Т.Мөнхсайханы сонгуулийн зардлыг босгохоор эгчийнх нь “Хүчит шонхор” зах түрээсээ ₮2 саяар нэмсэн үү
“Хүчит шонхор” зах махны худалдаа эрхлэгчдийнхээ түрээсийн төлбөрийг нэмжээ. Тодруулбал, анх нэг сарын түрээсийг 288 мянган төгрөгөөр гэрээлсэн байна. Үүний дараа төлбөрөө 362 мянгаар нэмж, 650 мянган болгожээ.
Ингэхдээ түрээслэгчдээс сар бүрийн түрээс болох энэхүү мөнгийг дансаар биш бэлнээр авдаг болсон тухай эх сурвалж хэлж байна. Мөн заавал 20 мянгатын дэвсгэртээр төлөх шаардлагыг тавьдаг гэх.
-“Хүчит шонхор” зах сарын 650 мянга байсан түрээсээ 2.7 сая төгрөг болгож нэмсэн–
Эх сурвалж хэлэхдээ, “Хүчит шонхор” захад махны худалдаа эрхлэгчдийн түрээсийг гэнэт ихээр нэмсэн. Анх сарын түрээс 250 мянгаар гэж гэрээлсэн боловч 650 мянга болж албан бусаар нэмэгдсэн. Албан бусаар гэдэг нь гэрээгээ энэ дүнгээр шинэчлээгүй. Түрээслэгчдийн гар дээр хуучин гэрээ л бий. Тодруулбал 650,000 болгож нэмэхдээ шууд л тулгасан. Ингээд зогсохгүй сар бүр төлөх энэ түрээсээ дансаар биш бэлнээр тэр дундаа 20 мянгатын дэвсгэртээр өгдөг байхыг шаарддаг.
Саяхан “Хүчит шонхор” зах түрээсийн төлбөрөө 2,050,000 төгрөгөөр нэмж, 2.7 сая болгосон. Үүний шалтгааныг асуухад хандив хэмээн тайлбарлахаас өөрөөр яг юунд зарцуулахаа хэлээгүй. Бид үүнийг нэг л удаагийнх биш гэдэгт итгэхгүй байна. Учир нь есдүгээр сард гурил, будааны лангуу түрээсэлдэг иргэдийн түрээсийн төлбөр 1.5 сая байсныг мөн л хандив, нэг удаагийнх нэрээр 5 сая болгоод буцааж өөрчлөөгүй. Иймд үүнтэй адил нөхцөл байдал үүснэ л гэж харж байна. Одоо өгөхийг шаардаж буй энэ 2.5 сая төгрөгийг өгөхгүй эсэргүүцвэл хөргөгчөө аваад зайл гэдэг л үгийг хэлж байна” гэлээ.
-Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы төрсөн эгч Т.Сайнхүү энэ захын эзэн. Түүнийг дүүгийнхээ 2024 оны сонгуульд нэр дэвших мөнгийг босгохоор түрээсээ нэмсэн гэгдэж буй-
Мөн цаашлаад “Угтаа бол эндхийн халаалт байхгүй. Мөн махны хөргөгч ч ажилладаггүй, тогийг нь тасалсан. Халаалтаа өгөхийг шаардахаар хөргөгчин дэх мах чинь гэсчихнэ гэж тайлбарладаг.
Энд нийт 55 хөргөгч бий. Нэг хөргөгчийг ганцаараа түрээсэлдэг бол 2.7 сая, 2-3-уулаа бол хүн нэг бүр 1.8 сая төгрөгийг энэ сарын 25-ны дотор өгөхийг шаардсан.
Бидний сонссоноор энэ нь Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы 2024 оны сонгуулийн мөнгийг босгох ажилд зориулсан хандив гэсэн. Учир нь энэ захыг түүний төрсөн эгч Т.Сайнхүү эзэмшдэг. Тиймээс 2024 онд дүүгээ Увсаас нэр дэвшихэд тухайн зардалд нь хадивлана гэдэг яриа бий” хэмээсэн юм.
–Түрээслэгчдээ суухыг хориглож сандлыг нь хурааж авсан–
Ингээд зогсохгүй сар бүр хог, тогны мөнгө гэж тус бүр 150 мянган төгрөг авдаг. Мөн түрээслэгчдийг бүтэн өдрийн турш суухыг нь хориглож сандлуудыг хурааж авсан. Хэрэв суух бол өөрсдийнх нь зарж буй сандлыг 70 гаруй мянган төгрөгөөр худалдаж аваад сууж болно. Бусдаар суухыг зөвшөөрөхгүй торгоно гэдэг.
