн алдагдлаа нөхдөг ямар аргууд байдгийг та мэдэж байгаа байх. Хамгийн энгийн арга бол татвараа нэмэх замаар ард түмнээсээ мөнгө татах. Нөгөө арга нь төр өөрийн эзэмшиж байгаа дотоод болон гадаад активуудаа зарах.

Ганц “Эрдэнэт” биш, хөнгөн цагаан, нефьт зэргээс авхуулаад нэлээд активаа зарж, төрийн ачааг хөнгөлөх шаардлага тулсан байх.

-Танай компанитай Хятад, Казахстаны компаниуд өрсөлдсөн юм байна. Оросын тал ямар шалгуураар танайхыг сонгов?

-Монголын төр 49 хувийг худалдаж авахгүй гэдгээ Засгийн газрын түвшинд шийдсэн. Үүнтэй адил “Эрдэнэт”-ийн 49 хувиа зарахаа ОХУ-ын тал Ерөнхийлөгчийнхөө түвшинд шийдсэн нь тодорхой. Яагаад гэвэл ОХУ бол Ерөнхийлөгчийн засаглалтай орон. Эндээс нэг логик харагдаж байгаа биз.

-Танай компанийг хуйвалдаанаар авчихлаа гэж зарим хүн хардаад байгаа болохоор ингэж асуулаа л даа?

-Хэрвээ зарим хүний хэлж байгаагаар манай компани “Эрдэнэт”-ийн 49 хувийг хуйвалдаж авсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинттэй хуйвалдсан болж таарах уу гэж би өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн шүү дээ. Бид бодит байдал дээр гаднын компаниудтай өрсөлдөөнд орсон. Энэ нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын компани худалдаж авахад харин ч эерэг туссан.

-Хятад, Казахстаны компаниуд авчихсан бол гэсэн айдас сая гэнэт орж ирлээ шүү?

-Тийм ээ. Хэрвээ бидний оронд Хятадын юм уу, Казахстаны компани “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаад авчихсан байсан бол өнөөдөр энэ улстөрчид юу ярих байсныг мэдэхгүй байна.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан 400 сая ам.доллар танай өөрийн хөрөнгө үү?

-Гэрээний 400 сая ам.долларын хувьд өөрийнхөөс гадна дутагдаж байгаа хөрөнгөө бусад санхүүгийн байгууллагаас зээлэх замаар санхүүжилт хийдэг арга замаар санхүүжсэн. Мөн гаднын зөвлөх компаниуд ажилласан.

-Тухайлбал, ямар компани ажиллуулсан бэ? Ганц хоёр хоногт л шийдсэн асуудал гэж ойлгохоор мэдээлэл байсан

-ОХУ-ын “Ростех” мөн Baker & McKenzie хэмээх, дэлхийд эхний тавд ордог Английн хуулийн фирмийг ажиллуулсан. Энэ хоёр компани өөр өөрийн төлөөлөгчийг илгээж, хоёр орны хууль тогтоомжид үндэслэн дүгнэлт гаргуулсан. Үүнээс гадна ОХУ-ын Хууль зүйн яамны дүгнэлт ч байдаг. Эдгээр үйл явц өрнөсний дараа гэрээ хэлцэл явагдсан. Түүнээс биш, зарим хүний хэлж байгаа шиг ганц хоног, хэдхэн цагийн дотор шийдсэн асуудал биш.

-“Монголын зэс корпорацийг “Эрдэнэт”-ийн хувийг авахын тулд гэнэт шинээр байгуулсан гээд байгаа. Танайд гаднын хөрөнгө оруулалт бий юү?

-Албан ёсоор, хариуцлагатайгаар хэлэхэд “Монголын зэс корпорац” 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани. Монголын өмчийг Монголдоо л авчирсан компани.

-Тусгай зориулалттай компани гэдэг чинь ямар учиртай билээ?

-“Монголын зэс корпорац” бол тусгай зориулалтын компани. Урт удаан настай гэрээ хэлцэл дуусах шатандаа орсноор худалдан авах компанийг байгуулсан. Санхүүгийн хэллэгээр зөвхөн хувьцаа эзэмшихэд зориулан байгуулсан компанийг тусгай зориулалтын компани гэдэг. Дахин хэлэхэд “Эрдэнэт” үйлдвэр дээр хувьчлал яваагүй, гадны эзэмшиж байсан хувийг худалдан авах процесс явагдсан.

Иймэрхүү үйл ажиллагаа явуулдаг олон улсын жишиг ямар байдаг юм бол?

-Олон улсад ч, манайд ч тэр, гэрээ хэлцэл бүгдээрээ л ийм төрлөөр хийгддэг. “Монголын зэс корпорац” яг л түүнтэй ижил. Энэ бол олон улсад тогтсон жишиг. Гэрээ хэлцэл амжилттай болсон нь энэ бүх асуултын хариулт болов уу. Компанийн өөрийн хөрөнгө санхүүгийн баримтаар 112 тэрбум төгрөг байгаа.

-Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон ямар оролцоотой вэ?

-Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон мэдээлэл хийсэн. Үүнийг олон нийт ХХБ-ыг төлөөлж ярьж байна гэж ойлгосон байх. О.Орхон TDB capital гэж зөвлөх компаниа төлөөлж ярьсан. Тэр олон улсын зах зээл дээр ажилладаг туршлагатай компани манайд зөвлөхөөр ажилласан юм

-Цаашид юу хийх вэ?

-Нэн тэргүүнд үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах менежмент хийх шаардлагатай. MRI болон “Стандарт” банкны хэрэг гээд 100 гаруй сая ам.долларын шүүхийн процесс нь дараагийн толгой өвтгөсөн асуудал. Энэ мэт бараг 200 орчим сая ам.доллартай холбоотой асуудал олон улсын арбитрын шүүх дээр яригдаж байгаа.

Үүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэр 200-гаад сая ам.долларын өр төлбөртэй, нөөц шавхагдаж байгаа гээд тоочоод байвал хүн баярлахаар зүйл ховор байна.

Компанийн менежментийг танайд өгөх нь зөв үү, буруу юу? Ер нь Эрдэнэтийн 49 хувь дээр хувьчлал болсон юм уу, худалдан авалт болсон хэрэг үү?

-Үнэнийг хэлэхэд сонгууль хурдан дуусаж бидэнд ажил хийх боломж олгоосой гэж бодож байна. “Эрдэнэт” үйлдвэрт хувьчлал болоогүй, худалдан авалт болсон. Олон улсын зохистой засаглалын стандартаар ТУЗ-ыг 49 хувийн төлөөлөл удирдах нь сайн засаглалд тооцогддог нь маргаангүй үнэн. Төрийн өмчит компанийн үр өгөөж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хүсэл үнэхээр байгаа бол компанийн менежментийг ч бидэнд өгөх нь буруу зүйл биш.

-Энэ үйл явдлыг тойрсон шуугианыг яаж дарах вэ?

-Бүх асуудлуудаа бид хуулийн дагуу шийдүүлнэ. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр төрийн мэдлийн 51 хувийн 49-г Хятадуудад зарлаа гэж баахан шуугисан, одоо орон нутгийн сонгуулийн үеэр төрийн мэдлийн 51 хувь алга боллоо гэж шуугиж байна. ТУЗ-ийг хүч түрэн булаан авч байгаа нь нэг хувьтай байх, 49 хувьтай байх хооронд ямар ч ялгаагүй болгож, зах зээлийн зарчим эрүүлээр мөрдөгдөх боломжгүй болгож байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *