ХОХИРОГЧ Т: НАМАЙГ ХҮЧИРХИЙЛСЭН УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХЭРГИЙГ ПРОКУРОР ХААХ САНАЛ ГАРГАСАНД ГОМДОЛТОЙ БАЙНА
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт дахин холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, 20 настай оюутан охиныг хүчирхийлэхийг завдсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад өнгөрсөн есдүгээр сарын 19-нд гарсан байдаг.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өгсөн мэдээллээр “Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах …. зочид буудалд иргэн Г гэгч нь бусдыг хүчиндэхийг завдсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байна” гэсэн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад хүчирхийлүүлсэн гэх 20 настай хохирогч эмэгтэй Т манай сайтад хандаж, хууль хяналтын байгууллагад гомдолтой байгаагаа илэрхийллээ.
-Тухайн үед юу болсон талаар та ярихгүй юу?
-Есдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө манай найзууд нэг баяр тэмдэглэж, гадуур гарцгаасан юм. Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороолол хавьцаа явж байгаад …. зочид буудалд орцгоосон. Тэр буудалд есдүгээр сарын 18-нд өнжиж, хамт байсан. Найзуудын маань зарим нь гэртээ харьж, үлдсэн нь тэндээ хоносон. Би буудлаас гарч яваад, хүнтэй уулзаад орой эргэж очсон. Намайг шөнө очих үед УИХ-ын гишүүн асан Д.Гантулга гэх эрэгтэй ирсэн байсан. Манай нэг найзыг таньдаг байсан юм шиг байна лээ. Тэгээд тэнд байсан хүмүүс согтууруулах ундаа ууж, тарах нэг нь тарцгаасан. Бидний авсан буудал дотроо гурван өрөөтэй учраас би нэг талын өрөөнд нь ороод унтаад өгсөн. Гэтэл Д.Гантулга өрөөнд орж ирээд, намайг хүчирхийлсэн. Би эсэргүүцэл үзүүлж, түлхэж, цохиж, янз бүр болсны эцэст арай гэж гараас нь мултарсан.
-Хамт байсан хүмүүсээсээ тусламж хүсээгүй юм уу?
-Зөндөө хашхирч, дуудсан боловч надад туслаагүй. Тэнд үлдсэн байсан хоёр хүн хаалгаар шагайж харчихаад, нөгөө өрөө рүү орчихсон. Д.Гантулга “Хүн болгон намайг хүсэмжилж байхад чи яагаад эсэргүүцээд байгаа юм бэ. Би Улсын Их Хурлын гишүүн байсан хүн шүү. Чи намайг танихгүй юу” гээд дайрч, бэлгийн хавьталд орсон.
-Тухайн үед хэр зэргийн согтууралтай байсан юм бэ?
-Энэ хэрэг 08:30-09:00 цагийн үед болсон. Буудлын өрөөнд шөнөжин уугаад, согтуу байсан. Гэхдээ ухаанаа алдчихаагүй, үйл хөдөлгөөнөө мэдэх хэмжээний байсан. Би шөнө очиж унтсан учраас эрүүл байсан. Хамт байсан хүн ч ялгаагүй, юу болж байгааг мэдэх хэмжээний, салгах бүрэн боломжтой байсан.
-Та цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм уу?
-Тийм ээ, түүнтэй 30 орчим минут ноцолдож, эсэргүүцэж байж арай гэж мултарсан. Өрөөнөөсөө гарч яваад, зочид буудлын нэг давхарт очоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаагийн албан хаагчид 09:30 цагийн үед Д.Гантулгыг эрүүлжүүлэх байр руу авч яваад, хэргийн газарт үзлэг хийж, зураг авсан. Тэр үед намайг хамгаалалтад авсан учраас би Д.Гантулгыг хараагүй. Тэгээд цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг, тайлбар өгч өдөржин суусан.
-Хэрэг одоо ямар шатандаа яваа юм бэ?
