Гэр бүлийн хүчирхийллийг иргэд хэрхэн хүлээн авч буйг харуулсан” бичлэг хийж нийтийн сүлжээнд тараасан иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ

0

Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр олон нийтийн газарт танхайрч, бусдын эрх чөлөөнд халдаж буй бичлэг нийтлэгдснийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлсэн билээ.

Тус газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад иргэн “Э” нь “Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг иргэд хэрхэн хүлээж авах, хор уршгийн талаар ойлгуулах” зорилгоор бичлэг хийж нийтийн сүлжээнд нийтэлсэн нь Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасан гэмт хэрэг, зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг гажуудуулах үйлдэл гаргахгүй байх гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон байна. 

Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн холбогдогч “Э”-д Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул үндэслэлээр 100 нэгжтэй тэнцэх 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Энэ талаарх эрх зүйн зохицуулалт: Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас 

  • 31 дүгээр зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэний эрх, үүрэг
  • 31.1.Иргэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар дараах үүрэг хүлээнэ:
  • 31.1.1.бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх, өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах, гэмт хэрэг, зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг гажуудуулах үйлдэл гаргахгүй байх;
  • 31.1.2.оршин суугаа нутаг дэвсгэртээ нийтийн хэв журам сахиулах талаар нутгийн захиргааны байгууллага, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах байгууллагаас хэрэгжүүлж байгаа зохион байгуулалттай арга хэмжээг дэмжиж, сайн дураар оролцох;
  • 31.1.3.гэмт хэрэг, зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх;
  • 31.1.4.гэмт халдлагаас өөрийн буюу бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хуулийн хүрээнд хамгаалах;
  • 31.1.5.гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох талаар бусдаас шаардах, шуурхай мэдээлэх, нуун дарагдуулахгүй байх, цагдаа, хуулийн байгууллагатай хуулийн хүрээнд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэх;
  • 31.1.6.хууль бусаар галт зэвсэг, хутга, зэвсгийн чанартай зүйл, тусгай хэрэгсэл олж авах, хадгалах, худалдах, биедээ авч явахгүй байх;
  • 31.1.7.улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу холбогдох бүртгэлийг хийлгэж, баримт бичгийг эзэмших талаарх журмыг чанд сахих;
  • 31.1.8.үр хүүхэд, өөрийн асрамжид байгаа насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулахгүй байх;
  • 31.1.9.хууль тогтоомжид заасан бусад.
  • 31.2.Иргэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар дараах эрх эдэлнэ:
  • 31.2.1.олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журам сахихыг бусдаас шаардах;
  • 31.2.2.гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах тухай асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд тавих, шаардах;
  • 31.2.3.гэмт халдлагаас эд хөрөнгө, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хуулийн хүрээнд хамгаалах;
  • 31.2.4.хуульд заасан үүргээ биелүүлсний төлөө учирч болох эрсдэлээс хамгаалуулах;
  • 31.2.5.хууль тогтоомжид заасан бусад.
  • 5.9 дүгээр зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих
  • 1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *