Н.Учрал: Төрийн ажлаа хийж буй хүн бусдаас чихэр, набор горьдох байдлыг халж, хүнд суртал, авлигыг бууруулахын тулд цахимжих бодлогыг заавал хийх ёстой /ШУГАМ/

0

Энэ удаагийн “Шугам” нэвтрүүлэгт маань Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайд Н.Учрал оролцлоо. Тэрээр 2020 оноос эхлүүлсэн Монгол улсын цахимжах бодлого, үйл явц, энэ хугацаанд тулгарсан асуудал, шийдэл болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

-Сайн байна уу, та бүхний ажиллаж байгаа засгийн газрын нэг авууштай чанар нь “монгол улсыг цахимжсан улс” болгож байгаа явдал. Миний санаж байгаагаар 2019 онд та бүхэн Эстони улс руу зөвлөх үйлчилгээ авахаар явсан байдаг. Эстони бол дэлхийд цахимжсан засаглалаараа тэргүүлдэг улс. Тэгэхээр 2019 онд хийсэн та бүхний энэхүү айлчлал монгол улсыг цахимжсан улс болгох нэг эхлэл байсан уу гэж асуумаар байна?

-Эстоны цахим засаглалын академи гэдэг байгууллага нь дэлхийн улс орнуудад зөвлөгөө өгдөг байгууллага л даа. Тухайн үед манай харилцааны холбооны салбарын удирдлагууд хамтдаа айлчлал хийж байсан юм. Тэгэхэд Эстони улсын талаас биднээс асууж байсан “энэ бараг та нарын 14 дэхь айлчлал байх аа” гэж. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд манай улсаас 13 удаа тус улсаас туршлага судлах гээд айлчилж байсан байгаа юм.

-Эстони шиг цахим засаглалтай болохын тулд Засгийн газрын зүгээс ямар хуулийн төсөл өргөн барьж, их хурлаар батлуулав?

-Эстони улсын эдийн засгийн гол хөгжил нь өөрөө цахим засаглал дээрээ явдаг. Тийм ч учраас цахим хөгжил, эдийн засаг хоёроо нэгтгээд “Цахим хөгжил, эдийн засгийн яам” болгочихсон. Бидний хувьд хууль боловсруулах тийм ч амар байгаагүй. Тийм ч учраас зөвлөх үйлчилгээний дагуу ажлаа эхэлсэн. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хэд хэдэн хууль байгаа нь “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”, “Хувь хүний мэдээлэл хамгаалах хууль”, “Цахим гарын үсгийн хууль”, “Кибер аюулгүй байдлын хууль”, “Виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль” гэсэн таван хуулийг Инноваци, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байх үедээ Их хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг ахалж батлуулсан.

Улс орон цахимжхад мэдээллийн ил тод байдал их чухал. Биометр, генетик мэдээллүүдийг дуртай хэн нэгэн нь ашиглаад, хурууны хээ уншуулаад замбараагүй хэрэглэдэг байсныг зогсоосон. Одоогоор 1200 үйлчилгээ үзүүлдэг “E-Mongolia” аппликейшнийг иргэд ашиглаж байна. Гэхдээ иргэд жолооны үнэмлэхээс авхуулаад цахим бичиг баримтуудаа ашиглаад явах гэхээр замын цагдаа болон бусад төрийн байгууллагууд цаасан бичиг баримтуудыг давхар нэхээд байдаг асуудал байгаа. Гэтэл “Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль”-нд “цахим болон цаасан баримт бичиг зөрвөл цаасан баримтанд тулгуурлана” гэсэн заалт байдагтай холбоотой. Тиймээс бид энэ үгээ өөрчилж өгөхийг “Хууль зүйн яам”-наас хүссэн. Энэ мэт банк, санхүү, өргөдөл гомдолтой холбоотой хуулийн заалтууд цахимжих үйл явцтай зөрчилдөж, асуудал болоод байгаа.