-Д.Гантулга намайг хүчирхийлсэн. Гэхдээ шүүх шинжилгээний дүгнэлтээр миний биеэс эр бэлгийн эс илрээгүй, урагдалгүй гэж гарсан учраас хэргийг хаах санал гаргасан байна лээ. Хэдийгээр эр бэлгийн эс илрээгүй ч гэсэн хүчиндэхийг завдсан, оролдсон, бэлгийн хавьталд орсон нь тогтоогдож байгаа шүү дээ. Ийм байхад хууль хяналтын байгууллагынхан хэргийг хаахаар завдаж байгаад үнэхээр их гомдолтой байна. Ар гэрийнхэндээ хэлээгүй учраас хаана, хэнд хандахаа мэдэхгүй байна. Улсын Ерөнхий прокурорт хандсан байгаа. Хоёр долоо хоногийн дараа энэ хэргийг хаах уу, эс хаах уу гэдэг нь шийдэгдэнэ. Энэ бол харилцан тохиролцсон үйл явдал биш, хүчирхийлэл, хүчирхийлэхийг завдсан зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэдийгээр би найзуудтайгаа гадуур гарч, гэрээсээ өөр газар хоносон нь буруу ч гэмт хэргийг хохирогч болчихоод байна шүү дээ. Гэтэл хохирогчийг нэмж хохироож, сэтгэл санааны хямралд оруулж байна.
-Гэрч байгаа юм байна шүү дээ. Хамт байсан хүмүүс нь ямар мэдүүлэг өгсөн юм бэ?
-Хоёр гэрч байгаа. Нэг нь Д.Гантулгын найз учраас найзынхаа талд мэдүүлэг өгсөн юм байлгүй. Харин нөгөөх нь ямар мэдүүлэг тайлбар өгснийг мэдэхгүй. Хэрэг гарсан өдрөөс хойш тэнд хамт байсан хүмүүсийн хэн нь ч надтай холбогдоогүй, уулзаагүй. Би залгаж үзсэн боловч утсаа авахгүй, харилцаагаа тасласан байна лээ. Үүнийг маш их гайхаж байна.
-Таныг хүчирхийлэхийг завдсан гэх Д.Гантулга тантай дахиж уулзсан уу?
-Үгүй ээ, утсаар ч яриагүй. Би ч өөрөө залгаж, уулзаагүй. Цагдаагийн хэлтсээс гэр рүүгээ харьсан байх. Тэр өдрөөс хойш барааг нь ч хараагүй. Бүхэл бүтэн хүний амьдралыг сүйтгэж хаячихаад ямар шалтгаантай ингээд яваад байгааг нь ойлгохгүй байна. Хэрэг гараад гурван сар өнгөрлөө. Бодоход эрх мэдэлтэй хүн байсан учраас хэргээ зохицуулж байгаа юм байлгүй гэж хардаж байна.
-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?
-Хууль хяналтын байгууллагынхан хэргийг үнэн, зөвөөр шийдэж, зохих ял шийтгэлийг нь оноож өгөхийг хүсэж байна. Өөр надад нэхэмжлэх, хүсэх зүйл байхгүй. Хэрэв энэ хэргийг ингээд хаавал Д.Гантулга гэх этгээд дахиад олон охиныг хүчирхийлж, гэмтээх вий гэхээс айж байна” гэлээ.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГА: ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙГАА УЧРААС ХЭРГИЙН МАТЕРИАЛТАЙ ТАНИЛЦАЖ АМЖААГҮЙ БАЙНА
Харин бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс бусдыг хүчирхийлэхийг завдсан гэх УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай холбодож, тодрууллаа.
-Танд хүчирхийлүүлсэн гэх эмэгтэй манай сайтад хандаж мэдээлэл өгсөн. Та ийм хэрэгт холбогдсон нь үнэн үү. Тухайн үед юу болсон талаар тодруулж болох уу?
-Наад эмэгтэй чинь хуулийн байгууллагад хандсан байна лээ. Хууль хяналтын байгууллагаар олон сар шалгуулж, хэрүүл тэмцэл хийсэн. Түүний гомдол, мэдээллээр хууль хяналтын байгууллагынхан шалгаж, дүгнэлт нь гарсан гэсэн.
-Ямар дүгнэлт гарсан юм бэ?
-Ямар дүгнэлт гарсныг би сайн мэдэхгүй байна. Би хэргийн материал, дүгнэлттэй танилцаагүй. Эмнэлэгт хэвтэж байгаа учраас байцаагчтайгаа очиж уулзаж чадахгүй байгаа. Удахгүй эмнэлгээс гараад хэргийн материалтай танилцана.
-Хуулийн байгууллага хэргийг хаах санал гаргасан юм уу?
-Манай өмгөөлөгч нүүрсний хулгайн хэрэгт өмгөөлөгчөөр оролцоод явж байгаа учраас завгүй байгаа. Энэ хэрэгтэй танилцаж амжихгүй байна гэж хэлсэн. Гэхдээ өнөөдөр (өчигдөр) шүүх хурал нь хойшилсон учраас энэ долоо хоногтоо багтаад хэргийн материалтай танилцах байх” гэсэн юм.