НЭГ СЭДЭВ: “Нүхт тур”-ын гомдлоос үүдэж, МИАТ-ийн зорчигчид хоолгүй нисэх нөхцөл бүрджээ
МИАТ-ийн хоол гэж байхгүй болоод 15 жил болж байгаа. Учир нь 2009 онд тухайн үеийн МИАТ-ийн удирдлагууд хоол үйлдвэрлэлдээ ашиглаж байсан барилга, тоног төхөөрөмжөө Н.Хандсүрэн гэх эзэнтэй “Нүхт тур” компанид шилжүүлснээр МИАТ-ийн зорчигчдын хоолыг энэ олон жилийн хугацаанд Н.Хандсүрэн нар тасралтгүй нийлүүлж ирсэн талаарх баримтыг бид өмнө нь дэлгэж байсан билээ.
Тэгвэл өдгөө “Нүхт тур”-ын гомдлоос үүдэж, МИАТ-ийн зорчигчид хоолгүй нисэх нөхцөл бүрдээд байгаа талаарх мэдээллийг “Нэг сэдэв” буландаа онцолж байна.
ВИДЕО:
https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FIsee.mn%2Fvideos%2F920020792770810%2F&show_text=false&width=560&t=0
“Нүхт тур” компани нь 15 орчим жил МИАТ-ийн хоолыг нийлүүлж байсан бас нэгэн шалтгаан нь “Агаарын тээврээр зорчигчдын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлага” гэх стандарт байжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “Нүхт тур” компанийн эцсийн өмчлөгч Н.Хандсүрэн нь тухайн стандартыг боловсруулж, батлуулсан гэх бөгөөд тус стандартын 4.1.2 дугаар хэсэгт “Катерингийн үйлдвэрлэлийн барилга байгууламж нь Олон улсын Нисэх буудлын Аюулгүй байдлын хөтөлбөрийн дагуу тухайн нисэх буудлын хамгаалагдсан бүсэд байрлан, тусгай зориулалтын хяналтын төхөөрөмжөөр тоноглогдсон хамгаалалтын албатай байна” гэх заалт байсан байна.
Энэ заалт нь өрсөлдөөнийг хязгаарлаж байна хэмээн үзэж, 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн С/26 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулж, уг заалтыг өөрчилсөн байна.
Гэтэл “Нүхт тур” ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ мөн л өөрсдөдөө зориулан батлуулсан байж магадгүй “стандарт” гэх зүйлээ давуу байдал болгосон байх аж. Тодруулбал, “Нүхт тур” нь олон улсын нислэгийн зорчигчдын хоолыг хийхээр шалгарсан “Ред рок катеринг” ХХК нь MNS 6875:2020 “Агаарын тээврээр зорчигчдын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлага” гэсэн дотоодын стандарт байхгүй. Харин “Нүхт тур” бол бүхий л төрлийн гэрчилгээтэй, стандартад нийсэн компани гэх агуулгатай зүйлийг дурдсан байна.
Тэд энэ мэтээр магадгүй өөрсдийн боловсруулсан стандартаа давуу байдал болгож ирсэн учраас МИАТ маргаан дагуулаад байгаа тендерээ “Нийтийн хоолны чиглэлээр туршлагатай компани” гэж зарласан байж магадгүй байгаа юм. Энэ нь өрсөлдөөнийг бий болгож, үйлчилгээ сайжирна гэж тэд үзсэн байхыг үгүйсгэхгүй. “Нүхт тур” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “МИАТ-ээс зарласан зорчигчдын хоол, үйлчилгээ үзүүлэх тендерийг бүхэлд нь хүчингүй болгуулах, тендерт шалгарч, гэрээ байгуулсан “Рек рок катеринг” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгох, тендер шалгаруулалтыг дахин явуулахыг МИАТ-д даалгах зэрэг нэхэмжлэл гаргасан байна.
Ингэхдээ “Шүүхээс тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, МИАТ-ийн “Рек рок катеринг” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгосон нөхцөлд тус гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй бөгөөд эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэж байна. Энэ нөхцөлд МИАТ ТӨХК-ийн зүгээс дараагийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах хүртэл МИАТ ТӨХК-ийн манай “Нүхт тур”-тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэвээр эрх зүйн үйлчлэлтэй үлдэнэ. “Нүхт тур” зорчигчдын хоолыг үргэлжлүүлэн хангахад татгалзах зүйлгүй, хүний нөөц, тоног төхөөрөмжийн хувьд бэлэн байгаа” гэжээ.
Товчхондоо, “Нүхт тур” МИАТ-ийн тендерийг хүчингүй болгож, тендерт шалгараад байгаа компанийн гэрээг хүчингүй болгуулаад өөрсдөө зорчигчдын хоолыг нийлүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурджээ. Гэтэл энэ бүх асуудлаас үүдэж, өдгөө МИАТ-ийн зорчигчид хоолгүй нисэх нөхцөл бүрдээд байгаа юм. Ер нь “Нүхт тур” компани нь МИАТ-ийн катерингийн үйлчилгээг цаашид ч байнга үзүүлж байх мөнхийн хүсэлтэй байсан байж болзошгүй байгаа юм. Учир нь тухайн компани нь Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудлын катерингийн төвийн барилгыг концессын гэрээгээр барьсан Скайкатеринг компанитай хамтран ажиллахаар 11 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Үргэлжлэл бий…