Дараагийн нэг асуудал бол “Хүчит шонхор” зах 20 сая төгрөгөөр торгуулахдаа энэ мөнгийг түрээслэгчдэдээ хувааж хүн нэг бүрээс 100 мянган төгрөг бэлнээр татсан. Ингэхдээ мөн л 20 мянгатын дэвсгэрт байх шаардлага тавьсан зэргээр мэдээлэл өглөө.
Иймд бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс “Хүчит шонхор” захын олон нийттэй харилцах албаны дарга н.Одонцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.
–Бид түрээсээ 2.7 сая болгож нэмсэн асуудал байхгүй, тийм боломжгүй–
Тэрбээр, “Бид үүн дээр дурдагдаж байгаа шиг өндөр үнээр түрээсээ нэмээгүй. Өмнө нь бид 2010 онд түрээсээ нэмсэн. Энэ үед дахиад 10 жилийн хугацаанд түрээсээ нэмэхгүй гэж түрээслэгчдэдээ амлаж байсан. Түүнээс хойш одоо 13 жил өнгөрч байна.
Манай түрээс сарын 865 мянгаас 900 мянган төгрөг байсан. Одоо 1.1 сая төгрөг л болж байгаа. Гомдол гаргагчийн хэлж байгаа шиг 2.7 сая болгож нэмсэн асуудал байхгүй. Харин түрээсээ нэмэхэд тодорхой хэдэн шалтгаан нөлөөлсөн.
Мөн бид шугамын асуудлаа шийдэх гэж байгаа. Бусдаар бол хэн нэгний сонгуулийн мөнгийг босгох гээд эсвэл хандивлах гээд байгаа зүйл огт байхгүй. Үүнийг төвийн шугамтай холбох ажилд л зарцуулна. Нөгөө талаас түрээсээ нэмэхгүй байж болно. Хэрэв тийм бол түрээслэгчээ 10, 20 жилийн өмнөх шиг үнээр махаа, ногоогоо зар гэдэг шаардлагыг хэлсэн. Энэ угаас боломжгүй шүү дээ. Бүх юмны үнэ ямар байгаа билээ.
-Түрээсээ дансаар авахаар чирэгдэл үүсэж, давхар ажил болдог учраас бэлнээр авдаг. 20 мянгатын дэвсгэртээр авбал тоолоход хялбар болдог-
Түрээсээ дансаар авдаггүй шалтгаан бол түрээслэгчид төлбөрөө хийхгүй удааширдагтай холбоотой. Бид дансны хуулгаа аваад хийгээгүй хүмүүсээ олоод дахиад уулзаад явах нь цаг хугацааны хувьд сунжирдаг. Тиймээс бэлнээр гэж шаардлага тавьдаг. Гэсэн ч бид лангуу бүр дээр баримт шивдэг, баримт нь манай санхүүд бий. Яагаад заавал 20 мянгатын дэвсгэртээр авдаг тухайд бол тэр их мөнгийг тоолоход цаг хугацаа мөн л их ордог. Тиймээс бүхэл дэвсгэрт тэр дундаа 20 мянгатынх гэж онцолдог. Үүнд буруу зүйл байхгүй гэж бодож байна.
Суухыг хориглосон гэдэг үнэн. Гэхдээ манайхаас сандал ав гэж тулгаагүй. Бид сандал зардаггүй. Суухыг хориглосон тухайд энэ бол үйлчилгээний байгууллага. Бусад дэлгүүр үйлчилгээний байгууллагад мөрддөг журам мөрдөгдөх л учиртай. Үйлчилж байгаа нэрээр утсаа оролдоод, хоорондоо хов яриад сууж байх зохимжгүй. Иргэдэд үйлчилгээгээ үзүүлэх л ёстой. Иймээс гурван хүний дунд нэг сандал байхаар тооцоолсон. Энд настай болон хүндэтгэх шалтгаантай хүнээ суулгах, эсвэл ээлжлээд сууж болно.
–Халаалтгүй гэдэг худал. Манай захын шал доорооосоо халдаг болж шинэчлэгдсэн–
Харин халаалтгүй гэдэг бол худал. Олон эмэгтэй хүн ажилладаг учир доороосоо дулаан байг гээд халдаг шалтай болгосон. Манай шал одоо доороосоо халдаг. Гурил будааны лангууны түрээсийг нэмж 5 сая болгосон гэдэг мөн л худал. Энэ бол эгдүүцмээр цэвэр гүтгэлэг байна. Ийм байх ямар ч боломжгүй. Хуулиар бидэнд ийм эрх ч байхгүй. Гэсэн ч ингээд нэмчихсэн бол энэ хүмүүс хоёр өдөр битгий хэл хоёр цаг ч чимээгүй байж чадахгүй шүү дээ.
