Импортын барааны үнэ 35 хувь болж буурчээ

0

 Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буюу инфляцын түвшин 2023 оны 12 дугаар сард 7.9 хувийн өсөлттэй гарсан тухай ҮСХ-ноос мэдээллээ.

Үүнд хонь болон үхрийн мах, талх, гурил, цайны газрын хоолны үнэ, улсын болон хувийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр, шар айраг, гурилан боов гэсэн 10 төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ голлон нөлөөлснийг ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар мэдээлэв. Дээрх бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцын 33.1 хувийг эзэлж байна.

Зах зээлд бэлэн мөнгөөр тооцоход нэг их наяд төгрөг нийлүүлэхэд инфляц нэг хувиар нэмэгддэг байна. 

ҮСХ-ны Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргилын хэлснээр, ковидын цар тахлын үеэс эхлэн сүүлийн 2 жилд инфляцын өсөлтөд 40-60 хувиар нөлөөлж ирсэн импортын бараа, бүтээгдэхүүний үнэ 35 хувь болж буурчээ. Тэгвэл одоо дотоодын бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ 65 хувь болж өсөж ирснийг хэллээ.

Тэрбээр, хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг 13 бүлгээр хуваан тооцдог гэдгийг тодотгож, хэрэглээний бараа, бүтээгдэхүүний сагсанд 411 бараа ордог, үүний 227 -г нь импортын бараа, бүтээгдэхүүн эзэлдэг гэв.

Нийгэмд өнөөдөр яригдаж буй уул уурхайн компаниудын хувьцааны ногдол ашиг олгох, энэ онд хүлээгдэж буй цалин, тэтгэврийн нэмэгдэл зэрэг нь инфляцад хэрхэн нөлөөлөх талаар тодруулахад, эдгээр нь иргэдийн гар дээр бэлэн мөнгө болж очно. Зах зээлд нийлүүлж буй бэлэн мөнгө инфляцад 2-3 сарын дараагаар нөлөөлж эхэлдэг. Энэ нь нийгэм, эдийн засагт дарамт учруулах эрсдэл бий. Зах зээлд нэг их наяд төгрөг нийлүүлэхэд инфляц нэг хувиар нэмэгддэгийг тэрбээр хэллээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *