Энэ онд “Парис-2024” олимп, паралимпын эрх авсан тамирчид
Өнгөрч буй 2023 онд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид Парисын зуны олимп, паралимпын эрх олгох болон оноо цуглуулах нийт 103 тэмцээн уралдаанд оролцож, 151 медаль хүртжээ.
Шигшээ багийн спортын 25 төрөлд 194 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын тамирчид долоон мөнгө, найман хүрэл медаль хүртсэн юм.
Одоогийн байдлаар “Парис-2024” олимп, паралимпын эрх авсан тамирчдыг танилцуулж байна.
- О.Есүгэн-Буудлага
- Б.Отгонболд-Байт харваа
- О.Есүгэн-Бокс 50 кг
- Д.Отгонжаргал-Чөлөөт бөх 50 кг
- Э.Дэлгэрмаа-Чөлөөт бөх 68 кг
- С.Жамбалжамц-Дугуй
- Пара байт харвааны баг
Түүнчлэн 2023 оны спортын онцлох үйл явдал болсон “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадам болон пара наадмаас дөрвөн алт, долоон мөнгө, 13 хүрэл авсан. Харин Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс найман алт, гурван мөнгө, 13 хүрэл медаль хүртэж, Залуучуудын Азийн АШТ-ээс нэг алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль авав. Энэ нь зөвхөн шигшээ багийн тамирчдын үзүүлсэн амжилт аж.
Их дуулгаас дөрвөн алт, зургаан мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн бол гранпри тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, долоон хүрэл медаль, дэлхийн цомоос нэг алтан медаль хүртжээ. Олимп, паралимпын эрх олгох болон бусад тэмцээн уралдаанаас 13 алт, 13 мөнгө, 14 хүрэл медаль, Оюутны Универсиад наадмаас дөрвөн хүрэл медаль хүртээд байна.
Эх сурвалж: БТСУХ