Харин 20 сая төгрөгийн торгуулиа төлөхдөө түрээслэгчдээс 100 мянган төгрөг авсан гэдэг нь үнэн. ШӨХТГ-аас буюу эдгээр хүмүүс зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэсэн зэрэгт үндэслэж тус торгуулийг тогтоосон тул өөрсдөөр нь төлүүлэх нь зөв гэж харсан юм. Ингэхдээ түрээслэгчдэдээ ч хэлсэн. Ер нь бид аливаа шийдвэрээ түрээслэгчидтэйгээ нэгдэж хуралдаад шийддэг. Сая түрээсээ нэмсэн процесс ч энэ дагуу болсон. Бидэнд тэр үеийн бичлэг, зураг гэх мэт баримтууд бүгд бий” гэлээ.
Т.Мөнхсайхан: Энэ мэдээллийг анх удаа л сонсож байна
Харин бид энэ асуудлаар Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайханаас тодруулахад, “Би анх удаа өөрөөс чинь л сонсож байна. Сонгуульд нэр дэвшихийн тулд ийм зүйл хийж байгаа гэдэг ч мөн адил. Тодорхой мэдээлэл өгөх хүнтэй нь холбож өгье” гэдгээс өөр тайлбар хэлсэнгүй.
Дээрх мэдээллүүдээс буюу асуудлын хоёр талын байр суурийг харахад баталгаатай мэдээлэл тун цөөн байна. Учир нь иш үндэс болохуйц албан бичиг, баримтыг аль аль нь өгсөнгүй гэж ойлгож болно. Бидэнд мэдэгдэж буйгаар анх 288 мянган төгрөгөөр гэрээлсэн гэдэг л баримттай. Бусдаар сүүлд нэмсэн, одоо нэмэгдсэн гэх дүнгүүдээр албан гэрээ огт хийгээгүй мөн түүнийг түрээслэгчид нь зөвшөөрөөд мөнгөө бэлнээр төлдөг гэх асуудал сонирхол татаж буй. Мөн хоёр тал яагаад эсрэг тэсрэг байр суурь илэрхийлэх болов гэдэг хэн хэн нь эрх ашгийн зөрчилтэй гэж хардахаар байгаа юм.
“Хүчит шонхор” захыг эзэмшдэг, холбоо хамаарал бүхий хүмүүс
“Хүчит Шонхор” захыг Тогтмолын Сайнхүү гэж эмэгтэй хариуцан ажиллуулдаг. Тодруулбал “Хүчит шонхор” ХХК-ийн хувьцааг Б.Тогтмол, охин Т.Сайнхүүгийн хамт эзэмшдэг бөгөөд Т.Сайнхүү нь эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй байдаг.
Мөн “Дэнжийн мянга”-ын босс гэгддэг Бат-Өлзийн Тогтмол нь “Тэнгэрийн Шонхор” ХХК-ийг өөрийн хүү Тогтмолын Мөнхсайханы хамт эзэмшдэг. Үүнээс харвал Т.Сайнхүү, Т.Мөнхсайхан нар төрсөн эгч дүүс. Товчхондоо энэ бизнес Эрүүл мэндийн сайд асан, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайханы гэр бүлийнхнийх. Харин тус компанийн гүйцэтгэх захирлаар Цоодолын Уянга гэх эмэгтэй бүртгэлтэй байна. Үйл ажиллагааны чиглэлийн хувьд “гадаад худалдаа” гэж заажээ.
“Хүчит шонхор”-ын эзэн Т.Сайнхүү нь үүнээс гадна
- Ханшонхор ХХК
- Балхэ Монголиа ХХК
- Кэйбридж ХХК
- СОС кредит ХХК зэрэг дөрвөн компанийг 100 хувь эзэмшдэг.
Мөн Б.Тогтмолын хүү Т.Батмөнх Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргаар ажилладаг бөгөөд нэр дээрээ дараах 15 компанийг эзэмшиж байна.
- Зөв бүхнийг дэмжинэ сан
- Хаан тэрэлж ХХК
- Сүлд шонхор ХХК
- ТНГРИ инвест ХХК
- ТНГРИ трейдинг ХХК /Тоди, өд ариун цэврийн цаас, хүүхдийн живх/
- Чингис корпорэйшн ХХК
- Бат мөнх констракшн ХХК
- Баргилт орд ХХК
- Арцат вилла ХХК
- ОНЖИМ ХХК
- Ланчумад ХХК
- Ивээл инвест ББСБ
- Тойванамдүү чинео ХХК
- Сүлд шонхор инвестмент
- Юу Би Эф ХХК