Азын дугаар дамлаж, 100 саяын ашиг олсон гэх ЗТХЯ-ны мэргэжилтэн Б.Энхтуяа нарт тав хүртэл жилийн хориг ял төлөвлөжээ
Зам тээвэр, хөгжлийн яамны мэргэжилтэн Б.Энхтуяа нь Тээврийн хэрэгслийн бүртгэлийн “Trans.dep” системд шинэ сери задрахад азын дугааруудыг захиалагдсан болгон өөрчилж хууль бусаар зарж, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл авто машинуудын азын дугааруудыг зарж, 100 орчим сая төгрөгийн хууль бус ашиг олж мөнгө угаасан хэрэг буруутгагдаад байсан Б.Энхтуяа, Н.Дөлгөөн нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Прокуророос тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэг буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 23.4-1 дэх хэсэг улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх/ гэсэн зүйл заалтаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 16-ны өдөр товлогдсон ч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хурал ирэх гуравдугаар сарын нэгний өдөр хүртэл хойшилсон байна.
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 1-д “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”.
Мөн хуулийн 23.4 дүгээр зүйл. Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх 1-д “Нийтийн албан тушаалтан, албан хаагч өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон бол нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.