Нүүрсний гэх хэрэг №1: Шүүх хурлыг хаалттай явуулахыг хүссэн О.Данзанлувсантүдэв гэж хэн бэ?

0

“Нүүрсний” гэх тодотголтой хэргийн хянаж, шалгах ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан. Үүнээс хойш нийт 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын 38 хэргийг шалгажээ. Эдгээрээс 96 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох нийт 12 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Жил дамнан шалгасан “нүүрсний” гэх хэргийг АТГ, прокурор “боож” дуусаад, эхнээс нь гэм буруугийн шүүх хуралдааныг товлон, хэлэлцэж  байна.

ХЭРЭГ 1:  УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, нийтийн албан тушаалтан хахууль авах, худал мэдүүлэх, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаасан гэх.

Энэ хэргийг өнгөрөгч 2023 оны наймдугаар сард шүүхэд шилжүүлсэн. Гэм буруугийн шүүх хуралдааныг нийт удаа товлосон ч Б.Ганхуяг өвчтэй, хордсон, бусад шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан, томилолтоор явсан, эрүүл мэндийн шалтгаантай байгаа гэх мэт хүсэлт тавьсны дагуу хойшилсоор өнөөдрийг хүрэв.

Дээрх 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 09:00 цагт товлосон. Ирцтэй холбоотой гомдол санал болон шүүх хурлыг хойшлуулах хүсэлт ирээгүй тул албан ёсоор гэм буруугийн шүүх хуралдаан эхэллээ. Шүүгдэгчид бүгд иржээ. Тэдний биеийн байцаалтыг танилцуулж дууссаны дараа өмгөөлөгчид шинжлэн судлуулах хүсэлт гаргах үед шүүгдэгч О.Данзанлувсантүдэвийн өмгөөлөгч Л.Очбаяр шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргав.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хаалттай явуулахаар боллоо.

Шүүх хуралдааны үеэр прокурор яллах дүгнэлтийг уншиж танилцуулдаг. Үүнээс шүүгдэгчдийн хамаарал, хэн хэнтэйгээ хэрхэн холбогдож, гэмт хэрэг үйлдэх нөхцөл яаж бий болсон, авлигын мөнгийг хэрхэн өгөлцөж, авалцсан, хэн буруутай гэх мэт хэргийн учиг зангилааг олон нийт мэдэх боломжтой. Гэвч шүүх хуралдааныг хаалттай явуулах болсноор иргэд энэ мэдээллийг олж авах боломжгүйд хүрч байна.

Нийт 11 хүний гэм буруугийн асуудлыг шүүх хэлэлцэж байгаа. Үүнээс нэг л хүний буюу О.Данзанлувсантүдэвийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргав. Тэр хэн бэ?

Шүүгдэгчдийн биеийн байцаалтын танилцуулгад түүнийг 1984 оны 8 дугаар сарын 15-нд Дорноговь аймагт төрсөн. Дээд боловсролтой. Шашны зан үйл судлаач мэргэжилтэй. Хамарын хийдийн лам. Хан-Уул дүүрэгт оршин суудаг. Өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэв.

Тэрбээр Говийн ноён хутагтын ес дэх дүрээр тодорсон тул түүнийг сэнтийд нь залах ёслол 2013 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Хамарын хийдэд болж байжээ. Түүний нэрийг Отгоннамжилын Угтахбаяр гэдэг бол номын нэрийг нь Данзанлувсантүдэв гэдэг аж.

Тэрбээр Улаанбаатарт Шашны дээд сургууль дүүргээд, Хамарын хийдэд шавилж, улмаар Энэтхэг улсад номын дуу сонсож, бурхан шашны номд нэвтэрсэн нэгэн аж.  (Эх сурвалж: GoGo.mn сайтын мэдээний архив: https://gogo.mn/r/eq899). Тэр ямар учраас “нүүрсний” гэх хэрэгт холбогдож, шүүгдэгчийн ширээний ард зогсож буй нь тодорхойгүй байна. Ямартай ч түүнд прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчид “хэргийг хэрэгсэхгүй болгох”, “цагаатгах”, “яллах дүгнэлт үндэслэлгүй болохыг нотолно” гэх мэт байр сууринаас оролцож буйгаа хэлэв. Харин шүүгдэгч О.Данзанлувсантүдэвийн өмгөөлөгч Л.Очбаяр “Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна” гэлээ.

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна.

ШҮҮГДЭГЧИЙН НЭРС:

  • Т.Аюурсайхан
  • Б.Ганхуяг
  • Т.Түвшинбаатар
  • Х.Батхишиг
  • О.Данзанлувсантүдэв
  • Б.Отгонжаргал
  • Г.Гантөмөр
  • О.Дагвадорж
  • П.Бадамханд
  • Б.Эрдэнэбаяр

ДЭЭРХ ХҮМҮҮСТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДСЭН ЗҮЙЛ АНГИУД:

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/,
  • 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/,
  • 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/,
  • 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/,
  • 22.10 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/,
  • 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/,
  • 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *