“Ногоон автобус”-ны хэргээр яллагдагчаар татагдсан Ж.Сүхбаатар “эрүүл мэндийн шалтгаан”-аар хилийн хоригоо цуцлуулах хүсэлт гаргажээ

0

”Ногоон автобусны” хэргээс Хотын орлогч асан Ж.Сандагсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нарт яллах дүгнэлтийг танилцуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тус хэрэгт холбоотойгоор шүүхээс яллагдагч нарт Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа билээ.

Тэгвэл  Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нь Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан байна. Тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас гаднын улс оронд эмчилгээ, оношилгоо хийлгэх шаардлагатай байгаа тул яаралтай хилийн хоригийг нь цуцалж өгөх хүсэлтийг гаргасан аж. Харин уг хүсэлтийг шүүх өчигдөр буюу хоёрдугаар сарын 07-ны өдөр хэлэлцээд Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарын хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. 

Ташрамд өгүүлэхэд,   өнгөрөгч 2023 оны арваннэгдүгээр сард ногоон автобусны хэргээр 11 иргэний 16 объектод нэгжлэг хийж, 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа талаар АТГ-аас мэдээлсэн байдаг. Улмаар хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар 134,5 тэрбум төгрөг хэмээн тогтоосон бөгөөд мөрдөгчид 11,9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан  гэх мэдээллийг өгч байсан юм.

эх сурвалж isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *