Б.Гарамгайбаатар, Д.Зоригт нарын “амилуулсан” заалтыг Г.Занданшатар авч хаях саналаа Л.Оюун-Эрдэнэд гаргав
“Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвтэй нийтийн өргөдлийг УИХ-ын цахим системд 2024.01.22-ны өдөр гаргаж, 100167 иргэний дэмжлэг аваад байна.
Энэхүү санал 100 мянга гаруй хүний дэмжлэг авсан тул УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх болсон талаараа УИХ-ын дарга Г.Занданшатар Сар шинийн баярын өмнө мэдэгдэж байв.
Тэгвэл Хөрөнгө оруулалтын хуулийн “аюултай” заалтыг амилуулахгүй байх нүүдлийг УИХ-ын дарга Г.Занданшатар сэджээ.
Тодруулбал, тэрбээр УИХ-ын гишүүний хувиар 2013 онд батлагдсан “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-д заасан гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн байна.
Ингэхдээ “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-д өөрчлөлт оруулах тухай
1 дүгээр зүйл: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг “Газрын тухай” гэснийг хассугай.
2 дугаар зүйл: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
гэжээ.
Энэхүү хоёр хуудуутай хоёр заалт 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд багтсан байдаг.
Манай улс анх 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуультай болж байсан. Дараа нь 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдаж, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль хүчингүй болсон түүхтэй. Одоо 2013 оны Хөрөнгө оруулалтын хуулийг дагаж мөрдөж буй.
1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд:
“Гадаадын хөрөнгө оруулалттай ААН-д газар ашиглуулах гэрээний үндсэн хугацаа тухайн ААН-ийн үйл ажиллагаа явуулах хугацаагаар тодорхойлогдоно. Газар ашиглах гэрээний хугацаа үндсэн хугацаа эхний ээлжинд 60 жилээс илүүгүй байна. Газар ашиглуулах гэрээний хугацааг гэрээнд заасан анхын нөхцөлөөр нэг удаа 40 жилээр сунгаж болно” гэж зааж байв.
2013 оны “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд:
Татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгт Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах”-аар зохицуулсан.
Энэ нь 2002 онд батлагдсан Газрын тухай хууль болон, Үндсэн хуульд заасан холбогдох заалтуудыг зөрчсөн байдаг.
Тухайн үед ЭЗБХ-ны даргаар Б.Гарамгайбаатар, Ажлын хэсгийн ахлагчаар Д.Зоригт нар ажиллаж байжээ. Ажлын хэсгийн түвшинд газар ашиглах гэдэг үгийн араас эзэмшүүлэх гэх үгийг нэг бүлгээс гэнэт шургуулж оруулж ирснээр ийм ноцтой заалт бий болж байжээ.
Хэрэв спикерийн УИХ-ын гишүүний хувиар гаргасан өөрчлөлт дэмжигдэж батлагдвал Газрын тухай хууль, Татварын хууль зэргээр “газрыг 60 жилээр эзэмшүүлэх” заалт амилах аюулгүй болох юм.
Энэхүү өөрчлөлтийг УИХ-ын 2024 оны хаврын чуулган эхлэхээр хэлэлцэх чигтэй. Хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхлэх товтой байна.