Энэ асуудлыг шийдэх явцад нийт 109 салбарын хуулийн заалт хөндөгдөж, тухайн бүх салбарын хуульд өөрчлөлт оруулсан. Бараг цахим хувьсгал хийсэн гэж хэлж болно. Одоо үлдсэн хамгийн том ажил бол “шүүхийн процессыг цахимжуулах” ажил. Бидний яриад байгаа түгжрэлийг бууруулахад дам нөлөөллөөр салбар бүхэн хувь нэмрээ оруулах ёстой. Жишээлбэл, хотын захаас хотын төв рүү ирж шүүх хуралдааны товыг өөрчлөхөд, төрийн үйлчилгээ авах гээд Дүнжингарав явахад, хорооны байр луугаа очиход гэх мэтээр дам дамаа энэ ажлууд түгжрэлд нөлөө үзүүлж байгаа. Тиймээс ч бид 100 гаруй түргэн үйлчилгээний киоск машиныг хотод байрлуулсан.

-Би нэг тоо баримт ярьмаар байна. Иргэд “E-Mongolia” бол энэ засгийн газрын цахимжилт гэж үзэх байх. “E-Mongolia” бол “ХУР” систем, “ДАН” систем хоёрын холбоосыг нэгтгэж өгч байгаа аппликейшн шүү дээ. Монгол улс “ХУР” болон “ДАН” системийг нэвтрүүлснээр НҮБ-ын цахим засаглалын индексээр 18 байраар урагшилсан байна. Энэ бол засгийн газрын цахимжилтын үр дүн байх?

-Мэдээж энэ бол их хурлын хамтын ажиллагаа, засгийн газрын манлайлал, цахим засаглалд оруулж байгаа хөрөнгө оруулалт бүрийг үнэлсэн явдал. НҮБ-ын цахим засаглалын индексээр 92-74 дэхь байранд шилжсэн нь маш том урагшлалт.

-Засгийн газар авилгатай тэмцэхийн тулд “5Ш” ажиллагаа хөтөлбөрийг зарласан. Үүн дотроос “шил ажиллагаа” нь танай салбарт хариуцагдаж байгаа гэж би хувьдаа бодож байгаа. Монгол улсын иргэн хүн Үндсэн хуулийн 16.17-д “төрийн нууцаас бусдыг мэдэх эрхтэй” гэж заасан байдаг. “Шил ажиллагаа” магадгүй зарлагдаагүй, shil.gov.mn гэх вебсайтад төрийн сангаас хэн зээл авдаг вэ гэх мэдээлэл байрлаагүй бол Үндсэн хуулийн дээрх заалт хэрэгжихгүй л байсан. Гэхдээ одоо хэрэгждэг болсон. Тэгэхээр “шил ажиллагаа” цаашдаа үргэлжлэх үү?

-Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хуулиар 68 мэдээллийг ил болго гэх хууль байдаг. Энэ хууль хэрэгжиж эхлээд зургаан сар болоход аль ч төрийн байгууллага мэдээллээ явуулахгүй байсан. Сайтууд руу нь ороод харахаар хэн ч ойлгохгүй “excel” программ дээр хийсэн файл тавьчихсан. Тэр нь огт шинэчлэгддэггүй. Тиймээс бид “Шил” ажиллагааны хүрээнд хуулийн дагуу “энэ мэдээллүүдээ ил болго, үүнийг ил болгохгүй бол авилгатай тэмцэх бодлогод дэмжлэг үзүүлэхгүй байна гэж үзнэ” гээд хугацаатай үүрэг өгчихсөн юм.

Гэхдээ энэ ажиллагааны хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа, үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, компаниудыг огт буруутгаж, онцлох гэсэнгүй. Зөвхөн “ил байгаач ээ” л гэж байгаа юм. Ингээд энэ ажиллагааны хүрээнд нийт 975 мянган мөр статистик мэдээлэл бий болж, тус мэдээллийг Авилгатай тэмцэх газар хүлээлгэж өгсөн. Авилгатай тэмцэх хамгийн зөв шийдэл нь технологи байдаг юм байна. Хүн байгаа цагт заавал ямар нэгэн найраа, авилга хээл хахууль байдаг юм байна. Хэдий болтол төрийн үндсэн ажлаа хийж байгаа хүн бусдаас набор, чихэр горьдох юм бэ. Энэ асуудлуудыг халахын тулд цахимжих бодлого заавал байх ёстой.

-Та бүхний Монгол улсыг цахимжуулах их үйлсэд амжилт хүсье.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *